-Монгол Улсыг монгол хүнгүй, хятадаар дүүргэх ажлыг монголчууд өөрсдөө л хийж байгаа нь бодит үнэн болчхоод байна-
Бидний хэдэн монголчууд өвөр зуураа биесийнхээ хятад, хужаа, эрлийз, хурлийзыг цаг ямагт "баталсаар”. Бүгд энэ баталгаажуулалтад хамрагдаж байгааг үзвэл гурван сая хүний дийлэнх нь урд зүгээс гаралтай болж таарч байх шиг. Лав л УИХ-ын 76 гишүүнээс олонх болсон намд л харьяалагдаж байвал хэн ч байсан хамаагүй хужаа хэмээх нэр зүүдэг.
Тэгвэл хужаа гэж ер нь юу гэсэн үг юм бол. Толь бичиг шагайваас энэ нь цуйван, байцай шиг л монголжсон хятад үг бөгөөд үндсэн дуудлага нь "хуацьяо”, утга нь цагаач, одогч ажээ.Үүнээс харахад, бид хардаж сэрдсэн нэгнээ, эсвэл зүгээр л дургүйг нь хүргэсэн хүнийг "цагаач” гэж хочлоод, угийн монгол биш гэх утгаар доромжилдог байх нь. Гэхдээ шууд байдлаар хужаа гэдэг нь хятад цагаач гэх өгөгдлөөр хэрэглэгддэг.
Ямартай ч өнөөгийн халуун сэдэв болоод буй Ерөнхийлөгчийн сонгуулийн хүрээнд нэр дэвшсэн гурван этгээд бултаараа монгол биш гэдгийг олон түмэн барин тавин "нотлоод” байгаа. Нэн түрүүнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын ээжийн талын дээдчүүл Хятадаас нүүн ирж байсныг нүдээр үзсэн мэт өнгө будагтайгаар дүрслэн, бүр эмэг эхийг нь шувуун хөлтэй байсныг баталгаажуулсан патиарыг хаанаас ч юм олоод Фейсбүүк, Твиттэрээр цацаадахлаа.
Мөн үстэй малгайтай, урд зүгийн байрын царайтай нэгэн эрийн зургийг мөн аль нэг үеийнх нь өвөг гэж тайлбарлан түмэнд дэлгэсэн. Хамгийн гол нь, эдгээр зураг буух эзэнтэй, буцах хаягтай болох нь тун удалгүй тогтоогдож, захиалагч нь ч ил болсон билээ. Тодруулбал, мань хүний эмэг гэгдсэн хүн 1900-гаад оны үеийн хятад эмэгтэй, өвөг нь болсон этгээд харин Японы эзэн хааны армийн цэрэг байсныг эх зургаар нь таньсан юм.
Харин удаах нэр дэвшигч С.Ганбаатарыг үүн шиг "баталгаажуулаагүй”. Гэхдээ л ямар ч байсан хужаа гээд зүтгээд байгаа хүн олон. Мөн АН-ын алтан хараацай Х.Баттулгыг бараг л сүүлчийн монгол хүн мэтээр сурталчилж байсан ч одоо бол Төвөдөөс цагаачилж ирэгсдийн үр хойч гээд бараг л нотолчихсон.
Энэ нотолгоонуудыг эсэргүүцсэн хэн нэгэн шууд л хужаа нарын эгнээнд шилждэг нь бүр ч сонирхолтой. Дээл өмсөөгүй бол хужаа, хятад хоол идсэн бол хужаа, дотор хүнтэй эелдэг харьцсан бол хужаа, Эрээнээс бараа зөөсөн бол хужаа, эсвэл ерөөсөө л хэн нэгний дургүйг хүргэсэн л бол хужаа болж хувирна. Үүнээс харахад, Монголд монгол хүн үлдээгүй аж. Хачирхмаар нь, энэ Монголыг хятаджуулж, монгол хүнийг хужаа болгох бодлогыг зөвхөн монголчууд л өөр зуураа хийцгээж, өөрсдөө нотолж байгаа нь харамсмаар.
Тэгвэл Монгол дахь хужаа нарын түүх яг хэдийнээс эхэлсэн юм бол
Ямар ч гэсэн, дэлхий ертөнц хэлбэр дүрсээ олж, амьд амьтан үүссэн цаг хугацааг шинжлэх ухаан хэзээ ч баталж чадаагүй ба таамаглах төдий алхмыг хийсэн. Харин хүн бий болсон цаг үеийг багахан зөрүүтэй ч их л ойрхноор батлаад байгаа. Хүн гээч амьд бодгаль бий болсноосоо хойш төд удалгүй ухаан сэтгэхүйтэй болж, улмаар хамтран бүлэг, овгоороо аж төрж, түүнийгээ бэхжүүлж явсаар улс гэрээ төвхнүүлцгээжээ.
