- Ямартай ч ОУВС-гийн зөвлөснөөр долоон төрлийн татварыг нэмэх үү, энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү гэх мэт эдийн засгийн болоод улс төрийн эрсдлээ тооцоолох шаггүй бодлогынхоо хариуг эрх баригчид хэзээ гаргах нь тодорхойгүй байна. Хүлээлт үргэлжилсээр...-
УИХ-ын ээлжит хаврын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, ОУВС-тай тохирсон зарчмуудыг хуульд тусгах асуудлыг хэлэлцэхээр болсон ч эрх баригч намын удирдах байгууллага энэ талаар улс төрийн шийдэлд хүрээгүй гэх мэдээлэл байна. Засгийн газар эдийн засаг, ялангуяа төсөв хүндэрсэн өнөөгийн нөхцөл байдалд эрчим эмчилгээ хийхээр ОУВС-тай хатуу нөхцөл бүхий хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа ч УИХ-ын зүгээс үүнийг нь дэмжих талаар санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн гэхэд болно. Уг нь УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулган завсарлах үеэр л ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж дуугарч байсан ч ердийн хуваариар хаврын чуулганаа хуралдуулах, тэр хүртэл асуудлыг шийдэлгүй үлдээх хувилбарыг эрх баригч намын даргын хувиар сонгоод байна.
ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар тохиролцсон талаарх мэдээллийг хоёрдугаар сарын 19-нд хоёр тал хамтдаа ширээний ард сууж байгаад олон нийтэд мэдээлснээс хойш даруй нэг сар өнгөрч байгаа ч УИХ-ын байр сууриас хамааран асуудал эцэслэн шийдэгдээгүй хэвээр. Төсөв, санхүүгийн хатуу сахилга бат, татвар, халамжийн чанд бодлогыг зөвлөж буй ОУВС-гийн нөхцөлийг зөвшөөрөх нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх олон нийтийн санаа бодолд нөлөөлж, эрх баригч намд хасах оноо авчирна гэсэн болгоомжлол үүний цаана нуугдаж байгаа гэж ажиглагчид дүгнэж эхлэв. Шуудхан хэлэхэд ард түмэнд амласнаасаа ухрахад хүрээд байгаа МАН-д улс төрийн эрсдэл үүсгэх учраас М.Энхболд эргэлзээнд оржээ гэх дүгнэлт энд тэнд үзэгдэх нь олшров. Үүнээс үүдээд ОУВС-гийн хөтөлбөрөөс татгалзаж магадгүй гэх таамгийг дэвшүүлэж байгаа эх сурвалж ч бий.
Яг энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад айлчлах болсон тухай мэдээлэл цацагдсан нь дарин дээр давс нэмж, ОУВС-гийн хөтөлбөрөөс өөр хувилбарыг хайж байна гэх таамгийг бүр ч дэврүүлэх шинжтэй. Юутай ч одоогоор МАН-ын даргын хувиар М.Энхболд ОУВС-гийн хөтөлбөр, түүний нөхцөлийн талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа бөгөөд МАН-ын Удирдах зөвлөлөөр энэ талаар огт хэлэлцээгүй гэх мэдээлэл буй юм.
Засгийн газар хурдгүй ажиллаж байгаа нь нэг талаар УИХ-аас хамаарч буй мэт харагдаж эхэллээ. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах эцсийн шийдээ хэлэх ёстой хугацаа нь болчихоод байх атал "Дүүриймаа” ажиллагааг таслан зогсоох гэх мэт аар саар ажлаар оролдож, намынхаа даргын амыг харж сууна.
Ямартай ч ОУВС-гийн зөвлөснөөр долоон төрлийн татварыг нэмэх үү, энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү гэх мэт эдийн засгийн болоод улс төрийн эрсдлээ тооцоолох шаггүй бодлогынхоо хариуг эрх баригчид хэзээ гаргах нь тодорхойгүй байна. Хүлээлт үргэлжилсээр...
Харин энэ хүлээлтийн хугацаанд Сангийн яам амжаад шинэ бондыг олон улсын зах зээлд амжилттай гаргасныг хэлэх хэрэгтэй. Гуравдугаар сарын 21-н гэхэд төлөх ёстой 580 сая ам.долларын бондын өрөөс 476 саяыг нь долоон жилийн хугацаатай шинэ бондоор сольж, 124 сая ам.долларын бондыг шинэ хөрөнгө оруулагчдад худалдаж амжсан нь ОУВС-тай хамтран ажиллахаа мэдэгдсэнтэй шууд холбоотой байв. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд валютын нөөцөд гар хүрэлгүйгээр бондын өрийг шийдвэрлэсэн оноог өөртөө авч үлдэж чадлаа. Үр дагаварт нь валютын ханш үл ялиг буурав. Төгрөгийн ханшийг тогтвортой барьсан гэх оноо Монголбанкны Ерөнхийлөгчид ч бас очиж таарна. Ханшийн савлагаанд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл болох "хүлээлт”-ийг тэд эергээр жолоодсон нь ОУВС-гаас 440 сая ам.доллар орж ирнэ гэх мэдээллийг амжиж зарласантай бас л холбоотой.
Нөгөө талаар хүлээлтийн цаана дахиад өөр хожоо гаргах санаархал ч байж магадгүй юм. Уг нь ОУВС-гийн санхүүжилтын эхний хэсгийг авахын тулд төсвөө тодотгох, төсөвтэй адилтгах бусад эх үүсвэрүүдээ зогсоох, арилжааны банкууддаа хөндлөнгийн аудит оруулах ёстой. Засгийн газарт эдгээр даалгавраа гүйцэтгэх боломжийг УИХ олгохгүй хугацааг хойш нь татаж байгаа нь санаандгүй зүйл биш бөгөөд ингэсээр Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөрөөж байгаад шийдвэр гаргах гэж байж мэднэ гэх таамгийг зарим эх сурвалж дэвшүүлж байна.
Эх сурвалж:
ОУВС-гийн хөтөлбөр ба ХҮЛЭЭЛТ
2017/03/20 11:03
Сэтгэгдэл