Зөөлөн хүчний хатуу чанар


Зөөлөн хүчний хатуу чанар

Реппер 50 цент хэдэн жилийн өмнө MTV-гийн нэгэн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа "Татар” хэмээх монгол хамтлагт дуртайгаа дурдсан нь бий. НҮБ- ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганы хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсын Морин хуурын чуулга гоцолж байв.

Оскарын шагнал гардуулах 77 дахь удаагийн ёслолын баримтат киноны төрөлд Д.Бямбасүрэнгийн "Ингэн нулимс” нэр дэвшсэн нь Монголын хувьд анхны тохиолдол. Өнгөрсөн зун гэхэд сонгодог урлагийн ертөнцөд чухалд тооцогддог "BBC Cardiff Singer of the world”, П.Чайковскийн нэрэмжит уралдааны од Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар байсан нь одоо ч мартагдаагүй. Энэ мэт жагсаавал чамгүй урт болно. Хэдийгээр уран бүтээлчид өөрсдийн авьяаснаас үүтгэн эрмэлзэл, тэмүүллээрээ тодордог ч хилийн цаана Монгол хэмээх нэрийг л дангаар төлөөлдөг.

Урлаг соёл гэдэг уг улсын нэрийн хуудас. Уран бүтээлчид бол нэг талаар энх цагийн дайчид хэмээхийн учир энэ. Тиймээс Гадаад хэргийн яамнаас "Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хүрээнд соёл урлагийн салбарыг тусгайлан, нухацтайгаар авч үзэж эхэлж буй юм билээ. Ингэхдээ БСШУЯ болон холбогдох бусад газартай хамтарч байгаа гэнэ. Тэгвэл Монгол Улсыг соёл урлагаар дамжуулан гадаадад сурталчлахад ямар асуудлууд байна вэ? Уран бүтээлчид үүнийг хэрхэн харж байна вэ? Урлагийн салбарынхан болон бодлого тодорхойлогчид санал нэгдэж байна уу?

НЭРИЙН ХУУДАСНЫ ЦААНА

Соёлын дипломат харилцаа нь улсын гадаад бодлогын зөөлөн хүч болдог тухай урлаг судлаач Ж.Бодьбаатар онцолж байна. "Алив хүссэн зүйлээ албадлагаар бус, харин анхаарлыг татах замаар олж авах нь зөөлөн хүч юм. Холбоотнуудын хоорондын харилцаа, соёлын солилцоо, эдийн засгийн тусламжийн замаар зөөлөн хүчийг хэрэгжүүлнэ. Эргээд энэ нь тухайн улсын талаар эерэг төсөөллийг бий болгох, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх шинж чанартай” хэмээн тэрбээр тайлбарлав.

Улсаа соёл урлагаар гадаадад сурталчлах нь зөөлөн хүчний бодлого

Танд энэ тодорхойлолт юуг санагдуулж байна вэ? Холливудын блокбастер кинонууд, Азийн к-поп дуучид, Солонгосын түүхэн киноны цувралууд, Өрнийн хээнцэр догь хөгжим хийгээд залуусын тухай төсөөллүүд бууж байна уу? Тэгэх нь ч аргагүй бөгөөд тэд зорилгоо хэдийнэ биелүүлжээ гэсэн үг. БНСУ- д гэхэд Ерөнхийлөгчийн дэргэдэх үндэсний брэнд бүтээх зөвлөлөөс 1990-ээд оны сүүлчээс эхлэн "Hallyu” буюу "Солонгос давлагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ нь өдгөө хүчээ улам бүр авсаар байгааг батлахын тулд цонхоороо харах, эсвэл зурагтаа асаахад л хангалттай. Тэгвэл Япон "Cool Japan” соёлын хөтөлбөрийг 2002, Их Британи "Cool Britannia”-г 1997, Австралийн Засгийн газар "Creative nation” соёлын хөтөлбөрөө 1994 оноос хэрэгжүүлж байна буй. Өөрөөр хэлбэл, соёл урлагаар дамжуулан бусад оронд хэрхэн нөлөөллөө тогтоож, хүссэнээ хийлгүүлэхийн зэрэгцээ эерэг дүр бүтээхийг эрмэлзэх нь эдгээр хөтөлбөрийн цөм. Харин бидэнд юу байна вэ?