Ерөөс хүн суурьшсан газар орон бүрд тодорхой хил хязгаар бүхий төрт улсууд бий болсон бөгөөд манай урд хөрш нэгдмэл түүхээрээ дэлхийд гайхагддаг. Харин бидний өвөг дээдэс хэзээнээсээ эрэмгий эрэлхэг, омголон, нүүдлийн аж ахуйгаа алдаагүйн учраас аян дайнч байсан аж. Ингээд Ази тивийн төв, зүүн, зүүн хойд хэсэгт Монгол, Хятадын өвөг дээдсүүд хилээ зурчихсан байгаа юм.
Түүхийн
эхнээсээ л суурьшмал соёлыг сонгосон хятадууд нүүдэлчдийг бодвол илүү
амар тайван аж төрж байсан тул шороон түмээрээ үржих нөхцөл нь илүү
байсан бололтой. Харин орондоо орох завгүй бидний өвгөд илүү сайн
бэлчээр нутгийг олохын төлөө шаргуу эрэл хайгуул, аян дайн хийж байсан
учраас анхнаасаа л цөөхүүлээ байжээ.
Улмаар урд зүгийг байнга л
уулгалан довтлох болж, энэ хэрээр эзэлсэн газар нутагтаа өөрийн зүгээс
удирдах төлөөлөгчийг суулгаж, зөрүүлээд өнгө зүстэй эмс охид, уран
гартнууд, эрдэмтэн мэргэд гэх мэтсийг өөрийн газартаа авчирч байсан
байна.
Ингэж Монгол, Хятадын хүн ам шилжин суурьших үндэс хаа байсан мянга мянган жилийн өмнөөс тавигджээ. Гэсэн хэдий ч бидний зүс царай, бид бялдрын байдал арай өөр хийгээд монголчуудын эртний цус хамгаалах бодлогын улмаас урд зүгээс хатан булааж авчирч, хаа нэг цус холилдох явдлыг эс тооцвол тэгтэл их байсангүй. Ерөөс Өвөр Монголыг алдсаныг эс тооцвол монголчууд Хятадад эзлэгдсэн түүх байхгүй. Хүннү гүрнээс нааш Монголын эзэнт гүрний эцсийн задрал хүртэлх хугацаанд ч урд зүгийнхэн биднийг дарласан удаа байхгүй юм. Харин Манжийн эрхшээлд орсон үеийг олонх монголчууд Манж, Хятадын эрхшээлийн үе хэмээн андуурдаг.
Гэвч
Манж гээч нь бидний нэгэн адил хүчирхэгжсэн нүүдэлчин аймаг бөгөөд
тэдний хамаг соёл, бодлого нь Юаниас хуулбарласан тул харин ч
монголчуудад тэгтэл аймшигтайгаар тусаагүй. Түүгээр ч үл барам Манжийн
ноёрхлын үед монгол хүн хятадтай ураг барилдах, садарлах, санаа
нийлэхийг хуулиар хориглож байсан баримт бий.
Цаг хугацааг бүр
наашлуулбал, Нийслэл хүрээнд хар хятадууд үй олноор бужигнаж, эмс
охидтой нийлэн эрлийзүүд үй олноор төрсөн тухай социализмын үеийн буруу
суртал өдгөө олон хүний тархинд арилшгүй үлджээ.
Гэтэл бидний өвөг дээдэс тэнэг байгаагүй тул онцын шаардлагагүй бол хүрээн дэх хятадуудтай үг ч дуугардаггүй байсан тухай баримт өдгөө Франц, Герман зэрэг барууны сурвалжуудад тодоос тод бий. Тэр үед бүх зүйл заагтай, хэн нь хэн бэ гэдэг нь туйлын тодорхой байсныг одоогийн түүхчид олон сурвалжаас баталсаар байгаа. Жанчхүүгийн даваа гэгдэх Монгол, Хятадын хил нь социалист зохиолчдын хэлдэгчлэн хужаа нарын шаахайн мөрөөр дүүрэн байсангүй, нааш орж ирэх хятад хүнд одоогийнхоор хүнд нөхцөл бүхий виз олгодог байсан нь ч түүхэн баримтад бий.
Харин Манж гүрэн нуран унасны дараах Хятадын бодлогод монголчуудыг уусгах явуулга байсан ч монголчууд тэнэг биш учраас эсэргүүцэн, тэмцэж байсныг хүмүүс сайн мэдэх ёстой. Тиймээс мөнөөх харанхуй, бүдүүлэг, яр тэмбүүндээ баригдсан гэгдэж, гүтгэгдэж байсан буурай өвөг дээдэс маань биднийг эрлийзжих аюулаас аварч, дараагийн үедээ өгсөн нь 70 жилийн социализм руу тэмүүлсэн аав, ээж нар маань юм.
