Монгол минь дампуурлаа зарлахын босгон дээр


Монгол минь дампуурлаа зарлахын босгон дээр Монголыг минь хар үүл бүрхлээ. Энэ, их өрийн хар үүл, ядарсан ард түмнийг минь бөхийлгөж, тусгаар тогтнолд маань заналхийлж эхлэлээ. Монгол Улс түүхэндээ байгаагүй, нэрий нь хэлж, тоогий нь уншиж чадахгүй их өрөнд гурван жил гаруйхан хугацааны дотор уналаа. Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Э.Бат-Үүл... тэргүүтэй хүмүүс 22 тэрбум ам.долларын өртэй болгоод, одоо сонгуулийн өмнө 25 тэрбумд хүргэх гэж яарч байгаа гэнэ.
 
Судлаачдын үзэж байгаагаар энэ их өрийг монголчууд 50-60 жилийн дотор төлж барах уу, үгүй юу гэдэг дээрээ тулаад байна. Бидэнд үүнээс хоёрхон кг махны үнэ өгсөн. Бусдыг нь дээгүүрээ, эрх мэдэлтнүүд хуваагаад хүртчихсэн. Монгол Улс валютын (ам. доллар) тэрбумтан 36, төгрөгийн тэрбумтан хоёр зуу гаруйтай болж гэнэ. Тэднийг л би " 300 луйварчин” гэж нэрлэж байгаа юм. Улсаа барьцаалж авсан энэ их валютаар Монголын хөгжилд юу нэмэрлэв гэхээр аймгуудыг холбосон хэдэн хар зам, Улаанбаатар хотын замын хэдэн уулзвар, баячуудын хэдэн тансаг хорооллыг зааж байгаа. Больж үз. 
 
Ийм хэмжээний ажлыг чинь манай түрүүчийн удирдлагууд төсвийн хэдэн төгрөгөөрөө хийж бүтээгээд ирсэн юм. Улсаа барьцаалсан энэ их өрийг нам дамнасан хэдэн эрх мэдэлтэн, тэдний ах дүү, хамаатан садан, танил талынхан л хүүдийлсэн. Өнөөдөр тэд дотооддоо төдийгүй, гадаад улс орнуудын хамгийн сайхан нутаг газруудад, хот гэмээр орд харшаа сүндэрлүүлээд байгаа нь нууц биш.
 
Баттай эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гадаадад гаргасан их хөрөнгийг С.Баярцогт, Н.Энхбаяр, С.Баяр нарын хүмүүс манлайлж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр тодорхой баримтаар дэлгэн тавьсан боловч намуудын болон хууль хяналтын байгууллагуудын нууц хуйвалдааныхан (мафи) шалгаж чадсангүй өнөөдрийг хүрэв. Өнөөдөр монголын ард түмнийг сөхрүүлж , Чингисийн монгол төрийг мөхөөж, улс орны маань тусгаар тогтнолд заналхийлж байгаа арван нэгэн баримтыг ард түмэндээ хүргэе гэсэн юм. 
 
НЭГ: Монголын асуудлыг монголын ард түмэн биш, гадныхантай нууцаар сүлбээлсэн хэсэг бүлэг хүн гадаадад шийддэг боллоо. Би энэ хүмүүсийг эх орноосоо урвагчид гэж үзэж байгаа. Монголын хувь заяаг Вашингтон, Лондон, Парис, Дубай, Бээжин, Сөүлд ... шийдэх боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг долоохон хоногийн дотор долоон тэрбум ам. долларын өрөнд унагаалаа. Энэ их өрний цаана улс орон, газар нутгаа барьцаалсан, эсвэл худалдсан, 99 жилээр түрээсэлсэн нууц хуйвалдаанууд явж байгаа. Өнөөдөр "Барууны орнууд” Англи Америкт Оюутолгойнхоо орд газрыг (дэлхийд ийм орд хоёрхон байдаг юм гэнэ билээ) Өмнөговь аймгийн газар нутагтай өгчихлөө. Говийн хэдэн аймгийг дамнасан ураны их ордтой газар нутгийг Францын "Арево” компанид "бэлэглэчихлээ”. 
 
Монголын дархан цаазат газар нутаг оролцсон Халхын гол орчмын хамгийн үржил шимтэй 500 га газар нутгаа Ази дахь, Барууны ганц түшиц газар болох Өмнөд Солонгост "Чөлөөт бүс” нэрийн доор өгөхөөр болчихож. Бүр болиод хойморын ганц шүтээн Ноён уулаа хүртэл гадныханд өгөхөөр завдсан нь ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран түр зогсоод байгаа.
 
Энэ мэтчлэн, газар нутгаа сорчлон гадныханд худалдаж, бэлэглэж, түрээслэж олсон ашиг хаагуур оров? Цөөн хэдэн хүний халаасанд орсон гэхэд хилсдэхгүй. Бидний эцэг дээдэс энэ нутаг усаа хөлс цусаараа хамгаалан "Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээн тэмцэж байсан бол өнөөдрийн төр засгийн удирдагчид "Бурхан” байтугай "буг”–тай нийлээд худалдчихлаа. Иймээс "Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг булааж авсан” З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын гараас төрийн алтан тамгаа салгаж авъя хэмээн ард түмэн шаардаад байгаа юм.
 
