Британийн эрдэмтэн өнгөрсөн бямба гаригт хүчтэй газар хөдлөлт болж 40 сая хүн амиа алдана хэмээн мэдэгдсэн билээ. Түүний таамаглал биелээгүй бөгөөд энэ тухай Америкийн "www.express.co.uk” сайт мэдээлжээ.
Өнгөрөгч долоо хоногийн хамгийн дуулиан тарьсан мэдээлэл бол газар хөдлөлтийн үеэр 40 сая хүн амиа алдах байлаа. Их Британийн цөмийн эрдэмтэн Мехрана Кеше "Дэлхийн баруун хэсэгт томоохон хэмжээний газар хөдлөлт болж, дэлхийн хүн төрөлхтөн аюулд орно” хэмээн мэдэгдэж, хормын төдийн реалити шоуны од Ким Кардашианаас дутахааргүй интернэтийн баатар болов.
Мехрана Кеше "Энэ сарын 17-ны 12.00 цагт баллаар хэмжих аргагүй газар хөдлөлт болж, Хойд болон Өмнөд Африк голоороо хуваагдаж, хүчтэй цунами Мексикийн булан, Карибын тэнгист их хэмжээний хохирол учруулж, Хятад, Японыг чиглэх болно. Энэхүү байгалийн гамшгийн үеэр хамгийн багадаа 40 сая хүн амиа алдана” гэж мэдэгджээ.
Эрдэмтэн хүчтэй газар хөдлөлт болохыг Америкийн удирдлагуудад сануулж, 12 минутын видео бичлэг илгээсэн юм. Тус бичлэгт Кеше "Калифорни мужид сүүлийн 30 жил тохиогоогүй 6.5 баллын газар хөдлөлт болно. Хойд Америкийн зарим нутагт 8-9 баллын хүчтэй газар хөдлөлт болно. Газар хөдлөлтийн үеэр бүх барилга нурж, зам хуваагдах болно” гэжээ. Тэрбээр "Энэ яриаг сонсоод хүмүүс намайг сэтгэцийн өвчтэй эсвэл тэнэг гэж магад. Гэхдээ би үндэслэлгүй мэдээлэл хийхгүй. Би олон жил явуулсан судалгааны үр дүнд хүчтэй газар хөдлөлт болохыг тогтоосон. Энэ бол хоосон яриа бус” гэсэн байна. Энэхүү бичлэгийг "Youtube.com” сайтаас 2.5 сая хүн үзжээ.
Газар хөдлөлтийн үеэр Америкийн 20 сая иргэн амиа алдах эрсдэлтэй гэдгийг эрдэмтэн онцолжээ. Олныг төөрөгдөлд оруулаад буй тус мэдэгдэл, видео бичлэгийн дараа олон мянган иргэн хорогдох байранд хоносон гэх мэдээллийг "AFP” агентлаг өгөв. Британийн хэвлэлүүд дээрх мэдэгдлийг хийсэн эрдэмтэнг зөн билэгтэн, төлөгч, сүнстэй харилцлагч гэх мэтээр мэдээлж, нэр төрд нь халдсан байна. Эрдэмтэн дээрх мэдэгдлээ өөрөө зохиогоогүй, удаан хугацааны турш явуулсан судалгаа, шинжилгээний явцад тогтоосон гэдгээ илэрхийлжээ. Түүнээс гадна Голландын эрдэмтэн Фрэнк Хугербитс хүртэл энэ сарын 12-17-ны хооронд олон сая хүнийг үхэлд хүргэх газар хөдлөлт болно хэмээн сануулсан байна.
Азаар Кеше алджээ. Учир нь түүний хэлсэн шиг энэ сарын 17-нд газар хөдлөлт болсонгүй. Америкийн эх газар хуваагдаж, Карибын тэнгисийн орнууд усанд автаж, Хятад болон Япон улс хохирол амссангүй. Хамгийн гол нь 40 сая хүн амиа алдсангүй. Үхэл эсвэл байгалийн гамшиг зэргийг урдчилан мэдэх боломжгүй гэдгийг дахин баталлаа. Кеше алдартай болохыг хүссэн эсвэл үнэхээр газар хөдлөлт болохыг зөгнөсөн гэдгийг хэн ч мэдэхгүй ч тэрбээр алджээ.
Дэлхий эргэдгээрээ эргэж нэгэн өдөр өнгөрлөө. Аравдугаар сарын 17-нд юу ч болсонгүй. Байгалийн гэнэтийн үзэгдэл гэвэл зарим улсад цочир хүйтэрлээ. Энэ бол өвөл ирж буйн дохио. Энэ өдөр юу болоогүй, өмнөх өдрүүд шиг улс төрийн хувьд тогтворгүй өдөр тохиов. Ойрхи Дорнодод зэвсэгт мөргөлдөөн гарч, олон сая иргэн Европын орнуудыг чиглэн эрсдэлтэй алхам хийж, Африкийн орнуудад дахин эбола бүртгэгдэж, ДЭМБ-ыг хөдөлгөөнд оруулав.
Кешегийн мэдэгдэлд итгэсэн нэгэн бий. Мөн түүнийг буруутгах хүний тоо мянгаар бус тэрбумаар тоологдож буйг хэвлэлүүд онцолжээ.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn
Сэтгэгдэл