"Лакшири Хаус” гэх компанийн эзэд болох О.Эрдэнэжаргал, Ж. Хишигбадрах нар олон иргэдийн эрх ашиг, амь насаар тоглож байна гэх мэдээллийг хохирсон иргэдийн төлөөлөл хэвлэлийнхэнд өгөөд байгаа юм. "Тансаг зэрэглэлийн орон сууц санал болгож байна” гэсэн зар сурталчилгааг 2013 оноос эхлэн явуулсан "Лакшири Хаус” гэх компанид залилуулсан иргэдийн тоо 60 болсон аж.
Барилгынхаа метр квадратыг 1.7 сая төгрөгөөр тооцож иргэдээс урьдчилгаа 10 хувийг авсан ч, өнөөдөр захиалга өгсөн иргэдийн хувьд мөнгөө эргүүлж авч чадахгүй байдалтай байгаа юм байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын тогтоосноор хохирлын хэмжээ есөн тэрбум төгрөг болсон аж.
Уг нь хохирогчид уг асуудлаар 2015 оны гуравдугаар сараас эхлэн СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж эхэлсэн боловч тус компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж дахин захиалга авах аргаар хохирогчдын тоог нэмэгдүүлсээр өдийг хүрчээ. Тэрчлэн СБД-ийн Прокурорын газраас уг хэргийг энэ оны гуравдугаар сарын 24-ны өдрийн 326 тоот тогтоолоор иргэний хэрэг хэмээн хэрэгсэхгүй болгосон юм байна.
Байрны урьдчилгаа мөнгөө өгөөд хохирсон иргэд Нийслэлийн Прокурорын газарт хандсан юм байна. Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд зарим хохирогч нарын нэхэмжилд иргэний хэргийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч, Нийслэлийн ШШГА ажиллагаа удааширлтай явагдснаас болж төлбөр төлүүлэх үйл ажиллагаанд битүүмжлэгдсэн эд хөрөнгө бусдад шилжиж төлбөр төлөх боломжгүй болжээ. Үүнд эрүүгийн хэргийн 258.2 дахь хэсэгт заагдсан " Шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийсэн” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн боловч мөн л СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэгсэхгүй болгох саналтайгаар дүүргийн прокурорын газарт хүрүүлсэнд гомдолтой байгааг хохирогчид нь хэвлэлийн хурлын үеэр хэлж байлаа.
Өмгөөлөгч Г.Батбаярын хэлснээр орон гэргүй болсон нэг хүн амиа хорлож, нэг хүний биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдсэн гэж байлаа. "Лакшири Хаус” гэх компаниас болж хохирсон 60 хохирогчийн ард 300 гаруй хүн орон гэргүй болсон гэх мэдээллийг өгсөн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл