Мөрийн хөтөлбөрүүд дэх Монголыг аврах төлөвлөгөөг шинжихүй


Мөрийн хөтөлбөрүүд дэх Монголыг аврах төлөвлөгөөг шинжихүй

 

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй гурван нэр дэвшигчийн уриа, мөрийн хөтөлбөр, иргэдэд өгч буй амлалтаас өгсүүлээд алхаж гишгэж буй нь хүртэл анхаарлын төвд байна. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар "Өөр гарц байна. Бидэнд итгэ” хэмээн уриалсан. Тэр бас "Бидэнд төлөвлөгөө бий” хэмээн хэлж байгаа. Түүний үгнээс МАХН, тус намын дарга Н.Энхбаярын багийнхан улс орноо хямралаас гаргах гарц, гаргалгааг олж харж, төсөл төлөвлөгөө боловсруулсан гэж ойлгогдож байна. Тэр нь хэр бодитой вэ гэж сонгогчид асууж таарна. Тэгвэл МАХН санаачлан хуульч, эрдэмтэн, судлаачидтай хамтран шинэ Үндсэн хуулийн төсөл "Дээд хууль”-ийг боловсруулснаа өнгөрсөн хавраас эхлэн улс орон даяар тайлбарлан таниулж ирсэн.

 

Монгол хүнээ төрийн хамгаалалтад авъя, хууль, шүүхийн тогтолцоог нэг хүн томилдог биш ард түмнээс сонгодог болгоё, байгалийн баялгаас хүн бүхэн тэгш хүртдэг болно, төрийн өмчид ард түмний хяналтыг тогтоох Ардын хянан шалгах хороог байгуулъя, шударга төрийг цогцлоож хоёр танхимтай парламент байгуулъя. Ингэж байж Монгол Улсаа улс төр, нийгэм, эдийн засгийн мухардмал байдлаас гаргана. Үндсэн хуулийн аргаар хувьсгал хийе гэсэн зорилтыг МАХН дэвшүүлээд байгаа. Энэ бүхнээс харахад С.Ганбаатар гарцаа тодорхойлсон, гартаа барьсан төлөвлөгөөтэй, түүнийг нь хэрэгжүүлэх багтай нэр дэвшигч юм. Тиймээс мөрийн хөтөлбөрөө "Их аяныг эхлэхүй” хэмээн нэрлэжээ.

Мөрийн хөтөлбөрийн нэгдүгээрт "Хариуцлагатай засаглалыг буй болгож, ажилгүйдэл, ядуурлыг арилгана” гээд энэ асуудлыг үндэсний аюулгүй байдалтай холбож үзсэн байна. Иймд "Хариуцлагагүй төр , ард түмнээ боддоггүй төр засаглаж байгаа нь үнэн. Эрх мэдэл, мөнгө хоёр холилдож төрийн үйл ажиллагааны гажуудлыг бий болгож байна. Монголд ажилгүйдэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хөдөлмөрийн чадвартай хүн амын 20 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Ажил хайсан Монголын залуус эх орноосоо дайжин гарч, саар санаатангууд эх нутгаар минь хөлхөж байна.

 

Энэ нь аюулын харанга дэлдэж үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Ядуурал Монголын нийгмийг бүхэлд нь бүрхээд байна. Монголд хариуцлагатай төр засгийг бий болгохгүйгээр ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулж чадахгүй. Үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ” гэжээ.

 

Гурван нэр дэвшигчээс "Оффшорчдыг хазаарлаж, шударга ёсыг тогтооно” гэж байр сууриа илэрхийлсэн нь С.Ганбаатар. Түүний мөрийн хөтөлбөрийн хоёрдугаарт "Гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой. Олигархиуд болоод оффшорчдыг халхавчлан хамгаалж, өөгшүүлэн давруулж буй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төр засгийн хүнд суртлын гинжийг тас цохих хэрэгтэй байна.Өнөөдөр Монголд шударга ёс ус, агаар мэт үгүйлэгдэж байна.Шударга ёсыг тогтоосноор хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож чадна” гэж амлажээ.