Монголын урлагийг гадаадад хэрхэн сурталчлах, түүгээр дамжуулан юуг өөрчлөх тухайд тогтсон бодлого, дүрэм журам үгүйг СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал Д.Даваасүрэн хүлээн зөвшөөрч байна. Тэрбээр ГХЯ-наас боловсруулж буй хөтөлбөрт зориулан судалгаа хийж, дүгнэлт гаргасан юм. "Салбар бүрийн яамдад гадаад харилцаа, сурталчилгааны алба, мэргэжилтэн байна. Гэсэн ч идэвхгүй ажиллагаатай, хоорондын холбоо харилцаагүй, нэгдмэл биш байгаа нь анзаарагдсан. Гадаад харилцаа ба соёл урлагийн тухай баримт бичиг гэхэд Соёлын хамтын ажиллагааны гэрээгээр хязгаарлагдах талтай. Ерөнхийдөө энэ чиглэлд нэгдсэн бодлого, хөтөлбөр ихээр дутагдаж байна” хэмээн доктор Д.Даваасүрэн ярилаа.

ЗӨВХӨН АРДЫН УРЛАГ БИШ

Соёл урлагаар дамжуулан Монголыг гадаадад сурталчлах ажлын цөм нь агуулга буюу бүтээл. Бид өөрсдийгөө агуу их түүх, соёлтой хэмээн бахархдаг. Гэвч үнэндээ ардын урлаг маань сүүлийн үед явцуурах шинжтэй болсон. Гадаадад ч, дотоодод ч ардын бүжигчид, хөгжимчид л "нүүр тахалдаг” нь хэвээр. Нөгөө талаас, түүх соёлоороо ижилсдэг Өвөр-монгол гэхэд Хятадын мэдэлд бий. Тийм ч учраас ЮНЕСКО-д бүртгүүлэх соёлын өвөө хоёр улс булаацалдах хэрэг байнга гардаг. Тэгээд ч зөвхөн ардын язгуур урлагаар өнөөгийн хурдтай, технологийн эринд бид хол явж чадах уу?

Энэ асуултад хүн бүрийн хариулт адилгүй байна. "Морин хуур, уртын дууг гадаад сурталчилгааны брэнд бүтээгдэхүүн болгож, "Хуурын татлага”, "Уяхан замбуутивийн наран” зэрэг монгол агуулгын уралдаан зарлаж болох юм” хэмээх саналыг Соёл урлаг судлалын хүрээлэн гаргаж байна. Харин Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн Б.Цогтбаяр үүний эсрэг бодолтой сууна. "Хаана ч очсон Монголын соёл урлагийн хөтөлбөр гэхээр нөгөө л ардын урлагийн хэд явж байх юм. Үнэндээ тэднийг голдуу сайд дарга нар, албан тушаалтнууд үзэхээс биш, тухайн орны олон нийтэд хүрч чадахгүй учраас сайн сурталчилгаа болохгүй” хэмээн тэрбээр дүгнэв. Тэгвэл шинэ хөтөлбөрт зөвхөн ардын урлаг давамгайлах бус, кино, театр, орчин цагийн хөгжим, дүрслэх урлаг, цирк тэргүүтэй бүх салбарыг багтаахыг ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг онцолсон юм.

Гэхдээ энэ бол зөвхөн сонголтын тухай асуудал биш. Тухайлбал, дэлгэцийн урлаг бол гадаад сурталчилгаа хийгээд соёлын зөөлөн хүчний чухал хэрэглүүр. Саяхнаас манай кино уран бүтээлчид дэлхийн тавцанд ажиллаж эхэлж байгаа нь сайны дохио хэмээн мэргэжилтнүүд үздэг. Гэтэл өөрсдийн киног гаднынханд үзүүлэх гэхээр хамгийн эхний шаардлага болох орчуулгын асуудал хөндөгддөг тухай сэтгүүлч, найруулагч Г.Золжаргал ярилаа. "Чимх давс, үмх мах гэдгийг орчуулах хүн одоогоор бараг алга” хэмээх юм. Тэрчлэн ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн хятад судлаач Я.Ганбаатартай хамтран "Хүннү” хэмээх зургаан ангит кино бүтээжээ.

