Хөвсгөл аймгийн баруун хязгаарт орших Цэцэрлэг сумын Төрийн өмчит "Могойн гол”-ын уурхай Хөвсгөл, Завхан аймгийн ард түмнийг 1970-аад оноос илч дулаанаар хангасаар ирсэн коксжсон нүүрсний арвин их ордтой газар билээ. Үе үеийн улстөрчид, уул уурхайнхны овоо хараанд байнга л өртөж байдаг тус стратегийн орд газруудад давхардуулан лиценз олгох, жижиглэн хуваах зэрэг луйврын жишгээр энэхүү нүүрсний орд газраас хууль бусаар хулгайлан авсан нь өдгөөгийн Овоотын ордыг эзэмшиж буй гэж мэдэгдээд байгаа "Аспайр майнинг” юм. Хууль бусаар авсан орд газрын нүүрсийг зөөх нэрийдлээр төмөр зам тавихаар санаархаж байгаа бөгөөд энэ нь хоймор нутаг цөлжих аюул дагуулж байгааг өмнөх нийтлэлдээ баримтаар дэлгэсэн.
Мөн мэдээллийн цувралаар хүргэж байгаа билээ. "Аспайр майнинг”-ийн охин компани болох "Хургатай хайрхан”-ы хууль бусаар эзэмшиж байгаа лиценз бүхий тус бүс нутагт Хөвсгөл аймгийн хүн амын 30 хүртэл хувь нь амьдардаг. Мөн бэлчээрийн мал аж ахуйн 30-40 хувь нь энэ нутагт амьдардаг. Хангайн усны нөөцийн гол ай сав газар, усны эх ундарга бий. Тиймээс уул уурхайн ашиглалт, олборлолт хийгээд төмөр зам барих нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг судлан тогтоож гаргах нь маш чухал.
Тус компани Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг өдий хүртэл гаргаагүй байгаагийн цаана угаасаа байгаль орчинд ээлгүй хор хөнөөлтэй учраас үнэлгээ хийлгэх сонирхолгүй байна гэж хардаж болохоор байгаа юм. Учир нь газрын хэвлийгээрээ Хангай бүс нутгийн гүний болон гадаргын усны нөөцөөр говийн бүсийн гүний ус тэжээгдэж байдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Өнөөдөр говьд уул уурхайн ашиглалтаас болж ан амьтан усгүйдэж харангадаж үхэж байгаатай ижил зүйл ирээдүйд хангайд болох эхлэл эндээс үүдэлтэй гарч болох магадлал маш өндөр юм.
ЭХ ОРОНЧ ГОЛ ХЭМЭЭХ ТЭСИЙН ГОЛЫН АЙ САВ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ
2014 онд БОНХАЖЯ-ны захиалгаар " Эко Ази” дээд сургуулийн захирал, доктор А.Намхайгаар удирдуулсан судалгааны баг Хөвсгөл, Завхан аймгийн нутагт орших Тэсийн голын эх, Булнайн нуруу орчмын зарим нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатайг нарийвчлан судалж тогтоожээ. Тусгай хамгаалалтад авах Тэсийн голын сав газар нь хоёр аймгийн 10 орчим сумыг хамарсан нийт 223 км квадрат талбайг эзэлж байна. Тэс гол I эрэмбийн горхиноос 223 кмийг хамарч V эрэмбийн гол болтол томорсон олон голын салаа бэлчрээс эх авч урсдаг Монгол орны томоохон голуудын нэг билээ. Түүнчлэн Завхан аймгийн Баянтэс сум орчим голын урсацын 70 орчим хувь нь бүрэлдэж намгархаг газрыг хамарч байгаа нь хамгаалалтад авах үндэс болжээ. Тэсийн гол нь Хангайн нурууны салбар,
Булнайн нурууны ар, Сенгилений нурууны өвөр, усжих голуудаас эх авдаг. Булнайн нурууны арын уулсаас / далайн түвшнээс 2613 метр өндөр / эх авах Ужиг, Залаа голын бэлчрээс, Тэс гол салбарлан урсдаг ажээ. Тэс голын жилийн дундаж урсацын хурд Завхан аймгийн Баянтэс сумын орчимд 13.6 шоо метр /сек хурдтай урсч Монголын хилээс гарч эргэн Увс аймгийн Тэс сумын нутагт Увс нуурт цутгахдаа 60 орчим шоо метр секунд хурдад хүрдэг ажээ. Иймээс Эх оронч гол хэмээн нэрлэсээр иржээ. Судалгааны баг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын нутаг дахь Тэсийн голын эх, Бүрэнтогтох, Шинэ-Идэр сумын нутгийг дамнан орших Булнайн нуруу орчмын газрын байгалийн нөхцөл, биологийн олон янзын байдал, экосистем, ландшафт хөрс ургамал усны судалгааг хийж, зэрлэг амьтдын байршил, тоо толгой нүүдлийн талаар ажиглалтыг газар дээр нь хийсний үндсэнд энэ газрыг Улсын тусгай хамгаалалтад авах талаар зөвлөмж боловсруулж БОНХАЖЯ-д хүргүүлжээ.
