Д.Содном: Ардчилал гэсэн уриан дор журамгүй, тогтворгүй байдал бий болгож байна


Д.Содном: Ардчилал гэсэн уриан дор журамгүй, тогтворгүй байдал бий болгож байна Д.Содном: Ардчилал гэсэн уриан дор журамгүй, тогтворгүй байдал бий болгож байна

МАН-аас зохион байгуулж байгаа "БИД ХАМТДАА" үндэсний форумын нээлтийн үеэр Ерөнхий сайд асан Д.Содном өнөөгийн улс төрийн тогтолцоо буруу байгааг ардчилал гэсэн хийрхэл газар авч эрх баригчид хэт туйлшрах болсныг өгүүлсэн юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.

-Таны форум дээр хэлсэн үг, саналыг хүмүүс сонирхож байна. Саналынхаа гол утга санаа, ач холбогдлыг тайлбарлана уу?

-Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн бараг бүх асуудлаар санал солилцох таван өдрийн чуулган болж байна. Чуулганы эхний өдрийн хэлэлцүүлэгт оролцож хурлын дэгээр тогтоосон таван минутад багтаан санаа бодлоо илэрхийллээ. Юун түрүүнд чуулганыг тодорхой, үр дүнтэй болгохын тулд оролцогчдод хандан тулгарч магадгүй бэрхшээлийн тухай бус тулгараад байгаа бэрхшээлийн шалтгааныг зөв оношлох, гарцыг эрээд зогсохгүй олж тодорхойлоход анхаарахыг уриалсан. Миний бодлоор улс төр, эдийн засаг, нийгэм хямраад байгаа гол шалтгаан нь, одоогийн төрийн тогтолцоо зохистой биш, төрийн алба бүх төвшинд тогтвортой үр ашигтай ажиллаж чадахгүй байгаа, улсын хөгжлийн хэтийг харсан бодлого төлөвлөгөө байхгүй болсон, ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэсэн сурталчилгаа туйлширч сахилгагүй, эмх замбраагүй байдал газар авч байгаа явдал гэсэн санаа юм.

-Та энэ оношийнхоо дагуу шийдлийн ямар гарцыг санал болгож байгаа юм бэ?

-Таван гарц байна. Эхнийх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан суурь заалт ноцтой зөрчигдөөд байгааг засч, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд нь өгөх зорилгоор төрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах. Тухайлбал, Сум дүүргээс сонгогдсон 400 орчим гишүүнтэй Ардын Их Хуралтай, Ардын Их Хурлаас сонгож томилсон 35-40 гишүүнтэй байнгын ажиллагаатай хууль боловсруулах, гаргах үүрэгтэй Улсын бага хуралтай, Ардын Их Хурлаас сонгож буюу томилсон Улсын Ерөнхийлөгчтэй, тэр Ерөнхийлөгчөө Засгийн газрыг удирдаж ажиллуулах үүрэг хүлээлгэдэг болох санал юм.
 
Төрийн тогтолцоог ингэж өөрчилсөн нөхцөлд Засгийн бүх эрх ард түмний мэдэлд ойртоно. Монголын хөгжлийн төлөө ажил санаачлах, боловсруулж хэрэгжүүлэх ухаан чадваргүй, хувийн болон хэсэг бүлгийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдсөн этгээдүүд улс төрийн намын нэрээр засгийн эрхэнд хууль зөрчин гарч засаглалыг хямрааж байгааг эцэс болгох алхам хийгдэнэ. Гаргах, гаргасан хууль улс, нийгмийн ашиг сонирхолд нийцэж хэрэгжих явдал иргэдийн хяналт оролцоотойгоор сайжирна.

Улс төрийн намгүйгээр улс төрийг авч явдаг улс байдаггүй юм гэж хэлдэг хүмүүс бий. Би улс төрийн нам байхыг үгүйсгэдэггүй. Ухамсар өндөртэй буюу улсыг зөв авч явах ухаантай, нийгмийн хөгжлийн цэгцтэй бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх сэтгэл, чадвар мэргэжилтэй, хувийн ашиг сонирхлоо хоёрдугаарт тавьж авлигаас хол байж чаддаг удирдагчидтай улс төрийн нам байх хэрэгтэй юм. Үүний дээр бүх шатны төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч нар тогтвортой, ухаалаг ажиллавал Монгол Улсын төр иргэдийнхээ хүндэтгэлийг хүлээнэ. Монгол Улсыг хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй болгохын ач холбогдлыг одоо ойлгож эхэлж байгаа бололтой. Энэ асуудлыг шийдэхийн тулд юуны өмнө Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан яамыг засгийн газрын бүрэлдэхүүнд яаралтай бий болгох санал хэлж байгаа. Засгийн газарт нь хариуцсан яам байхгүй байхад хөгжлийн бодлоготой болгоно гэж ярих нь утгагүй, хоосон яриа болж байгаа юм. Дээр дурьдсан төрийн тогтолцоо, төрийн алба, хөгжлийн бодлогын асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд тусгаж байж шийдэх боломжтой.

"Эвтэй бол хүчтэй" гэдэг үг улиг болсон. Эвийг хичээгсэд биш эвдэгчид ардчилал, зах зээлийн манай нөхцөлд үржсээр. Одоо бид " Сахилга дэг журамтай байвал хүчтэй байх болно" гэж ярих хэрэгтэй болсон. Чингис хаан сахилга, дэг журмаар л монголчуудыг хүчтэй байлгасан. Орчин үед ямарч улсад сахилга дэг журам сайн байна, тэнд хөгжил дэвшил гарч байсан юм. Ардчилал, хүний эрх чөлөө гэсэн уриан дор сахилга дэг журамгүй, тогтворгүй байдал бий болгож байгаа улсад хямрал, сүйрэл нүүрлэж байгааг анхаарахгүй байх аргагүй. Миний энэ санаа зөв эсэхийг улс төрийн бүх нам, төр засгийн удирдагчид, эрдэмтэд, улс төр сонирхогчид анхаараасай билээ.

http://www.garag.mn/content/read/63762.htm



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.