Хотын тендерүүд холион бантан болжээ


Яаж чадаж байна аа!

Хотын тендерүүд холион бантан болжээ

-Худалдан авах ажиллагаанд хууль үйлчлэхээ болив уу-

Төрийн хуулийг уландаа гишгэж, төрлийн холбоог урдаа барьсан эрх мэдэлтнүүд төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлуудыг төрсөн өдрийн бялуу шиг санадаг бололтой. Тиймээс тэд худалдан авах үйл ажиллагааг хуулийн дагуу биш хувийн эрх ашгийн үүднээс зохион байгуулах болжээ. Нийслэл хотын хэмжээнд сүүлийн хоёр жил зарласан тендер ийм холион бантан болсныг Сангийн яамнаас хийсэн шалгалтаар тогтоосон байна. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хийсэн уг шалгалтаар олон ноцтой зөрчил илэрчээ. Товчхондоо бол олон нийт Тендерийн тухай хууль гэж нэрлэдэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн маш олон зүйл, заалт нийслэлийн хэмжээнд зөрчигдөж байгаа ажээ.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2016 оны ажлаараа муу үнэлгээ авсан бөгөөд 2017 оны эхний хагаст тус газрын тендер шалгаруулалттай холбоотой 25 гомдол Сангийн яаманд ирсэн байна. Тиймээс өнгөрсөн долдугаар сард тус яамнаас тусгай ажлын хэсэг байгуулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалгажээ. Ажлын хэсгийнхэн шалгалтын явцад саад бэрхшээлтэй багагүй тулгарч. Үүнийгээ ч тайландаа онцолсон байх аж. Учир нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрынхны баримт, мэдээ, судалгаа хоорондоо зөрүүтэй байх тохиолдол олон гарчээ. Ийнхүү статистик мэдээ, тайлангийн чанар хангалтгүй, найдвартай биш байснаас шалгалтынхан тоо, мэдээлэл, баримт нотолгоог олон дахин шалгаж, тулгаж нягтлахаас эхлээд маш их цаг зарцуулсан байна. Төрийн албаны амин чухал зарчим болсон хариуцлага, хяналтын тогтолцоо тус агентлагт алдагдаж, эх толгойгоо алдсаны нэг жишээ нь энэ. Ингээд шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн зах зухаас дурдъя.

Төлөвлөгөөгөө зөрчиж, үр дүнгээ нуужээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар худалдан авах ажлын төлөвлөгөөг хууль, журмын дагуу Сангийн яаманд ирүүлдэг ч өөрчлөлтийг нь ирүүлдэггүй зөрчил олон төсөл, арга хэмжээн дээр илэрчээ. Түүнчлэн тэрхүү баталсан төлөвлөгөөгөө ч мөрддөггүй тохиолдол цөөнгүй байж. Тус газар 2017 оны худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 70 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Эдгээр төсөл, арга хэмжээний гэрээг тавдугаар сард багтаан байгуулахаар төлөвлөсөн ч дөрөвдүгээр сард л дөнгөж эхний гэрээ нь байгуулагдсан гэнэ. Тэр хэрээр тендер шалгаруулалтууд хойшилж, бүтээн байгуулалтын ажлууд удаашрах нь мэдээж. Нийслэлийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр улирлын тайлангаас үзэхэд 218 төсөл арга хэмжээ буюу задаргаагаар 339 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж байгаа нь Сангийн яаманд ирүүлсэн төлөвлөгөөнөөс нь ихээхэн зөрүүтэй байжээ. Өөрөөр хэлбэл өөрчилж тодотгосон төлөвлөгөөгөө тухай бүрт нь  яаманд ирүүлээгүй гэсэн үг. Энэ нь яамны хяналтаас гадуур дураараа дургих боломжийг өөрсдөдөө олгосон хэрэг юм.  

