Эмнэлгийн эрхлэгч эмэгтэй Эрүүл мэндийн яамыг толгойлж дөнгөхгүй нь


Эмнэлгийн эрхлэгч эмэгтэй Эрүүл мэндийн яамыг толгойлж дөнгөхгүй ньЭзэнгүй мэт байсан Эрүүл мэндийн салбарт мэргэжлийн хүн томилогдоод жилийн нүүр үзэв. Гэвч "эмч нарт урамшууллын цалин олгоно. Эрхтэн шилжүүлэн суулгах багийнханд нэг сарын хугацаанд бэлтгэл ажлаа хангах үүрэг, даалгавар өглөө, тэр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа” гэхчлэн фэйсбүүк, твиттер орчинд л жиргэхээс өөрөөр яг бодит амьдралд, салбарт хийгдсэн ажил хуруу дарам.

Эмнэлэг ачааллаа дийлдэггүй, өвчтөн коридорт хонодог байдал үргэлжилж, эмчийн хариуцлага гэх зүйл хөндөгдсөн хэвээрээ. Тэр бүү хэл, орц, хонгилд, шүүхийн танхимд жирэмсэн эх амаржиж, эх баригчийг хэн дуртай нь хийх болов. Богино хугацаанд эмнэлэг барьж, эмч нарыг хариуцлагажуулж хүчрэхгүй байж болох ч элдэв витамины сурталчилгааг цэгцэлж, эмийн сангуудын хяналтыг сайжруулахаас эхлээд энэ салбарт хийх ажил дэндүү их. Харамсалтай нь тэр жилийн хугацаанд хэдэн машин тарааснаас өөр юу хийв. 

Уг нь эзэнгүй мэт явж ирсэн эрүүл мэндийн салбарт мэргэжлийн хүн томилогдсонд олон хүн талархсан. Хэдийгээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар хувьдаа шамшигдуулсан төдийгүй хувийн ёс зүйгүй гэх шүүмжлэл түүнийг дагалддаг ч УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ ураг гэх ураг төрлийн хэлхээ нь хөшүүрэг болж, том түлхэцээр "мэргэжлийн” гэх тодотголтой пайзын буянаар А.Цогцэцэгийг эл албанд томилох шийдлийг эрх баригчид гаргаж байлаа. Харамсалтай нь, тэр энэ салбарыг эмчлэх битгий хэл сэхээнд оруулж, цаашлаад бүр үгүй хийж мэдэхээр байна.

Салбарт нь тулгамдаад байгаа асуудлын талаар ам нээх бүртээ төсөв мөнгөний хүрэлцээгүй байдлын талаар тодотгож, шалтаг тоочих болсон түүний гараас юм гарахгүй байгааг Шадар сайд хэлж байсан удаатай. "Дарга асуудлыг шийдэх гэж байдаг болохоос зовлон тоочих гэж суудаггүй” гэдгийг эрхэм сайд өөрийнх нь суудалд санаархсан өшөө авалт мэтээр хүлээж авсан нь ёстой л эмгэнэл. Тодруулбал, сайд ахайтан дээрх үйл явдлыг эрүүл мэндийн салбарт томилгоо хийлгэхийн тулд эхнэр нөхрөө оруулж чадаагүй хүмүүс л харлуулан дайрсан гэж тайлбарласан нь түүнийг хэн бэ гэдгийг илтгэнэ.  Уг нь сайд А.Цогцэцэгийг 4-5 аймгийн дундах отрын бүс нутагт амьдарч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх машиныг шийдэх үүрэг өгсөн төдий. Гэвч тэр өнөөх боломжгүй гэх үг унагаж, шалтаг тоочсоноос үүдэлтэй Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс зэмлэл хүртсэн. Зэмлэл ч гэж, Онцгой комиссын даргын үүргийг биелүүлэхийг шаардсан төдий л зүйл байсан юм даг. Эцэст нь А.Цогцэцэг сайдын бяр хүрэхгүй тул генарал Бадралд асуудлыг даатгаж, өндөрлөсөн. Ийм менежертэй Эрүүл мэндийн салбар хэзээ эрүүлжиж, хариуцлагажих вэ. Тийм чадал мөхөс сайдын салбараас хэн сайн сайхныг хүлээж суух билээ. Бүхэл бүтэн сайдын чадахгүй гэснийг хөөрхий Бадрал генерал зохицуулахаар үлдсэн гэхээр дэндүү гутамшиг.