ХОЁР: Монгол маань, гадаадын тагнуул туршуул үүрлэсэн газар нутаг боллоо. 
Та бүхэн нэг зүйлийг санаж байгаа байх. "Саусгоби сэндс” компаны ажилтан Ж.Капла тэргүүтэй бүлэг хүмүүс Монгол Улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргээр ял шийтгүүлээд байж билээ. Ж.Каплаг шоронд байхад нь Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл эргэж очин хүндэтгэл үзүүлээд "Америкийн иргэнийг хорьж болохгүй” хэмээн мэдэгдэл хийж байсан.
 
Дараахан нь Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрх мэдлээ ашиглан, Монгол Улсын хэд хэдэн хуулийн заалтыг зөрчин Ж.Каплад уучлал үзүүлэн суллаад явуулчихсан. 35.2 тэрбум төгрөгийн хохирлыг нь ч төлүүлэлгүй санд мэнд гадагшаа гаргаж байгаа юм. Барууны эзэд нь: "Гадаадын зарим бизнес эрхлэгчийн хилээр гарах эрхийг хязгаарласны улмаас бусад олон ажил хэрэгч хүмүүс Монгол руу зорчих болон Монголд бизнес эрхлэхээс татгалзаад байгаа үед энэхүү уучлалыг үзүүллээ” .. гэж хөхүүлэн дэмжиж байсан.
 
Монголын хууль ч хамаагүй болсон. Америкийн дохио зангаагаар л явж байгаа нь энэ. Хүмүүс "Энэ Ж.Капла гэдэг чинь Барууныхаас монголд тавьсан эдийн засгийн алуурчдын гол толгойлогч байсан юм билээ” гэж шивнэлддэг. 
 
Сүүлийн үед бас нэг асуудал босч ирлээ. Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллаж байсан гэх М.Батчимэг гэх эмэгтэй гэв гэнэт УИХ-ын гишүүн болоод гарч ирсэн. Ардчилсан намын нэрсийн жагсаалт гэгчийн 10-т бичигдсэн. Тэгтэл саяхан М.Батчимэгийн зөвлөх нь Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллаж байсан гадаадын тагнуул хэмээн 16 жилийн хорих ялаар шийтгүүлчихлээ.
 
Энэ талаар хүмүүс "Гадаадын тагнуул зөвлөхтэй М.Батчимэг өөрөө ч тагнуул байхыг үгүйсгэх аргагүй. Ерөнхийлөгчийн тамгын газраас эхлэн шалгах хэрэгтэй” гэж байна. Бүх эрх мэдэл, гар ганзага нэгтэй цөөн хэдэн хүний гарт төвлөрсөн өнөөдөр ч, үгүй байх л даа. Энэ төр засаг солигдож л таарна. Тэр үед магадгүй юм. Заримдаа "Энэ дээгүүр чинь гадаадын тагнуул, хөлсний этгээдүүд үүрлэчихээд, хорлон сүйтгэх ажиллагаа явуулан, манай эдийн засгийг сульдаагаад байгаа биш байгаа даа” гэж ч бодогдох боллоо.
 
Дорноговьд болсон нэг уулзалтаас хүмүүс над Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дамжуулж өгөөрэй гэж нэгэн үг дайсан. Түүнийг нэмэж хасалгүй дамжуулъя. "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та, түрүү улсын нууц задруулсан хэрэгтээ Н.Энхбаяртай хуйвалдаад уснаас цэвэр гарсан. Одоо Ерөнхийлөгчийн тамгын газартаа гадаадын тагнуул орогнуулсан хэрэгтээ хариуцлага хүлээхгүй гэж үү” гэсэн юм.
 
ГУРАВ: Өнөөдөр эрх баригч нам, төрийн бүх эрх мэдэл Зандаахүүгийн Энхболд гэгч хүний гарт төвлөрсөн. Яг л Х.Чойбалсангийн, Ю.Цэдэнбалын үеийнх шиг. Тэгээд яалаа, ард түмэн санаж байгаа байх. Энэ хүнд, хийж чаддаг нэг "дархан мэх” бий. Төрийн өмчийг үнэгүйдүүлж, дампууруулж, тартагт нь тулгаж байгаад хувьчлал нэрээр хуваагаад авчихдаг явдал. Төрийг өмчгүй болгон, гарыг нь мухарлаж санаа нь амардаг хүн. Анх Төрийн өмчийн хорооны дарга байхдаа Монголын хэдэн сор үйлдвэрийг үнэгүйдүүлж, өөрсдийнхөө намын хамаатан садан, найз нөхдөө тэрбумтнууд болгосныг Монголын ард түмэн мартаагүй байгаа. Тэр, хайр ивээлийг нь хүртсэн баячуудаараа түшүүлж дэмжүүлэн зүтгэсээр , өнөөдөр "оргил дээд” сэнтийд заларч сууна. 
 
