Оюутолгой хөдөлгөөнд орж ил уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн эдгээр он жилүүдэд, дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ өсч байсан тэр цаг /2010-2011/ үед бид багахан ч гэсэн мөнгө цаашаа хийчихсэн бол өнөөдөр 3000-аар нь төрийн албан хаагчдаа гудамжинд гаргаж, хувийн хэвшил 200, 300-аар нь ажилтнаа цөөлж, цалингаас нь 30 хувь хасах тухай ярьж аргаа баран суух байсан болов уу. Энэ балайрлыг эдийн засагчид уул уурхайн супер цикль гэж нэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2000 оноос өсч 2013 он хүртэл хамгийн өндөр төвшиндөө байсан тэр үе бол "супер цикль”. Гадаад зах зээлээс хэт хамааралтай, хэрэглээний эдийн засагтай Монгол Улс эдгээр эрчимтэй хөгжлийн үед буруу бодлого явуулсныхаа хар гайг өнөөдөр үүрч сууна. Хэдэн том үйлдвэр бариад, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа өөрчлөх бодлогыг тэр их мөнгө, хөрөнгө оруулалтын урсгалын үед хийх байсан юм гэж хэзээ хойно нь халаглаж сууна. Улсын төсвөөр жил бүхэн тоглож, мөрөөдлийн тоогоор орлого, зарлагаа тооцоолсон тэр их солиорол өнөөдөр бидэнд юу авчрав. Зөвхөн хямрал, ажилгүйдэл, орлогогүй, цалингаа тавьж чаддаггүй, ажлын байр нэмдэг биш хасдаг бодлогыг авч иржээ. Экспорт 2.1, нүүрсний борлуулалт 3.4 дахин буурлаа. Улсын төсөв байнга алдагдалтай, хэт халамжийн бодлогоор л өнөө маргаашаа зогоож байна.
Орлого зарлагын алдагдал нэг их наядаар тоологдож, жилд 2-3 удаа төсвөө тодотгодог болов. 2011 онд 44 хувьд хүрч байсан гадны хөрөнгө оруулалт хамгийн доод төвшинд буюу нэг хувьд хүрсэн. Ханшийн бодлого нь уян хатан бус, төлбөрийн тэнцэл байнга алдагдалтай явж ирэв. Төв банкны хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүд, ипотекийн зээлийн тогтолцоо Монгол Улсыг арай л элгээр нь хэвтүүлчихсэнгүй өнөөдрийг хүргэсэн. Гэвч төрийн хатуу бодлого, түр зуурын аргацаасан хөтөлбөр төдийхнөөр бид цаашдаа явсаар байх уу. Төсөвт мөрөөдлийн тоо тавьж, хэзээ нэг өдөр супер цикль эргээд ирнэ гэж итгэсээр байх уу гэдгийг өнөөдөр өөрсдөөсөө бас төр барьж буй эрх баригчдаас асуух цаг нь болсон байна. Тэгвэл супер циклийн үе, түүний дараах эдийн засгийн шокноос гарах гарцыг Төв банк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлдээ тусгаж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон байна. Тодруулбал, төсвийг алдагдалгүй, хяналттай, орлого зарлагаа бодитоор тооцоолж батлах, гадаад дотоодын өрийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн дэмжих өөр бусад салбараа дэмжих, халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлж, инфляцийг ирэх онуудад 5-7 хувь, түүнээс бага байлгахад чиглэсэн "Макро эдийн засгийн шинэ тэнцвэр” гэсэн бодлогын өөрчлөлтийг Мөнгөний бодлогодоо тусгажээ.
"Шинэ тэнцвэр” гэж юу вэ
"Шинэ тэнцвэр” гэж юу вэ гэдгийг улстөрчид, цаашлаад иргэд ч ойлгохгүй байгаа. Уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа бид өөрчлөх юм байна гэсэн ерөнхий ойлголт иргэдэд бууж буй. Хамгийн энгийнээр хэлбэл, өр тавихгүй, уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлал гэсэн бусад салбараа дэмжих, улсын төсвийн алдагдлыг бууруулж, улстөрчид мөрөөдлийн тоогоор биш бодитоор амьдралд хандахыг энэ хөтөлбөр шаардана, хэрэгжүүлэхийн тулд бүх талдаа ойлголцож ажиллана гэсэн үг.
Өмнө нь хэрэгжиж байсан ч өнөөдөр илүү хүчтэй ярих шаардлагатай болсон хэрэг юм. "Макро эдийн засгийн шинэ тэнцвэр” гэх энэхүү хөтөлбөрийн талаар эдийн засагчид болон албаны хүмүүс ямар байр суурьтай байгаа, түүнчлэн иргэдэд ойлголт хүргэх үүднээс зарим эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
Ч.Хашчулуун: Эдийн засгийн хямралаас гаргах байх
/Эдийн засагч/
-Монголбанкнаас ярьж байгаа шинэ эдийн засгийн тэнцвэрийн бодлого эдийн засгийн хямралаас гарахад нэлээд дөхөм болох байх. Дэлхийд зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2000 оноос өсч, 2006 оноос 2013 он хүртэлх хугацаанд хамгийн өндөр төвшинд байлаа. Үүнийг уул уурхайн мөчлөг буюу супер цикль гэж манайхан хэлээд байгаа юм. Эрдэс баялгийн үнэ өсч, орж ирсэн орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор УИХ-аас Үндэсний хөгжлийн бодлогыг 2008 онд баталж, дэд бүтэц, уул уурхайгаас өөр салбаруудыг дэмжихээр болсон.