ЗХУ-ын хатуу хяналт дор байсан 70 жилийн хугацаанд Монголын хүн амын байр байдал маш тодорхой байсан гэдэг. Хэн нь хятад, эрлийз, хэн нь барга цахар, хэн нь аль газраас гаралтай гэдгийг маш сайн тодорхойлж, төрийн өндөр албан тушаалд цэвэр монгол хүнийг л томилдог байсан. Өөрөөр хэлбэл, хятад болон эрлийз хүмүүст албан тушаал ахих, дээд боловсрол эзэмших, Орост сурах гэх мэт боломжууд бүгд хаалттай байсныг тэр үеийнхэн цөм гэрчилнэ. Тэр ч бүү хэл, хятад цустай хүнтэй суусан монгол хүнд ч энэ боломжууд хаагддаг байсан.
Дотоод яам гэх газрын мэдэлд эдгээр иргэдийн дэлгэрэнгүй, нарийн намтрыг хадгалах маш том архив байсан ба ардчилал руу хөл нийлүүлэн алхсан эхний хоёр жилд үүнийг бүрэн устгасан гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Хэдийгээр сэм яриа ч, энэ тухай үгс хаа сайгүй сонстдог. Нэг үгээр, БНМАУ социализмаас татгалзан, Намын төв хороо татан буугдаж, үнийн өсөлт, нийгмийн эмх замбараагүй байдал газар авахтай зэрэгцэн өнөөх чанга хяналт алдагдсан юм.
Энэ байдал маш олон цагаач иргэнд ашигтайгаар тусахын зэрэгцээ, залуусаар толгойлуулсан, ажилчин голдуу гаралтай хүмүүсийн тэмцэлд хамтран орж, өөрсдийн хавчигдмал байдлыг үгүй хийх боломж хайсаар олсон нь мөнөөх архив. Учраас мэдэхгүй залуустай нийлэн төр рүү дөхсөн тэдгээр эрлийз хүмүүст архив устгах боломж ч гарсан бололтой.
Цаг төрийн эргэлт хуучин төрийн удирдлагууд, хяналтыг гардан гүйцэтгэдэг байсан хүмүүст тун хүнд цохилж болж, болгоомжлолын үүднээс амаа хамхихад хүргэсэн гэдэг. Зарим нэг ах зах хүний ярианаас сонсоход тухайн үед төрийн эрхийг авсан нөхдөөс маш их дарамт ирж, ногоон малгайтнуудын шинэ үе гарах айдсыг бий болгосон ч гэдэг юм. Үүнийг Монгол Улсад аж төрж буй бүртгэлтэй иргэдийн доторх зааг ялгааг санаатайгаар үгүй хийсэн явдал гэж үзэхэд хилсдэхгүй биз. Тиймээс одоо бид хэн нь яг цэвэр хятад, эрлийз, хужаа гэдгийг батлах нотолгоо үгүй. Ам дамжсан ярианд итгэнэ гэдэг бүр ч шударга биш явдал.
Дээр бичсэндээ эргэн ороход, манай гурван нэр дэвшигчийн нийгмийн байр байдлыг судлан үзвэл хятад, эсвэл төвөд цагаач нарын үр удам гэдгийг батлах ямар ч баримт үгүй болсон ба үүнийг 1990-ээд оны эхээр устгаж, үгүй хийжээ.
Хүн тус бүрээр нь шүүвэл, М.Энхболд нь Боржигон овогтой, энэ нь Монгол, тэр дундаа халхуудын дундах түгээмэл, хамгийн том овог. Түүний эцэг Миеэгомбо нь Төв аймагт төрсөн хүн. Тэрбээр дунд сургуулиа дүүргэсний дараа ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд очиж суралцан 1959 онд эдийн засагч мэргэжлээр төгсжээ.
"БНМАУ-ын ажиллах хүчний нөхөн үйлдвэрлэлд үйлдвэрлэлийн биш хүрээний роль” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэргийг 1968 онд хамгаалсан байна. Харин 1981 онд профессор цол хүртжээ. 1959 оноос Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1960 оноос Эдийн засгийн дээд сургууль, МУИС, Намын дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, проректор, ректорын ажлыг хийж байжээ. Хэрвээ энэ хүн үнэхээр хятад хүнтэй ханилсан бол энэ хүртэл явахгүй, ЗХУ руу бол бүр зүглэх ч боломжгүй байсан юм.
Харин Х.Баттулгын хувьд Баянхонгорын уугуул. Аав Ж.Халтмаа нь бөхийн засуул байсан гэдгийг бүгд мэднэ. Ж.Халтмаа нь 1916 онд төрсөн, Ламын гэгээний хийдэд шавилан сууж, цэрэгт яван дайнд оролцож, бичиг үсэгт суралцсанаар Аж үйлдвэрийн комбинатын суурийг тавилцсан нэгэн байжээ. Түүнийг Төвөд гаралтай гэдгийг батлах нэг ч зүйл үгүй.
Ингээд бодохоор, Монгол Улсыг монгол хүнгүй, хятадаар дүүргэх ажлыг монголчууд өөрсдөө л хийж байгаа нь бодит үнэн болчхоод байна даа.
ЭХ СУРВАЛЖ:
Сэтгэгдэл