Хүний хомхой сэтгэл гэдэг ханадаггүй юм байна. Өнөөдөр эрх мэдэлтэй байгаа дээрээ Монголын төрөөс, үлдсэн жаахан хөрөнгийг нь хувааж авахаар ханцуй шамлан орлоо. Энэ луйврыг эсэргүүцсэн шудрага үнэнч Д.Цогтбаатарыг Төрийн өмчийн хорооноос зайлуулан, өөрсдийнхөө хүнийг оронд нь тавьж байгаад хийж байна. Төмөр зам л гэнэ. Цахилгаан станцууд л гэнэ.
 
Авиа компаниуд л гэнэ. Эмнэлэг, сургуулийн барилга байшин л гэнэ. З.Энхболд зөвшөөрлийг нь өгч, Э.Бат-Үүл нарын хэсэг нөхөд бужигнуулж байгаа нь энэ. Уул нь аль ч улс орны төрд зайлшгүй чухал өмч байдаг. Түүгээрээ хүчирхэг байдаг. Сонгуулийн өмнө амжиж, өөрийнхнийхээ гарыг цайлгах гээд байгаа энэ обьектууд бол ард түмний маань олон арван жил хурааж хумьсан хөрөнгө юм.
 
Уул нь сөрөг хүчин, иргэний нийгмийнхэн, Монгол төрийн энэ их өмч хөрөнгийг хэрхэн үнэгүйдүүлж, хэндээ, хэдэн төгрөгөөр өгөв гэдгийг нарийн тооцоолж ард түмэндээ мэдээлж байх учиртай юм. Яг түүн дээрээ очихоор нууцаар хувь хүртээчихдэг учир дуугарахгүй байна.
 
ДӨРӨВ: Бүлэглэлүүд Монголын хөрөнгө мөнгийг хувааж идчихээд "Эдийн засгийн хямрал” гэх зохиомол зүйл гаргаж ирсэн. Алт эрдэнэсээр дүүрэн нэг сая 500 мянган квадрат км газар нутагтай, 60 сая толгой малтай, боловсрол эрүүл мэндээрээ дэлхийд дээгүүр бичигддэг гуравхан сая ард түмэн "Эдийн засгийн хямрал”-д өртөөд бүсээ чангалж, зарим нь бүслэхээрээ тасарч байна гэхэд хэн итгэх юм бэ? 2012 оны сонгуулиар "Төр засгийн эрхийг үндсэн хуулийн бус аргаар булааж авсан” цөөн хэдэн хүн, тухайлвал З.Энхболд , Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Р.Гончигдорж нарын бүлэглэл л ийм байдалд хүргэчихээд байгаа.
 
Энэ бичсэн зүйлээ би тодруулъя. Одоо дагаж мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн "Монгол Улсын их хурал” гэсний,хорин нэгдүгээр зүйлийн 2-т: УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй , шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байгаа. 
 
Тэгвэл бид энэ хүмүүсийг "шууд” сонгож чадсан уу? Үгүй. Эд нар чинь нэрээ ил биччихээд, ард түмний саналыг авалгүй УИХ-д ороод ирсэн хүмүүс. Тэр битгий хэл шууд, нууц сонгогдсон гишүүдийнхээ "толгой дээгүүр харайгаад” хуйвалдааны журмаар төр засгийн эрхийг булааж авсан хүмүүс. Тэгээд л, улс орон, ард түмнийхээ эрх ашгаас урван гадныханд, тэр дундаа "Барууныханд” үйлчилж эхлэсэн дээ.
 
Эзэн богд Чингисийнхээ нэрийг барьж, улс орноо барьцаанд тавин "Чингис” бондоос эхлэн өр тавьж эхлэсэн. Дэлхийн хичнээн орноос өр тавив. Ард түмэн нь манайтай адилхан өлсгөлөнд нэрвэгдээд байгаа Энэтхэгээс хүртэл асар их ам.доллар салгасан. 
 
Ичих нь яанаа! Тэхэд Энэтхэгчүүд Монголд мөнгө өгсөн төрийн тэргүүнийхээ эсрэг босон тэмцэж байх жишээтэй. Энэ хэдэн хүн Чингисийн Монголын нэрийг дэлхийд хөөдөж, буртаглаад дуусгаж байна. Хэрвээ эдийн засгийн хямрал болчихоод байгаа бол, гадна дотны нөлөө хайх хэрэггүй, энэ хэдэн олигархиуд л хямраасан. 
 
ТАВ: Саяхан улстөрчдийн дунд судалгаа явуулж хамгийн өөдгүй хүмүүсийг нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар маналайлсан байна билээ. Бие биенээ магтаж дөвийлгөж байдаг энэ хоёр хүнээс энэ удаад Э.Бат-Үүлийн талаар хэдэн үг хэлмээр байна.
 