2017 оны эхний хагасын байдлаар www.tender.gov.mn сайтад давхардсан тоогоор 208 тендер зарласан ба үүнээс 149 тендер шалгаруулалтын дүнг оруулсан гэж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрынхан танилцуулж. Гэвч цахим системд үр дүнг нийтлэхдээ шалгарсан оролцогчийн нэр, гэрээний дүн, огноо болон холбогдох мэдээллийг оруулаагүй байгаа нь тендерийн хуулийн 21.4 дэх хэсгийг зөрчсөн байна. Энэ нь захиалагч болон үнэлгээний хорооны гишүүд холбогдох журмыг мөрдөж ажиллаагүй гэсэн үг. Тендерийн төлөвлөгөөгөө дутуу танилцуулахаас эхлээд үр дүнг нь хагас дутуу, буруу зөрүү тайлагнана гэдэг но-той хүмүүсийн л ажил. Энэ бол улсын наадмаар түрүү бөх, морийг зарлахгүй, нууцлаад байгаатай л адил байж болшгүй зүйл юм.

Нээлттэй тендерээс татгалзсаны учир

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2016 онд нийт ажлуудын 30 хувь буюу 15.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулжээ. Энэ нь тендерийн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 заалтыг зөрчсөн гэдгийг Сангийн яамны шалгалтаар тогтоосон байна. Ийнхүү нээлттэй тендер шалгаруулахаас зориуд зайлсхийж, тендер шалгаруулалтын төсөвт өртгийг дотор нь хувааж жижиглэн багц болгох замаар шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний үнийн дээд хязгаарт хүчээр нийцүүлж байсан аж. Энэ нь шууд гэрээ байгуулах замаар ашиг сонирхлын зөрчилтэй компаниудад төсвийн хөрөнгөөр хийх ажлыг хуваарилжээ гэж хардах үндэслэл болж байгаа юм.   

Түүнчлэн зарим ажлын сонгон шалгаруулалтын гэрээнүүд хавтаст материалд байхгүй, тендерийн үр дүнг цахим хуудсанд оруулаагүй, гүйцэтгэлийн баталгаанд үнэлгээний хорооны зарим гишүүн гарын үсэг зураагүй зөрчил ч олон илэрчээ.

Мөн зарим тендерт шалгарсан компани гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй, тендерийн баримт бичгийг дутуу ирүүлсэн буюу өөрөөр хэлбэл тендерийн үнэлгээг хуулийн дагуу хийгээгүй байв. Харьцуулалтын аргаар шалгаруулсан зарим тендерт гурваас доошгүй этгээдээс үнийн санал аваагүй, зарим тендерийн үнэлгээний хороог байгуулахдаа хөндлөнгийн төлөөллийг оруулаагүй, тэр байтугай зарим тендерт шаардлага хангаагүй оролцогчийг шалгаруулсан, зарласан тендерийн баримт бичиг нь ч хуульд нийцээгүй байсан аж. Энгийн логикоор бодоход л хууль бус зар, шалгуураар хууль бус компанийг л шалгаруулж таарна.

Үүний баталгаа нь 2017 оны эхний хагаст гэрээ байгуулагдсан ихэнх тендер шалгаруулалтын материалтай танилцахад хамгийн сайн гэж үнэлсэн компаниудын материал нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан шаардлагад нийцээгүй, өөрөөр хэлбэл хууль журмын дагуу шалгаруулах боломжгүй тендер ирүүлсэн байжээ. Үүнээс үзвэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь тендерийн үнэлгээг хууль журмын дагуу зохион байгуулахгүй байна хэмээн ажлын хэсэг дүгнэлтдээ дурджээ.  

Энэ нь бөгс нь шороотой ч хамаагүй ноёны бөх туг тойрдог байсан шиг хуулийн шаардлага хангаагүй байсан ч хэн нэгэн эрх мэдэлтний татаастай л бол ямар ч компани тендерт шалгардаг болсон гэсэн үг.