Тухайлбал "Атарын аян-III” байна. Мөн дэд бүтцээ хөгжүүлэхээр "Шинэ бүтээн байгуулалт”, "Гудамж” төсөл хөтөлбөр боловсруулж, үйлдвэржилтийн бодлого гаргаж тавьсан. Ердөө л арав хүрэхгүй жилийн дотор Монголын эдийн засаг маш хурдтай өсч эдийн засгийн хэмжээ 10 дахин нэмэгдсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, байгаа нөөц бололцоо, уул уурхайн баялаг, хөдөө аж ахуйн боломжуудаа ашиглаж чадсаны хүчээр өсөлтөөс гарсан хөрөнгөөр олон төрлийн нийгмийн бодлого, халамж, хөдөө орон нутаг, нийслэлийг хөгжүүлэх бодлогуудыг ч хэрэгжүүлсэн.
Уул уурхайн цикль өөрөө ээлжтэй байдаг. Харамсалтай нь, дэлхийн зах зээлд уул уурхайн супер цикль унаж, дээрээс нь монголчууд бид томоохон төслүүд болох Тавантолгой, цахилгаан станцууд, төмөр зам, боловсруулах хүнд аж үйлдвэрийн төслүүдээ хэрэгжүүлэлгүй цаг алдсан. Уул уурхайгаас хэт хамааралтай байдлаа багасгаж чадалгүй, нөгөө талдаа хөрөнгийн дотогшлох урсгалаа нэмэгдүүлж чадалгүй уналтын үетэй нүүр тулчихлаа. Тийм учраас макро эдийн засгийн шинэ нөхцөлд бодлогоо шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Энэ байдлыг Монголбанкнаас эдийн засгийн "шинэ тэнцвэр" гэж нэрлээд байгаа юм.
Эх сурвалж: "news.mn”
Д.Гантулга: Хөгжлийн зөв зам руу алхана гэсэн үг
/Монголын актуарчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал/
-Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи улс орнуудын хөгжлийг харахаар, тэр тусмаа Азийн орнууд өөр өөрийн онцлогтой хөгжсөн байдаг юм билээ. Гэхдээ нийтлэг нэг зүйл ажиглагддаг юм. Хөгжлийнхөө зөв замд ороход хөрөнгийн хуримтлал асар хурдтай өсч эхэлдэг. Тодорхой салбаруудаа төрөөс хөгжүүлэх бодлого баримталж, тэр салбараа хамгаалдаг.
Тэр салбаруудаа ямар нэг байдлаар техник технологийн дэвшил, инновацийг шингээдэг. Үндэсний санхүүгийн тогтолцоог бий болгодог. Тэр тусмаа дотоодын хөрөнгө оруулагчиддаа маш их найдлага хүлээлгэдэг юм байна. Гадны хөрөнгө оруулалтыг мэдээж анхаарна л даа. Эдгээр үндсэн шинжүүдээс гадна макро эдийн засгийн тогтвортой байдалд маш их анхаарч ирсэн. Бүх улсууд нам тогтвортой төвшинд инфляцийг барьдаг, төсвийг дотооддоо алдагдалгүй баталдаг. Ажилгүйдлийн төвшин маш бага байдаг.
Валютын ханшаа тогтвортой байлгахыг чухалчилж ирсэн байгаа юм. Макро эдийн засаг нь тогтворжсоны дараа хөгждөг юм байна. 10 гаруй жилийн өмнөх манай улсын эдийн засаг шиг бусад орчин нь тогтворгүй байхад уул уурхайг дагаж эдийн засаг нь өсч буурсан тохиололд дэлхий даяар зөндөө байна. Төгс хөгжсөн туршлага алга. Шинэ тэнцвэр гэх томъёоллоор гарч ирж байгаа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улс хөгжлийнхөө зөв зам руу алхана гэсэн үг. Хөтөлбөр хэрэгжүүлээд л бүх юм сайхан болохгүй. Сайхан болох эхлэлийг л тавьж байна гэсэн үг.