Мөн ч сайхан зүйл амлаж, сайхан инээмсэглэлээр хуурч гарч ирсэн дээ. Иргэдийн хашаа байшинг "хаус хороолол” болгоод шугам сүлжээнд холбочихно гэсэн, хаа байна? Хотын төвд барилга байшин нэмэж бариулахгүй, зах руу нь тэлж хөгжүүлнэ гэсэн, хаа байна? Утаагүй Улаанбаатар болгоно гэсэн , хаа байна? 18 км метро барьчихна гэсэн , хаа байна? Ер нь Э.Бат-Үүлийн амлалтаас биелэсэн зүйл бий гэж үү! Хотын даргын сэнтийд заларсныхаа маргаашнаас л, хувийн өмч рүү дайн зарласан. Хотын төвийн сул чөлөөтэй газар бүхнийг танил талынхаа барилга байшин хашаагаар хааж, зам талбайг бөглөсөн. Тэгэнгүүтээ ачдаг машин, түгждэг техник оруулж ирээд хэдэн ядарсан жолоочоо яаж дарамтлав. Хотын иргэдийн амь амьдрал хамаагаа алдсан. 
 
"Мөнгө цагаан, нүд улаан” гэгч зарчмаар, хотын иргэдээ бөхийлгөж, бүр тушчихаад байгаа. Үүний жишээ болгож "Ухаалаг автобус”, "Ухаалаг карт”-ны талаар хэдэн үг хэлэхгүй бол алдас болно. Уул нь манай үе үеийн удирдлагууд, хотын иргэдийнхээ төлөө санаа тавьж, нийтийн тээврийг ямар сайхан болголоо. Өнөөдөр Улаанбаатар хотын хүндтэй дарга нар Д.Цэдэв, Д.Мөнхжаргал, Ц.Баасанжав, М.Энхболд, Г.Мөнхбаяр... нарын зэрэг хүмүүс бүгд амьд сэрүүн байгаа. Тэдний хийж бүтээсэн бүхнийг Э.Бат-Үүл, Д.Баттулга, Н.Гантөмөр нар гуравхан жилийн дотор баллуурдаж байгааг хараад элэг эмтрэх юм.
 
Хэнийх нь шахааны бизнес юм, хорин угсраа автобус тэнгэрт хадсан үнээр оруулж ирлээ. Тэр нь төв шуудангийн дэргэдэх хар зам дээр дундуураа салчих юм. Телевизээр салчихсан, нүхтэй харагдаж байхад, салаагүй, эвдрээгүй гэж нуугаад байх юм. Арын угсраа нь тооромсоглоход савлаад, хүмүүс ханарч ойчсон байж билээ. Дан хувийн ашиг хонжоо хайсан ийм дарамтанд хотынхон маань сөхөрч байна.
 
Автобусны үнэ тариф бол 2-6 дахин нэмэгдэж ядарсан иргэдийнхээ халаасыг хоосолсон. Олон автобус дамжаад ажилдаа цагтаа ирдэг хүн бараг байхгүй болсон. Энэ туршилтын эхний ганц өдөрт 30 гаруй сая, хоёр дахь өдөр нь 40 гаруй сая төгрөгийн ашиг олсон гэж хотын удирдлагууд сайрхаж байгаа. Тэр чинь, бидний л халааснаас "хулгайлсан” мөнгө шүү дээ. Одоо хичнээн зуун сая, тэрбум болоод байгааг бүү мэд.
 
Э.Бат-Үүлтнүүд энэ ажиллагаагаа "Ухаалаг автобус”, "Ухаалаг карт” гэхчлэн нэрлэчихсэн байгаа. Үнэхээр л ухаалаг үйлчилгээ юм даа. Хэр барагийн луйварчны ой тоонд ийм ухаан буухгүй л дээ! Бидний цалин тэтгэврийн хэд маань, хотын дарга нарын хоолны дээж болох болтугай.
 
ЗУРГАА: "Эдийн засгийн ил тод байдлын буюу татварын өршөөлийн хууль нь , нэг ёсондоо тэрбумтнуудынхаа халаасыг зузаалсан луйвар. Түрүү хэд хэдэн удаа татварын өршөөлийн хууль гэж гаргасан. Түүнээс олсон ашиг нь нууж дарагдуулсан татварынх нь хаана ч хүрээгүй. Түрүүчийн удаа МАН-ынхнаа илүү "өршөөчихсөн” бол энэ удаа АН-ынхан илүү "өршөөгдсөн” . Өршөөл ч гэж дээ, нууц хуйвалдаан, луйвар л юм шүү дээ.
 
Хэдэн жилийн өмнөөс "Татварын өршөөлийн хууль гарна” гээд зарлачихдаг. Өөрсдийнхөө танил тал, хамаатан садны татварыг хураалгалгүй дараад байдаг. Учрыг нь мэдэхгүй, танил талгүй аж ахуйн нэгжүүд нь гүрийтлээ зүтгэж хамаг мөнгөө татварт хураалгадаг гаж тогтолцоо бий болсон. Зарим сүүхээтэй нэг нь ил далд дансуудтай, хэд хэдэн янзын бланс гаргаж татвараас зугтаалгадаг. Өршөөгдөх болохоороо тэд өршөөгддөг, өнөөх шудрагаар татвар төлдөгүүд нь хохироод өнгөрдөг ийм жишиг Монголд л байна. 
 