Хөндлөнгөөс дэгээ тавьдаг Хөрөнгө оруулалтын газар

Хуулийг гууль болгож суугаа Худалдан авах ажиллагааны газартай зөрчил, дутагдлаараа өрсөлдөх нэг байгууллага тодорсон нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар. Тус газар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын зарим эрхийг шилжүүлэн авсан нь мөн л хуулийн ноцтой зөрчил үүсгэжээ. Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тендерт оролцогчдод шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлдэг, харин Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар шалгарсан оролцогчдод мэдэгдэл хүргүүлж байгаа нь  тендерийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг тендерт оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлнэ гэж заасныг өнөөг хүртэл зөрчсөөр байна хэмээн шалгалтын тайланд дурдсан байна.

Ийнхүү нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан захиалагчийн эрх, үүргийг эрх шилжүүлсэн этгээдээс авч, өөрийн үндсэн чиг, үүрэгт хамааралгүй үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөд холбогдох хууль, журмыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм.  Энэхүү хууль бус үйлдлээс шалтгаалан тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэлгүйгээр буцаах, ингэснээр үйл явц удаашрах, тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах, улмаар тухайн төсөл, арга хэмжээ хэрэгжих боломжгүй болох, ашиг сонирхлын зөрчил үүсэх зэрэг олон сөрөг үр дагавар гарч байгаа ажээ. Өөрөөр хэлбэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар өөр байгууллагын эрх, үүргийг булаацалдан, хөндлөнгөөс хөлөө дүрж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнд дэгээ тавьсаар байгаа гэсэн үг. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож, холбогдох хууль, журамд нийцүүлэхийг Сангийн яамны шалгалтын тайланд онцлон дурджээ. Тухайлбал, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас олгож байгаа нь ямар нэгэн хууль эрх зүйн үндэслэлгүй байх тул үүнийг таслан зогсоож холбогдох хууль журамд нийцүүлэх, үүнтэй холбогдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргад хариуцлага тооцож, хариу мэдэгдэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгожээ.

Хадам дүүдээ хариуцлага тооцох уу

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дээр дурдсан хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажил гацаанд оржээ. Тухайлбал, хорооллуудын дундах авто замуудыг засч, шинэчлэх, зарим гэр хороололд шинээр зам тавих ажлуудыг дурдаж болно. Гэмтлийн эмнэлгээс Авто сургууль хүртэлх 2.6 километр авто замыг шинээр тавих ажил энэ жил төлөвлөгдсөн ч дээрх хоёр байгууллагын хүнд суртал, хүндрэл чирэгдлээс болоод өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Хэрвээ энэ зам ашиглалтад орох юм бол III, IVхорооллын эцсээс Авто сургууль, XXI хороолол руу шууд зорчих боломжтой болж, Баруун дөрвөн замаас Таван шар хүртэлх авто замын ачаалал эрс буурах юм. Орон сууцны хорооллуудын дундах зам сайжирвал төв  замын хөдөлгөөний ачаалал буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Энэ мэтээр хотын аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил харилцан уялдаа холбоотой. Гэтэл эдгээр ажил тендерийн шатандаа таг зогсчээ. Тиймээс нийслэлийн Засаг дарга С.Батболд Сангийн яамны шалгалтын мөрөөр дорвитой арга хэмжээ авах үүрэг хүлээгээд байна. Харин тэрээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаярт  хариуцлага тооцож чадах болов уу. Учир нь Ц.Ариунбаяр бол мээр С.Батболдын хадам эгчийнх нь хүүхэд. 2007 оноос хойш найман жил түүний туслахаар ажилласнаас өөрөөр төрийн албанд ажилласан туршлагагүй энэ залуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг ямаршуухан удирдаж байгааг Сангийн яамны шалгалт тодорхой харуулсан. Яамны шалгалтаар тавигдсан шаардлагад хотын дарга ямар хариу өгөх бол.   

Эх сурвалж: http://www.abliga.mn/content/read/146747.htm


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.