Улсын Эрүүл мэндийн манааг хэн ашиг сонирхол багатай хүнд анхнаасаа атгуулаагүй нь энэ Засгийн яалт ч үгүй алдаа. Хэнтий аймгийн Аварга тосонгийн дэргэдэх сувилалын газар, "ALERGI MED” нэртэй Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл явуулдаг 10 давхар эмнэлэгтэй, хувийн эмийн сан гээд тоочоод барахгүй бизнестэй хатагтай Эрүүл мэндийн сайдаар тухалсан нь дэндүү их хар дагуулна. Шулуухан хэлэхэд, эмнэлгийн эрхлэгч төдийхөн байхдаа л энэ салбараас авч болох бүхнийг зулгааж дөнгөсөн сүйхээтэй бүсгүй шүү дээ.

Улмаар ураг төрлөө үргэлж чирж явдаг авхаалжтай нэгэн ч гэж хэлж болно. Ганц жишээ дурьдахад, Арьсны өвчин судлалын төвд аавынхаа төрсөн дүүгийн дэлгүүрийг "шахчихсан”. Хувийнх нь эмнэлэг өндөрт сүндэрлэж, өнгө үзэмж нь гялтагнаж байдаг бол өөрийнх нь тэргүүлж суусан улсын гэх тодотголтой эмнэлэг өнөө маргаашаа хүлээсэн өвчтөн шиг гундуу, сундуй. Уг нь улсын эмнэлгийн засварт суулгасан хөрөнгийг харвал чамлахааргүй. Гэвч тэр мөнгө хаашаа урссан болоод улсын эмнэлгүүдийн өнгө төрх улам бүр муудсаар байдаг бол. А.Цогцэцэгийн сайд болсноосоо хойш цээжилсэн хэдэн үг буюу төсөв хөрөнгө хүрэлцээгүй, эмнэлэгт эм тариа дутагдалтай, эмнэлгийн хэрэгсэл дутмаг, эмнэлгийн төсөв хүрэхгүй байгаа энэ нөхцөлд хувийн бизнесээ тэргүүнд тавьдаг эл эмэгтэйг зүгээр л төрхөмд нь буцаагаач Ерөнхий сайдаа. 

Арьс өвчин судлалын төвийг тэргүүлж байсан атлаа ижил төрлийн эмнэлэг нээж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж байсан гэхээр түүний хэр хөдөлгөөнтэйг, бас юу хийж, хаанаас ашиг хүртэхээ сайтар мэддэг нэгэн гэж дүгнэж болохуйц. Гол нь хувийн ажилдаа толгой нь ажиллана уу гэхээс хувьсгалын үйлд хуруугаа ч хөдөлгөдөггүй нэгэн бололтой юм. Ширээний араас цэцэрхэж, үүрэг даалгавар өгөхөөс хэтэрдэггүй тэрбээр ДОХ-ын тохиолдол өсч байгааг, ганц шинжилгээ өгөхийн тулд улсын эмнэлгийн үүдэнд иргэд хонох шахаж байгааг, ЭХО-д харуулах гэж алалцдагийг, эмнэлэгт хэвтсэн нэртэй шалан дээр өнхөрч, төрөх гэж эмч нартаа хичнээн төгрөгийн авлига атгуулдгийг мэддэг л байгаа даа, бурхан минь. 

Д.ДОРЖ

dorgio.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.