Тус бүтээлийн хэсгээс үзсэн Тайванийн телевиз бүтнээр нь цацах гэсэн ч Монголын талаас мэргэжлийн орчуулагч хөлслөх зардал гаргаж чадаагүй учраас ажил болж чадаагүй байна. Мөн Вьетнамд Монголын соёлын өдрүүдээр төв телевизээр нь монгол кинонууд цувралаар гаргах гэсэн бас л орчуулагч дутагдсан гэнэ. "Хамгийн гол нь гадаад дахь Монголын соёл урлагтай холбогдох асуудлуудыг зангидах шаардлага өнөөдөр иржээ” хэмээн Г.Жигжидсүрэн гуайн хэлсэнтэй уран бүтээлчид санал нэгдэж байна.

ТЭД ТӨРД ИТГЭХГҮЙ БАЙНА

ГХЯ, БСШУЯ-наас Соёл урлагийн хөтөлбөр гаргасан ч түүнийг нь Засгийн газар батлах, эсэхэд эргэлзэж буй хүн цөөнгүй. Тэдний нэг нь найруулагч Ч.Найдандорж. "Энэ талаар мөрөөдөхөд маш хэцүү байна. Ганцхан хөтөлбөр баталчих бус, үндэсний сүлжээ, зөвлөл хэрэгтэй. Уран бүтээлчид нь төрийнхөө үгэнд орох хэрэгтэй. Гэтэл ихэнх дарга, сайд нар нь урлаг мэдэхгүй, зарим нь ойлгохыг ч хүсдэггүй. Энэ нөхцөлд бидэнд мөнгө баталж өгч чадах уу? Өөрсдийг нь дэмждэггүй бас мөнгөгүй төрийн үгэнд уран бүтээлчид орох уу?” хэмээн тэр асууж байна. Түүний асуултанд хариулах хүн одоогоор алга. Төрийн соёрхолт Н.Сувд, Д.Сосорбарам нар ч түүнтэй адил саналтай байгаа юм билээ.

"ГХЯ-ны ажлыг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ Засгийн газар, УИХ Соёл урлагаар дамжуулан Монгол улсыг гадаадад сурталчлах тухайд нүдгүй, дүлий хүн шиг л хандах байх гэж айж байна. Үнэхээр сайн ажил хийе гэж бодвол салбарын яам сайдынхаа багцнаас хамгийн нааштай төслүүдээ санхүүжүүлэх хэрэгтэй. Уг нь төртэй зууралдахаас илүүтэй хувийн компаниудтай гэрээ байгуулбал хавьгүй үр дүнтэй. Тэд жишээ нь дэлхийд гарах сайн киног санхүүжүүлэг, төр харин хэдэн жилдээ зарим татвараас нь чөлөөлөх зэргээр шийдэхэд дорхноо гараад ирнэ” гэж Д.Сосорбарам үзэж байна.

Тэгвэл уг хөтөлбөр боловсруулах ажлыг удирдаж буй Х.Мандахцэцэгийн хувьд итгэл дүүрэн байгаа. "Тэнд урлаг ойлгохгүй хүн байлаа ч санал авахын тулд сонгогчдод таалагдах ёстой юм хойно, энэ ажлыг ойшоож л таарна. Хамгийн гол нь бид ажиллаад, үнэхээр юм хийчих юм бол анзаарагдахгүй өнгөрнө гэж байхгүй ээ” хэмээв. Тэгээд ч энэ бол зөвхөн соёл урлагийн салбарын асуудал биш, харин зөөлөн хүч хэмээх холч ухаан, арга заль шаардсан "хатуу” бодлогын цөм нь билээ.

Б.Эгшиглэн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.