 

МАХН шинэ Үндсэн хуулийн төсөлдөө монгол хүн төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан. Энэ нь нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн тавдугаар хэсэгт "Монгол хүний үнэлэмжийг даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би ард түмнээ ажилтай, ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгож, ахмад үеийнхнээ хайрлан халамжилна” гэж тусчээ. Мөн мөрийн хөтөлбөрийн зургадугаар хэсэгт "Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байна. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн.Монгол хүн газар шороо, байгалийн баялгийнхаа эзэн байх ёстой. Монгол хүн Монгол Улсынхаа жинхэнэ эзэн байх ёстой” гэсэн байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой гэж Үндсэн хуульд бий. Тэгвэл түүний зэрэгцээ ам ба ажил, үг болон үйл хэргийн нэгдлийг хангагч байх ёстой гэдгийг нэр дэвшигч С.Ганбаатар мөрийн хөтөлбөртөө онцолжээ. Энэ тухайд тэрээр мөрийн хөтөлбөрийнхөө долдугаарт "Эзэн хүнд эрхэмлэх нандин зүйлс гэж байх учиртай. Энэ бол ам ажлын болоод үг ба үйл хэргийн нэгдэл юм. Хэлсэн бол хийдэг байцгаая. Хуурдаг байж таарахгүй. Худал хэлж бүр ч болохгүй. Бидэнд Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө, ард түмнээрээ хэлэлцүүлэн баталж хэрэгжүүлэх, ирээдүйн Их Монголыг бүтээх Үндсэн хуулийн цогц төсөл бий” гэсэн байна.

 

С.Ганбаатарыг олон нийтийн хүсэлт, хүлээлтэд хариу болгон илгээлээ хэмээн МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлж байв. Уг нь олон нийт, ард түмний зүгээс тус намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшээсэй гэсэн хүлээлт байсан. Эрх баригчид түүнээс айж, хууль шүүхийн байгууллагаар халхавчлан санаархлаа гүйцэлдүүлж нэр дэвшүүлээгүй учир ялалт авчрах ард түмний захиалгыг биелүүлэх хүнээр ийнхүү С.Ганбаатар тодорсон. Мянганы зам, их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Н.Энхбаярын намаас нэр дэвшигчээс монголчууд түүнтэй дүйх их ажил, зорилтыг хүлээх нь дамжиггүй. Тэгвэл С.Ганбаатар мөрийн хөтөлбөртөө "Мянганы бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина” гэж үзжээ.

 