Хүмүүсийн яриагаар бол татвар төлдөггүй баячууд, түүний хааж хамгаалж байдаг татварын байцаагч эрх мэдэлтнүүд, ард нь энэ бүхнийг "найруулж” хувь хүртдэг эрхэм дээдэс гээд бүхэл бүтэн сүлжээнүүд байдаг гэх. Тэд голлоод "Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль” гэж сайхан нэр өгөөд өршөөлийн хууль санаачилдаг, хэлэлцүүлдэг, баталдаг юм байна. Өнөөх "ил тод байдлын" тухай хуулиа батлуулангуутаа нууцын зэрэглэлд хамруулаад, хамгийн нууц болгочихож байгаа юм. Миний бодлоор бол "төрийн залилан” гэмээр л юм. Гадуур шуугиж байна. Одоо хаширлаа гэнэ. Монголд татвараа шудрагаар төлөх хүн үлдэх юм уу, үгүй юу, бүү мэд!
 
ДОЛОО: Өршөөлийн хуулийг ард түмэндээ сайндаа гаргаагүй, цөөн хэдэн авилгачид, гэр бүлээрээ нийлж Монголын хөрөнгийг ууталсан луйварчдаа өршөөхийн тулд энэ хуулийг санаачилсан, боловсруулсан, хүч түрэн баталсан. Хөнгөн, хүндэвтэр ялтай хүмүүсийг Өршөөлийн хуульд хамруулсаар ирсэн уламжлал бий. Тэр уламжлалыг зөрчин авилгачид, албан тушаалын хүнд, онц хүнд гэмт хэрэгтнүүдийг өршөөхийг гол болгоснооороо энэ нь хууль биш, завхрал болсон. Үүгээрээ , нийт ард түмнийхээ төдийгүй Олон улсын бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Өөрөөр хэлвэл энэ хууль нэртэй юм нь, цөөн хэдэн хүний захиалгаар хийгдсэн, АН, Эвслийнхний хүч түрэлтээр батлагдсан зүйл.
 
Миний хувьд олон түмнийхээ нэгэн адил энэхүү хуулийн оронцогийг эсэргүүцэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьсан нь сайн хэрэг боловч хориг гэхээсээ, олон түмний сэтгэхүйд "Өшөө авалт” гэдгээрээ илүү тусч байгаа. Прокуроруудын баяр дээр очиж "хуурай агсам тавьсан” нь олон түмний санаа бодлын илэрхийлэл гэхээсээ илүү Н.Энхбаяр гэж хүнээс өшөөгөө авч байна. "Энэ хүн өршөөгдөж, цагаатгагдвал юу ч хийж мэдэх хүн” хэмээн айсан шинж байдал илэрхийлэгдэнэ билээ. Тус хурал дээр цаг хайрлахгүй ярихдаа өрсөлдөгчөө харааж зүхсэнээс бус, эх орончид тухайлвал "Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын олон хүнийг өршөөх талаар ганц үг ганхийгээгүй. Олон түмэн үүнд бухимдаж байна. Гадны хулгайчдыг суллаад явуулчихдаг хэрнээ, газар нутаг, хүн ардаа өмгөөлөн тэмцэгчдийг хориод, үхүүлээд байгаад харамссан хүн олон байна. Газар нутгаа худалдаж баяжсан. Хэнд ч энэ ээлж ирэх л байх.
 
НАЙМ: Намбарын Энхбаяр гэж хүнийг түрүү ирээд буцахад, өдөр тутмын нэг сонинд: Н.Энхбаяр бол өшөө хорслоор буцалж явдаг хүн” гэсэн гарчигтай материал нийтлэгдэж билээ. Өнөөдөр ингээд харж байхад тэр үнэхээр л Ц.Элбэгдоржоос, Ардчилсан намынхнаас, Ардын намынхнаас өшөө авахын тулд амь амьдрал хайрангүй явах шиг байна. Монголд ирэх болгонд нь нэг хар толбо үлддэг. "Нутгийн агаар амьсгална” гэж ирээд нууц хэлэлцээр байгуулснаас Н.Алтанхуягийн засгийн газрыг унагаасан. Дараа нь ирээд засгийн газрыг бужигнуулж МАН-ынхныг хөөлгөөд засагт сэлгээ хийж З.Баянсэлэнгийгээ хүртэл сайдын сэнтийд залж амжсан.
 
Барилга хот байгуулалтын чиглэлээр дээд сургуулиуд төгссөн, олон улсын хэлтэй , арвин баян туршлагатай ажилтнууд Баянсэлэнгэ сайдынхаа тухай, ёстой л ичгэвтэр зүйл ярьж байна билээ. За, тэр ч яахав. Эмэгтэй хүн аль, од шүүрэхийг тэр гэхэв. Н.Энхбаярын ирсэн даруйд, түүний баруун гар болж явсан, Ерөнхийлөгч байхад нь Тамгын газрын даргаар ажиллаж байсан Т.Билэгтийн хүү учир битүүлэг таалал төгслөө.
 
Уул нь "МАХН сонгуулийн өмнө нэрээ солихгүй” гэсэн итгэл үнэмшилд үнэнч хэсэг хүн, түүн дээр намаасаа албан тушаал авалгүй гомдож горойгсод, урваж шарвагчид, гудамжинд явж байсан хүмүүсийг "Их мөнгө гэдэг туган дээр” нэгтгэж МАХН гэгч тоглоомын нам байгуулахад гол гавъяа байгуулсан хүмүүс бол Н.Удвал, Ц.Шинэбаяр, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Анхдугаар их хурлын хүндэтгэлийн суудалд Н.Энхбаяртай хамт энэ хэд л сууж байсан. Ц.Шинэбаяр , Л.Жамбалжав нарыгаа хөөгөөд явуулчихсан.
 
