МЗХ 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиас хойш өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улсын эрх ашиг, үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын эсрэг хийгдсэн 100 хар үйл явдлыг нэрлэн, "Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлж буйгаа энэ сарын 2-ны өдөр зарласан юм.
Тэгвэл энэхүү ажил өдгөө ид дундаа өрнөж иргэд болон албан байгууллагууд хар үйл явдлуудыг нэрлэж эхлээд байна. Тухайлбал, хар үйл явдалд 7 дугаар сарын нэгний үймээн, 27 вагон самрын хэрэг, С.Зоригийн аллага, Б.Есүгэн охины үхлийн хэрэг, Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал, Паркийн газрын асуудал, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ зэргийг нэрлэжээ.
Иргэд, олон нийт myf.mn сайт болон МЗХ-ны байранд өөрийн биеэр ирж саналаа өгөх боломжтой аж. Тодруулбал, Хар/Цагаан жагсаалтын санал авах цэг өдөр бүр 13:00-15:00 цагийн хооронд ажиллаж байгаа бөгөөд хар/цагаан жагсаалт, "Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, 100 хар үйл явдалд санал өгөх, өөрийн сэтгэгдлийг сургалтын самбарт бичиж үлдээх боломж бүрдлээ.
Уг хөдөлгөөн эхэлсэн цагаас хойш маш олон хувь хүн, албан байгууллагууд нэгдэхээ илэрхийлсээр байгаа юм. Одоогоор Монголын Зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын урчуудын холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Хамаг Монгол хөдөлгөөн, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэл, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Худалдаа Аж үйлдвэрийн танхим зэрэг нийгмийн нөлөө бүхий томоохон байгууллагууд нэгдээд байна.
Сэтгэгдэл