Тэсийн голын ай сав бүхэлдээ Хангайн бүсийн усны эх ундрага болсон газар учраас энэ бүсэд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй. Мөн төмөр зам тавьснаар энэхүү сав газрын эко систем бүрэн алдагдаж цөлжих, цаашлаад мөнх цэвдэг хайлах хүртэл аюул байгааг зөвлөмжид тусгажээ.
Гэвч өнөөдрийг хүртэл Монгол орны эко системийг бүрэлдүүлж буй, стратегийн ач холбогдол бүхий Могойн голын уурхайн эх болсон Тэсийн голын ай сав газрыг улсын тусгай хамгаалалтад аваагүй байна. Уг судалгаа, зөвлөмжийг үндэслэн Улсын тусгай хамгаалалтад авахуулах хүсэлтийг иргэний нийгмийн байгууллагынхан салбарын яаманд хүсэлтээ удаа дараа өгч байжээ. Тухайлбал, "Хөвсгөл нутгаа хамгаалья” ТББ 2015 оны эхээр БОНХАЖЯ-д Тэсийн голын ай сав газрыг УТХ-д авах хүсэлтээ өгсөн байна. Хүсэлтийн хариуг БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батсансарын гарын үсгээр баталгаажсан албан бичгийг 2015 оны 12 дугаар сарын 15 -нд бичгээр ирүүлжээ.
Уг бичигт " Яамнаас Хөвсгөл, Завхан аймгийг дамнан орших Тэсийн голын ай сав, Булнайн нурууг байгалын нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулах зорилгоор судалгааны ажил хийсэн билээ. Түүнчлэн нарийвчилсан судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгүүлж үндэслэлийг боловсруулж хилийн заагийг тогтоон тухайн орон нутгийн сум, аймгийн иргэдийн хурлын тогтоол, шийдвэрийг гаргуулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр хүргүүлдэг. Одоогоор зарим аймгийн тогтоол шийдвэр ирээгүй байна.
Мөн "Нортерн Рейлвейс” компани нь "Овоот-Эрдэнэт” чиглэлийн 547 км төмөр зам барих төслийн баримт бичиг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн эсэх талаарх мэдээлэл манай яамны архив болон байгаль орчны мэдээллийн санд байхгүй болно” гэжээ. Үүнээс хойш жилийн дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 22-нд Тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар хариулт авахаар хандсан боловч хариу ирүүлээгүй байна. БОНХАЖЯ уг ай савыг Улсын тусгай хамгаалалтад авах талаар гурван жилийн өмнө улсын төсвөөр ийнхүү судалгаа шинжилгээ хийлгэсэн атал одоо болтол хэрэгжүүлээгүй байгаа нь учиртай.
Энэ хооронд ""Аспайр майнинг” охин компаниудынхаа нэрээр төмөр зам тавих ажлыг батлуулаад авсан. Энэ нь бас л хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэхэд чиглэж байна. Уг нь 2014 ондоо багтаагаад Улсын тусгай хамгаалалтад авсан бол энэ компанид Могойн уурхайг хууль бусаар аваад зогсохгүй төмөр зам тавих зөвшөөрөл, хуурамч лиценз авах боломжийг хаах байсан гэдгийг тус ай сав газрыг хамрах хоёр аймаг 10 сумын байгаль хамгаалагчид, газрын даамал, засаг дарга, ИТХ-ын дарга, ард түмэн, малчид, иргэний нийгмийнхэн хэлсээр одоо ч тэмцсээр байна.
"Хөвсгөл нутгаа хамгаалья " ТББ-аас эдгээр хуль бус үйлдлийг таслан зогсоож, ""Аспайр майнинг” –ийн мэдэлд байгаа уул уурхайн лицензүүд болон төмөр зам барих зөвшөөрлийг цуцлуулахаар шүүхийн байгууллагад хандаад байгаа юм байна.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ц.БАЯР
Сэтгэгдэл