Н.Удвал сураг тасарсан. О.Баасанхүү тэрс үзэлтэн болсон. З.Баянсэлэнгэ нь л "Шадар сайд болох юм гэнэ” гэж хэсэг яригдаад, Барилга хот байгуулалтын сайд болчихлоо. Н.Энхбаярын нэг гол зан чанар бол хэнийг хэдийд хүлээж авахаа мэднэ. Хэрэглэж дуусаад нэг удаагийн цаас шиг хаяна. Урвагчид , гомдогчид, албан тушаал горьлогчид арга тасрахаараа Н.Энхбаярын нам руу л очиж байгаа. Өнөөх О.Чулуунбат, Д.Тэрбишдагва.. нар хайчлаа? Сонгууль дөхөөд ирсэн чинь МАН-ын гишүүн , энэ намын буянаар бүхий л өндөр албан тушаалыг нь хашиж явсан Ж.Сүхбаатар нарын долигонуурууд Н.Энхбаярт хадаг бариад очсон. 
 
Н.Энхбаяр гэж хүнд энэ улс орны хувь заяа, ард түмний амьдрал, олон түмний эв нэгдэл огтхон ч хамаагүй, дахин албан тушаалд хүр, өшөө хорслоо тайлах л цорын ганц бодолтой явах шиг байна. Ухагдах асар их юмтай хүн ингэж явдаггүй л юм даа. Цаадуул нь сохор, дүлий биш. Н.Энхбаярын талаар юу ч гаргаж ирж чадна. Дахиад шалгаж, хилээр гарахыг нь хориглолоо гэнэ. Миний хүү ингэж яваа бол "Одоо больдоо хүү минь. Чи Монгол Улсын Ерөнхийлөгч , Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга, бүх өндөр дээд албыг хашиж үзлээ. Болоо. Өөрийгөө бодож, энэ улс орны хувь заяаг бодож, эх нутагтаа тайван амгалан суу. Чамд болон үр удамд чинь хүрэлцэхүйц хөрөнгө байна. Битгий ингэж хор шараар буцалж яв” гэж хэлмээр л байдаг.
 
Орой болгон телевизээр орчуулсан сургаал нь гараад байдаг. Тэгтэл өөрөө хэдэн хүн дагуулчихсан намуудыг харааж зүхэж, олон түмнийг салгаж хөндийрүүлээд явж болдог юм уу? 
 
ЕС: Ялзарсан төр, засгийн утсан хүүхэлдэйнүүд болсон Х.Амгаланбаатар, Х.Ганбаатар нарыг хараад ой гутах юм. Бидний нүүрэн дээр болохоороо "Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь ард түмнийхээ төлөө тууштай тэмцэнэ. Засгийн газартай гурван талт хэлэлцээрийн ширээнд сууна. 
Тэмцлийн дараагийн хурц хэлбэрт шилжинэ” гэхчлэн, нум саадаг агссан баатар шиг ханхалзаад байдаг. Төр, засгийн тэргүүнтэй уулзахаараа юмуу, одоо бүр болиод Г.Баярсайханы өмнө очоод сөхөрчихсөн "Эдийн засгийн хямралаас болж цалин тэтгэвэр нэмэхийг ирэх жил хүртэл хойшлууллаа” хэмээн ичихгүй дуугарч байх юм. Г.Баярсайхан гэдэг чинь МАН-ыг засгаас гаргахын төлөө хамгийн өндөр дуугаар хашгичсаар сайдын суудлаар "шагнуулсан” хүн л гэж хүмүүс ярих юм билээ. Монголын төр засаг мөнгөгүй биш. Цөөн хэдэн хүн хуваагаад авдарлачихсан байгаа.
 
Монгол банкны ерөнхийлөгч нь олон тэрбум төгрөгөөр ажилчиддаа буцалтгүй тусламж олгож байгааг, сайд дарга нар бараг л өдөр өнжихгүй гадаадад доншуучилж байгааг, хотын дарга Э.Бат-Үүл нь 35 тэрбумаар 50 бенз, арваад тэрбумаар 20 угсраа автобус оруулж ирж байгааг, аймаг, хот, дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан, татварынхаа мөнгийг тэрбум тэрбумаар нь хувааж халааслаад тансаглаж байгааг "мөнгөгүй” хямарлаа гэж үзэх үү? Монголд ямар ч хямрал нүүрлээгүй. Үүнтэй МҮЭХ, АОЭНХ-ны удирдлагууд нь хуйвалдаад, хамсаж хуураад байж болдог юм уу. 
 
