Дорноговьд мөнгөөр "бороо оруулж" буй нууцлаг нэр дэвшигч


Дорноговьд мөнгөөр "бороо оруулж" буй нууцлаг нэр дэвшигчУИХ-ын ээлжит сонгууль эхлэхэд хэдхэн сар үлдэж улстөрчид, нэр дэвшихээр горлигсод хөдөлгөөнд ороод эхэлсэн. Ямарсайндаа л УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  "Би цалингаараа амьдарч, зовж яваа хүмүүсийн нэг" хэмээн жиргэж жиргээчдийн дургүйг хүргээд авахав  дээ. Угтаа эрхэм гишүүн сонгогчиддоо тал засаж байгаа нь энэ юм. Энэ мэтээр эхнээсээ иргэдийн дургүйг хүргэсэн хөгийн гэмээр амжилтгүй пиар аль хэдийн эхэлжээ. Зарим нь нэг нь нэр дэвших аймагтаа аль хэдийн сурталчилгаагаа эхэлчихсэн ч аль намаас нэр дэвшихээ сонгож амжаагүй байгаа гэнэ шүү. Ийм ацан шалаан дээр яваа нэгэн эрхэмийн алдар нь  "Болдтөмөр Ерөө гол” ХХК-ны ерөнхий захирал Б.Дэлгэрсайхан юм. Түүнийг олон нийт "Болдтөмөр Ерөө гол” ХХК-ны ерөнхий захирал Б.Дэлгэрсайхан гэхээсээ илүүтэй олон эхнэрийн "нүүр үзсэн" гэдгээрээ нь олон нийт танимхаардаг. Гэвч хүн бүр л танимхаардаг хирнээ олон нийтийн дунд зүс царайгаараа бас тийм  ч танил бус эрхэм. 

 

 

Дэлгэрсайхан гэж хэн бэ

 

Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул "Дорнын говь”-ийн захирлаар нь зарим хүмүүс андахгүй. Цагдаагийн академийг төгсөөд аймгийн цагдаагийн хэлтэст, Дорнод аймгийн цагдаагийн газарт ахлах мөрдөн байцаагчаар түр ажиллаад 1993 оноос бизнесийн салбарт хүч үзэж байгаа гэхээс өөр мэдээлэлгүй.  Харин хувийн бизнесийн хувьд өмч хувьчлалын үед аймгийн мах боловсруулах үйлдвэрийг хувьчилж авч удалгүй "Дорнын говь” компанийг байгуулж өдгөө ч үйл ажиллагаа нь Дорноговь аймагт явуулдаг байна.  Бизнес нь өргөжиж  Налайх дүүрэгт мах боловсруулах үйлдвэртэй болж улмаар  Орос руу мах гаргаснаар  бэлжсэн  нэгэн аж. Түүний дараагийн бизнес нь "Болд төмөр Ерөө гол” ХХК. Хятадуудтай хамтарч байгуулж Ерөө сумын Баянголын ордоос төмрийн хүдэр олборлодог энэ ордын нөөц нь 110 сая тонноор хэмжигддэг. Ордынхоо хүдрийг ямар ч боловсруулалтгүйгээр шууд Хятад руу нийлүүлдэг гэж байгаа. Тэрбээр Хятадын хил рүү төмрийн хүдрээ гаргахын тулд 200 орчим км төмөр замыг компанийнхаа хөрөнгөөр тавьж түүндээ зориулж 2000 гаруй вагон худалдаж авсан нь Монголд байхгүй хүчин чадалтай ажээ.

 

 Гэвч тэрбээр 2013 онд   Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь төмрийн хүдрийн ордоос төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн  гэсэн үндэслэлээр ЭЦГ-ын Эдийн засгийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулаж, саатуулагдаж байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль тогтоох байгууллагад сонгогдохоор горилж буй эрхэм их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж байсан байх юм.

 

Ийн хөрөнгө мөнгөөр "хахсан" энэ эрхэм Дорноговь аймагт нэр дэвшихээр мөнгөөр бороо оруулж байгаа сурагтай. Мань эр сонгуульд нэр дэвшихээр аль эртнээс бэлдэж аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн ажиллаж байгаа юм байна. Түүгээр үл барам онгогчдынхоо нэр хаяг тодорхой мэдээллийг авахын тулд Iphone6 утасны болзолтойгоор Дорноговийн иргэн болоод шилжин суурьшсан хүмүүсийг нэр, утас, регисртийн дугаар, цээж зураг бүхий маш дэлгэрэнгүй судалгаатай сайтад бүртгүүлэх уралдаан зарласан байна.

 

Мөн сар шинийн баярын өдрүүдэд Тунгалаг тамирын Хонгор шиг нутгийн буурлууд минь ирэх сонгуульд намайгаа сонгоорой хэмээн нутгийн зөвлөлийнхөн хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэн золгосон ахмад бүрт 20.000 төгрөг, сүүний хамт бэлэглэжээ.Уг арга хэмжээнд давхардсан тоогоор 600 гаруй ахмадууд оролцсон байна. Түүнчлэн эх үрсийн баяраар мөн л мөнгө тараана гэсэн сургаар нутгийн иргэд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг барьж оочирлож эмх замбараагүй байдал үүсгээд авчээ. Үүнээс үзвэл сонгуулийн сурталчилгаагаа нилээд эртнээс хийж эхэлжээ.

 

Түүний хувьд МАН-ын гишүүн гэх боловч угтаа ямар намаас нэр дэвших нь тодорхойгүй байгаа аж. Ёстой л шарыг харж шарваж улааныг харж урван гэгчээр эрх барьж буй АН-аас нэр дэвших гэхээр олон жил МАН-д хүчин зүтгэж явсан он жилүүд талаар болох гээд хэцүүхэн сонголттой учирч байгаа бололтой. Нөгөөтэйгүүр Дорноговь аймаг өрсөлдөөн ихтэй байгаа аж.

 

Тухайлбал Дорноговь аймагт одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын экс гишүүн нутагтаа нэр хүндтэй Улаан загалмайн Л.Одончимэдийн хүү О.Одбаяр, Дорноговь аймгийн Ардчилсан намаас Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, "Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар  нар нэр дэвшинэ гэсэн таамаг байгаа. Тэгэхээр мань эр тийм ч амархан сонгогдох нь юу л бол. Тэгээд  ч ардчилал гарснаас хойш ард түмэн 20 гаруй жил хэд хэдэн сонгуулийн нүүр үзэж байна. Мөнгө тараасан нэр дэвшигчид сонгогдохдоо иргэдэд өгсөн мөнгөө нөхөхийг илүүд үздэг гэдгийг хэд хэдэн жишээ харуулсаар байгаа.  Ёстой нөгөө шархаа нөхнө гэдэг шиг... Тиймээс иргэд энэ мэт төрдөө төлөх татвараасаа зайлсхийж, сонгогдчдод мөнгө тараасан хүний юу хийх нь тодорхой шүү дээ.

 

Б.Дорж

http://politics.chuhal.mn/r/51663

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.