МАХН-тай угшил нэг, үзэл баримтлалын хувьд адил буюу зүүн чиглэлийн нам гэдэг Ардын намаас нэр дэвшсэн М.Энхболд энэ сонгуульд "Эвтэй Монгол, ээлтэй төр” гэсэн лоозон маягийн тодорхойгүй уриатай оролцож байгаа. 2016 оны Их хурлын сонгуульд 65 суудал авсан энэ намын хувьд ард түмнээ жаргалтай амьдруулна, цалин, тэтгэвэр нэмнэ, улс орноо хөгжүүлнэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэхчлэн олон амлалтыг өгч төрд гарсан. Гарангуутаа нуруугаа харуулж, цалин, тэтгэвэр нэмэх бус тэтгэврийн насыг нэмж, долоон төрлийн татвар нэмэгдүүлж, өрийн хугацааг сунган, улс орноо валютын сангийн хараат болгож ард түмэндээ ээлтэй бодлого нэг ч явуулсангүй. Иймд "Ээлтэй төр” уриа нүдээ олсонгүй. Түүнчлэн "Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөр нь ч монгол гэр барих дарааллыг буруу тооцсон хэмээн шүүмжлэл дагуулаад байна. Төр иргэнийхээ өмнө хариуцлага хүлээдэг, ард түмэндээ үйлчилдэг чих зөөлөн байх тухайд эрх баригч намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт бодитой юм алга. Мөрийн хөтөлбөрийн нэгдүгээр хэсэгт "Нийгмийн оюун санааны нэгдмэл байдлыг баталгаажуулах, эв нэгдэл, итгэлцэл, ёс суртахууныг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний эв эеийг бэхжүүлэх үзэл санааг мөрдлөг болгоно”, "Үндэсний бахархал, эх оронч үзлийг үнэт зүйлээ болгосон иргэн төлөвшүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэсэн нь хариуцах, хэрэгжүүлэх эзэнгүй тодорхой бус юм. Нийгэм гэж дурдсаныг харахад төр хариуцлагатай, ард түмэн хариуцлагагүй, ёс суртахуунгүй гэж арай үзээгүй байлтай. Ард түмний зүгээс Ерөнхийлөгчөөс хүсэн хүлээж буй оффшорчидтой тэмцэх талаар "Төрийн бодлого, үйл ажиллагаанд улс төр бизнесийн явцуу бүлэглэл нөлөөлөхийн эсрэг тууштай зогсож, ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавина” гэсэн хуурай амлалт өгснөөс өөр дорвитой нэг ч үг хэлсэнгүй. Ардын нам 65-ын бүлэг болж төрд гарснаас хойш иргэдийн дуу хоолой, хэвлэлийн эрх чөлөөг хумих бодлогыг түлхүү явуулж байгаа. УИХ-ын чуулганы хуралдаанд намын гишүүд нь ийм хууль санаачлан оруулж ирэхэд Их хурлын дарга М.Энхболд дуугараагүй байж нэр дэвшингүүтээ "Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа хуулийн зохицуулалтуудыг залруулна. Нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана” гэсэн нь үг, үйлдлийнх нь зөрүүг харуулав. Саяхан л Ардын намын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуулгүй Зөвлөлдөх санал асуулга” гээчийг цөөн тооны сонгогдсон хүний бүрэлдэхүүнтэй Төрийн ордонд хийсэн нь Цэц дээр маргаан үүсээд явж байгаа. Гэтэл ийм юм хийсэн намын дарга, нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө "Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асууна” гэсэн байх юм. Ардын нам 2016 оны сонгуульд ялалт байгуулснаар төрийн албанд халаа сэлгээ эцэс төгсгөлгүй үргэлжилж 2500 албан хаагч ажлаас халагдсан судалгаа гарсан. Тэгвэл Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч "Төрийн алба оновчтой бүтэцтэй, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлнэ” гэсэн мөн л ам, ажлын зөрүүг харуулж байна. Эрх баригчдын зүгээс өрсөлдөгчийнхөө нэр дэвших эрхийг хууль, шүүхийн байгууллагыг ашиглан хориулж, эрх, эрх чөлөөг нь зөрчиж байгаа атлаа "Шүүх шүүнэ, улс төр оролцохгүй. Хууль сахиулах болон шүүхийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг бүрэн хангуулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчмыг чанд сахиулж ажиллана” гэсэн итгэл төрүүлэхгүй байна. Түүнчлэн Хотын дарга, Ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлээгүй байж "Нийслэл хотын хөгжлийг төлөвлөх, бодит ажил болгох, гүйцэтгэлд нь хяналт үнэлгээ хийхэд орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдийн хамтын оролцоог дэмжинэ. Нийслэл хотын хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчинг боловсронгуй болгоно” хэмээн амласан нь ч итгэл төрүүлэхгүй байна.

 

АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын уриа "Монгол ялна”. Мөрийн хөтөлбөрөө "Хүчирхэг Монголын төлөө” хэмээн нэрлэсэн. Түүний дэвшүүлсэн уриа "Хэнийг ялах юм бэ” гэсэн асуултыг олон нийтийн зүгээс дагуулж байгаа. Мөрийн хөтөлбөрийг нь С.Ганбаатарынхтай харьцуулахад хөгжлийг харсан гарц, гаргалгаа, гартаа барьсан хуулийн төсөл түүний багт алга. Ард түмний зүгээс хүлээлттэй байгаа оффшорчидтой тэмцэх тухайд ямар нэг зорилт дэвшүүлсэнгүй.

 

 

 

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.