Дээшээ долигнуур, доошоо мэхлэгч, энэ удирдлагуудаасаа ажилчин олон түмэн минь салахыг бодохгүй байна гэж үү? Х.Амгаланбаатар, Х.Ганбаатар нар урваж зүсээ буруулахаар, хэн энэ туйлдсан ард түмнээ харж хамгаалах болж байна? Ирэх онд цалин тэтгэврийг нэмнэ гэдэг чинь өнөөх л өрний 3,5 тэрбум ам. доллараа оруулж ирэн сонгуулийн өмнө өчүүхэн хэсгийг нь бидэнд хүртээн, сүүлд нь "Энэ муухай гуйлгачингууд л идчихсэн шүү дээ” гэж ам таглах гэж байгаа хэрэг.
 
Өөрөөр хэлвэл бидний үр хүүхдийн мөнгийг "хулгайлж” авчраад сонгуулийн өмнө шоудах гэж байхад Үйлдвэрчний байгууллагууд нь дэмжээд ард түмнийхээ тархийг угааж байх нь зөв юм уу. Өр бол бузар мөнгө. Хойч үеийнхнээсээ хулгайлсан мөнгө. Ард түмэн минь, түүнд битгий хууртаарай.
 
АРАВ: Ирэх онд АСЕМ-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо хийнэ гээд хэдэн хүн хөл хөөрцөг болж байна. Тавин хэдэн орны төр, засгийн тэргүүнийг бараа бологчидтой нь хүлээж авах гэнэ. Улаанбаатарын Олон улсын галт тэрэгний буудал, Олон улсын нисэх онгоцны буудал гэж томоохон баяны "амбаар”-ын чинээ юманд хүлээж авах гэж байгаадаа ичдэггүй л юм байхдаа. 
 
Уул нь өнгөрсөн гурван жил хагаст улс орноо гэсэн бодолтой удирдагчид байсан бол энэ олон баяр цэнгээний газар барьж байхын оронд, Олон улсын хоёр буудлаа өргөтгөөд барьчихаж болох л байсан даа. Даанч сэтгэл дутсан. Хувийнхаа аж ахуйг л тордож байснаас биш, улс оронд хэрэгтэй юм үлдээе гэж бодоогүйн жишээ энэ. 50 гаруй улсын төр засгийн тэргүүнүүд хувийн онгоцтойгоо морилж ирнэ. Хаана буулгаж, хаана багтаах юм. 
 
Хотоос, ирж очихын 100 гаруй км-т баригдаж байгаа Олон улсын онгоцны буудалд найдвар байна уу? Нэгэн зэрэг тавин хэдэн том онгоц дүүрэн хүн хүлээгээд авчих, техник эдийн засгийн болон хүн хүчний боломж байгаа юм уу? гэхчлэн олон асуулт урган гарч байна. 
 
Ер нь, хамгийн ядарч сульдсан үедээ яах гэж ийм том хурал-уулзалтыг эх орондоо хүлээж авсан юм бэ? гэж хүмүүс асууж, ярилцаж байна. Хүмүүсийн ам дамжсан яриагаар бол: "2016 онд тэртэй тэргүй Ардчилсан нам ялагдана. Энэ хэдэн хүн НҮБ-д ая тал засан, нүхээ ухаж байгаа нь энэ гэнэ. Нөгөө нэг тал нь АСЕМ-ын нэрээр их мөнгө зарж, их хөрөнгө хувааж авах гэнэ. Та бүхэн харж байгаа. Өөрсдийнхээ том зочид буудлуудад, засвар үйлчилгээнд нь гээд олон тэрбум төгрөг хуваагаад өгчихсөн. 
 
Тэгсэн атлаа Богдхан уулын араас өгсүүлэн 50 хаус барьж байгаа. Миний ажигласнаар бол нэг нь л гэхэд цэцэрлэгийн нэг барилгын дайтай, том ордон юм билээ. Энэ 50 ордонд зочдыг гурав хоног байрлуулаад, явангуут нь тавин сайд дарга нар үнэтэй , үнэгүй хувааж авах юм гэнэ гэсэн яриа явна. 35 тэрбум төгрөгөөр авчирч байгаа 50 бенз ч, мөн адил , эрхэм дээдсийн хувааж авах тансаглал гэлцэж байна. Мэдээж, байгалийн хамгийн сайхан байрлалтай тэр 50 ордон, хамгийн тансаг зэрэглэлийн тавин машин жирийн ард түмний гар дээр очихгүй л дээ. 
 
Сүүлчийн Ерөнхийлөгч, сүүлчийн хоёр засгийн газар, Улаанбаатарын удирдлагууд "Ухаалаг” гэдэг нэр томъёо гаргаж ирсэн. Монголын хөрөнгийг хувааж авах, ард түмнийг нь туйлдуулахдаа үнэхээр "Ухаалаг” хандлаа.
 
АРВАН НЭГ: Би саяхан хэдэн аймаг, сумын нутгаар яваад ирлээ. Хүмүүс намуудын удирдлагад асар их бухимдаж байна. Тэр дундаас МАН ч хоцорсонгүй. Би 1964 оны намын гишүүн хүн. Намдаа, болохгүйг нь шууд хэлчихдэг, болж байгааг нь дэмжээд явна. МАН-ын удирдлагын хоёр том алдааг бараг л зуун хувь буруутгаж байна. Сонгуулийн өмнө нэрээ сольж Н.Энхбаярт ашиглууласныг. 
 