Б.Түвшинтөгс: Бодлогын төвшинд хийх шинэ бодлого болох ёстой
/МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор/
-Эхлээд шинэ тэнцвэрээ сайтар томъёолох хэрэгтэй юм. Судалгаа ч хийгдэнэ. Нийтийг хамарсан хэлэлцүүлэг хиймээр байна. Нэгдсэн ойлголцол эхлээд яригдана. Хамгийн чухал нь одоо супер цикль дууссан. Төсвийн бодлого төлөвлөлт дандаа буруу байлаа. Түүхий эд, эрдэс баялгийн үнэ өндөр төвшинд хадгалагдана гэсэн сэтгэлгээг өөрчлөхөд энэ хөтөлбөр чиглэнэ гэж ойлгож байгаа. 2010 оноос бид эрдэс баялгийн үнийн өндөр өсөлтөөс өөрсдийгөө хамгаалах ёстой байсан юм. Хуримтлал бий болгож, бусад салбараа дэмжих учиртай байсан.
Гэсэн ч тийм зүйл болоогүй учраас өнөөдөр шинэ тэнцвэрийн тухай ярих шалтгаан болж байна. Бодлогын төвшинд хийх шинэ бодлого болох ёстой. Супер цикль дууссан гэдэгт эдийн засагчид, улстөрчид бүгд санал нэгдсэн л бол энэ өөрчлөлтийг хийх ёстой болж байна. Төсвөө алдагдалгүй батлах, халамжийн бодлогоос татгалзах, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд буй параметрүүдийг хангах ёстой. Өр, төсвийн зарлага, алдагдал гэсэн параметрүүдийг эргэж харах ёстой. Төсвийн төлөвлөлтийг манайх айхтар өндөр хийдэг. Гэхдээ оны төгсгөлд хангалттай байж чаддаггүй. Тэгэхээр уул уурхайн хүлээлт өөрчлөгдсөн учраас зарчмаа тодорхой болгоно. Бид Хятадыг сайн мэддэг. Хятадын эдийн засгийн өсөлт өндөр байхаа больсон гэдгээ зарлачихсан. Монголд ч гэсэн ил тод зарлах цаг нь болсон.
Д.Болдбаатар: Эдийн засгийн өсөлтийн ирээдүйг бий болгоно
/Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал/
-Манай эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн огцом нэмэгдэж байсан тэр үед бий болгосон эдийн засгийн бүтцээ өөрчлөх шаардлагатай боллоо. Уул уурхайн супер циклийн үед ихээхэн том зорилт дэвшүүлж, дэд бүтцийн том бүтээн байгуулалт хийж, төсвөө халамжид чиглүүлж байлаа.
Гэтэл энэ боломж байхгүй болсон учраас бид макро эдийн засгийн шинэ орчинд эдийн засгийн өсөлтийн ирээдүйг бий болгох болж байна. Үүнийг макро эдийн засгийн шинэ тэнцвэр гэж нэрлэж, эдийн засгийг шинэ тэнцвэр рүү өөрчлөгдөх боломж олгох макро бодлого хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм. Уул уурхайн супер циклийн үеийн төсвөө өөрчлөх хэрэгтэй байна. Төсвөө багасгаж, улсын өрийг нэмэгдүүлэхээргүй байдалд батлах хэрэгтэй боллоо. Эдийн засгийн өөрчлөлт хэрэгжиж дуусах, макро гадаад орчин эргэн тэнцвэржихээс өмнө бидэнд гадаад өрийн хүндрэл тулгарч байгаа учраас өөр сонголт бараг л байхгүй болж байна.
Хоёрдугаарт, манай эдийн засаг уул уурхайн хамаарал өндөртэй учраас эдийн засгийн орчин уул уурхайн өөрчлөлтийг даган өөрчлөгдсөөр байх юм. Ингэж өсч, унаж байх үед өөрчлөлтийг цаг тухайд нь мэдэрч, бодлогын зохистой тохиргоо богино хугацаанд хэрэгжүүлж чаддаг болох хэрэгтэй байна. Түүнчлэн, супер циклийн дараа уул уурхайд тулгуурлан хөгжиж байгаа бүх орны үнэлэмж буурч, эдийн засгийн, ялангуяа экспортын бүтэц эрс өөрчлөгдөж байна. Бид л гэхэд хөдөө аж ахуйн салбарын өртгийн сүлжээг олон улсын зах зээлд хүртэл хөгжүүлж шинэ экспорт бий болговол том зорилтдоо хүрэх байх. Олборлох үйлдвэрүүдийн орлого их байхад хэрэглээг нэмэгдүүлээд байх боломж илүү байсан.
Харин энэ орлого байхгүй болоод эхлэхээр гадаад зах хумигдмал орнуудын адил дотоод эрэлтийг тэтгэх хэрэгтэй боллоо. Бид өөрсдөө хуримтлал хийж эдийн засгаа тэтгэх эх үүсвэрээ бий болгох, өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй болж байна. Үр дүн нь төрөлжсөн эдийн засагтай, дэлхийн зах зээлийн донсолгоонд доргиод байдаггүй, дотооддоо хүмүүс нь илүү хангалуун тийм л болох зорилт. Ер нь ийм зорилт дандаа л байсан байх. Гэхдээ яг одоо илүү тод ярьсан нь зөв болов уу Эх сурвалж: www.mminfo.mn
Б.ӨнӨртогтох
Сэтгэгдэл