Нөгөөх нь, сонгуулийн өмнө үхээнц дорой эрх баригчдын өвөрт давхиж ороод, очиж очиж Д.Арвин, Б.Гарамгайбаатар, Д.Ганбат ... нарын өөдгүй хүмүүст хөөгдөөд буцаж ирснийг харамсан ярьцгааж байлаа. Удирдлагын ийм арчаагүй байдлаас намын рейтинг унасан нь үнэн. Хүчтэй сөрөг хүчин байгаад ирэх сонгуульд дангаараа ялалт байгуулахыг бодолгүй хэдэн сайдын суудлын төлөө нэр нүүрээ баран зүтгэсэн нь МАН-ын өнөөгийн удирдлагын том алдаа.
 
Нөхөж баршгүй ийм алдаа гаргахдаа олон түмнээс 50 гаруй хувийн санал авсан мэтээр намын хамт олны нэр барьж худал хэлснийг хэн ч зөвтгөх аргагүй. Өнөөдөр МАН-ын удирдлагууд хүчтэй сөрөг хүчний байр суурьнаас хандахгүй АН-ын удирдлагуудтай ил далд сүлбэлдэн үлбэгэр мохоо ажиллаж байгааг хэн ч үгүйсгэхгүй биз. "Тэртэй тэргүй манай хоёр том нам л 76 суудлыг хувааж авна. Хамтраад засаг байгуулчихна” гээд "хар машин”, "нэрсийн жагсаалт”–ыг хүртэл дэмжих болсон нь манай намын өнөөгийн удирдлагуудын гурав дахь том алдаа гэхээс өөр аргагүй.
 
Би очсон газар болгондоо намын хурал, хамт олны уулзалт хувь хүмүүстэй уулзан санал бодлыг нь сонсож байсан. Тэд бараг бүгдээрээ 11, 12-р сард багтаан МАН-ын онц их хурлыг хуралдуулж, нэр хүнд муутай удирдлагуудаа, тэднийг сохроор дэмжигч, бараг нэг гэр бүлийн гэмээр болчихсон удирдах зөвлөлийг халж, ашиг сонирхлын зөрчилгүй, дайчин шуурхай залуучуудыг гаргаж ирье гэж байна. Сонгууль хаяанд ирчихээд байхад, энэ том нам өөдтэйхэн дуугардаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй, ганц "Үнэн” сониноо хувийн сонины дагуул болгож, "элэггүй” хүмүүст өгчихөөд ялна гэж бодож суувал том эндүүрэл гэж байна. 
 
ОЛОН ТҮМНИЙ САНАЛ: 
 
1. Улс орон тартагтаа тулж, Чингисийн төр мөхлөө. Бид ядуурахын зэрэгцээ 5-6 үеэрээ төлж барахгүй өрөнд уналаа. Удахгүй Монгол Улс дампуурлаа зарлаж, аль нэг эвсэл юм уу, том гүрний "хараат” улс болох гэнэ. Ард түмний цорын ганц гарц нь энэ "идэмхий” дээдсийг зайлуулах. Монголын хөрөнгийг уутлаад гадаад руу гэр бүлээрээ оргож гарахаас нь өмнө хариуцлага тооцъё. 
 
2. Ээлжит сонгууль 2016, 2017 онд болох ёстой. АНУ-ын "хар машиныг” хог дээр хаяж, "намын нэрсийн жагсаалт” гэдгийг устгаж, Сонгуулийн ерөнхий хороо болон бүх хэсэгт намуудын хүчний харьцааг нарийн тогтоогоогүй нөхцөлд сонгуулиас татгалзъя. Үндсэн хуулийнхаа дагуу "нууц” "шууд” сонгуулийг дэмжинэ.
 
3. Өнөөгийн төр засгийн удирдлагын бүтэлгүй хүмүүсээр "Үндсэн хуулиа” сэглүүлэхээ больё. Харин, хувийн ашиг сонирхлын үүднээс Үндсэн хуульд оруулсан "Н.Энхбаярын долоон өөрчлөлт”-ийг авч хая.
 
4. Ард түмнийхээ амин чухал эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол ард түмний"Их эвсэл” байгуулан тэмцэж хууль ёсны бус УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулъя. Монголын нэр хүнд бүхий шилдэг хүмүүсээр бүрдсэн Бүх ард түмний их хурал хуралдуулж төр, засгаа шинээр эмхлэн байгуулъя. 
 
5. Монголын хөрөнгийн тал хувь нь цөөн хэдэн луйварчид, тэдний гэр бүлийнхний нэр дээр гадаад дотоодын банкнуудад хадгалагдаж, гадаад орнуудад том эдлэн газар, орд харш болоод байгааг анхааралдаа авч үндэсний хэмжээний комисс байгуулан тоолж бүртгээд , эзэмшигчийн саналыг аван өнөөгийн их өр (22-25 тэрбум ам. доллар)-ийг эргэж төлөх нөхцөлтэйгээр барагдуулъя. Хууль бусаар олж авсан хөрөнгийг бол хураасан ч буруудахгүй гэсэн олон түмний саналыг уламжлая.
Төр түвшин, түмэн олон амгалан болтугай.
 
Г.Жамьян МУСГЗ
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.