-КИЛОГРАММЫГ НЬ 6000 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВДАГ-

Сүүлийн хэдэн жилийн турш Мэнэнгийн талд хятадууд багаж хэрэгслийг нь бэлдэн өгч, нутгийн иргэдээр дэрвэгэр жиргэрүү түүлгэн, их хэмжээгээр худалдаж авах явдал тасралтгүй үргэлжилсээр байгаа ажээ. Экосистемд чухал үүрэгтэй, газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой энэхүү ургамлыг үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг байна.
Газар тариалан эрхэлж байсан зэрэг сул хөрстэй газар, газрын гүн рүү нэг метр хүртэл хавж ургадаг дэрэвгэр жиргэрүү гэх энэ ургамлын нөөц, тархац сүүлийн жилүүдэд эрс багасчээ.
Жил бүр БОНХАЖЯ-наас тодорхой шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад зохих тооны дагуу зөвшөөрөл олгодог ч иргэд зөвшөөрөлгүй түүх, тогтоосон хэмжээнээс хэтрүүлж, заасан газраас түүгээгүй зэрэг шалтгааны улмаас энэ ургамал устах аюулд өртөөд байгааг талаар нутгийн иргэд мэдээлж байна.
"Дэрвэгэр жиргэрүү” ургамлыг 2004 онд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор ховор ургамлын ангилалд хамааруулжээ. Уг нь холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачидтай зөвшилцсөний үүднээс дэрвэгэр жиргэрүү ургамлыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш таван жилийн хугацаанд эмийн ургамлаар түүж бэлтгэх, экспортлохыг хориглосон шийдвэр гаргасан ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаа аж.

Тус ургамлын үндэс, үндэслэг ишийг нэг удаад ашиглах дээд хэмжээ нь шинжилгээ, судалгааны зориулалтаар 1 кг, ахуйн зориулалтаар 2 кг, үйлдвэрлэлийн зориулалтаар нийт нөөцөөс 3 хувь гэж заажээ. Гэвч мөнгөнөөс нүдээ ч ухаад өгөхөөс ч буцахгүй иргэд хэдэн төгрөг олж л байвал юун нутаг орны экосистем гэсэн байдлаар хандсаар өнөөдөртэй золгосон байна.
Энэхүү ургамлын үндсэнд алкалоид 0.08 хувь хүртэл, флавонт гликозид, сапонин, газрын дээрх хэсэг буюу навч, ишинд нь кумарин, флавоноид, үрэнд нь эфирийн тос 0.05мл /100гр хүртэл агуулагддаг. Үндэс нь дорнын уламжлалт эмчилгээний эмийн гол түүхий эд болдог тул БНХАУ, БНСУ руу ихээр нийлүүлдэг байна.
Хүчирхэг үндэсний системтэй учраас хөрсний чийгийн хангамжийг нэмэгдүүлснээр бусад ургамал ургах орчныг бүрдүүлдэг, хөрсийг элэгдлээс хамгаалах, бэхжүүлэх ач холбогдол бүхий ганд тэсвэртэй ургамал тул цөлжилтөөс хамгаалах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал үүрэгтэй аж.
Ховордож буй ургамлуудын тоонд орж буй дэрвэгэр жиргэрүүг өнөөдрийн байдлаар хятадууд килограммыг нь 6000 төгрөгөөр худалдан авч, урд хөрш рүү зөөсөөр буй юм байна. Эх сурвалж хэлэхдээ "Мэнэнгийн талд Хятадуудын бэлдэж өгсөн нөгөө л багажаа тээсэн үндэс түүдэг залуус машин, мотоцикльтэй давхилдах нь элэг эмтэрмээр. Халхын голд нэлээн эртнээс түүж байгаа. Хамгийн гол нь үндсээр авдаг тул дахиж ургах боломжгүй” гэв. Дорнод аймагт хууль бус энэ үйлдэлтэй хэрхэн тэмцэж байгаа мэдээлэл бараг үгүй ажээ.
Мэнэнгийн талд хятадууд 10, 20 кг биш дор хаяж 100-150 кг-аар нь худалдан авч, урд хөрш рүү гаргасаар байгаа талаар орон нутгийн эх сурвалж мэдээлэв. Тэд дэрвэгэр жиргэрүү худалдаж авахдаа маш сайн цэвэрлэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байна.
-ХЯТАДУУД "ШОРОО ИХТЭЙ, САЙН ЦЭВЭРЛЭЭГҮЙ БАЙНА” ГЭЭД ҮНЭЭ БУУЛГАХ ГЭДЭГ-

Дорнодын уугуул н.Түдэв хэлэхдээ, Хятадууд манайхнаас арай өндөр үнээр худалдаж авдаг. Энэ жил гэхэд 6000 төгрөгөөр авч байгаа. Хятадууд "Шороо ихтэй байна, сайн цэвэрлээгүй гээд үнээ буулгах гэнэ. Тиймээс шороог нь сайн цэвэрлэдэг. Нэг шөнөдөө 200-300 кг-ыг түүх энүүхэнд. Шөнө түүчихээр хүн ирж шалгадаггүй, амар. Өдөр бол сумын Байгаль орчны байцаагч, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч ирээд ядаргаа болдог. Бид түүсэн дэрвэгэр жиргэрүүгээ хятадуудад л өгдөг. Амьдрал хэцүү байхад байгальд зүгээр ургаж байгаа ургамлын үндсийг мөнгө болгож яагаад болохгүй гэж” гэв.
Төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр ховор ургамал дэрвэгэр жиргэрүүг түүж бэлтгэсэн, эсхүл зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлсэн, түүх хугацааг зөрчсөн, заасан газраас бусад газарт түүж бэлтгэсэн бол хууль бусаар түүж бэлтгэсэн гэж үзнэ. Хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нөхөн төлөх үүрэгтэй.
Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49, 57 дугаар зүйлүүдэд тус тус заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээгээр Дэрэвгэр жиргэрүүгийн 1кг тутамд 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заажээ.
Эрүүгийн хуулинд ховор, ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Бага бус хэмжээний хохирол гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 192000- 9600000 төгрөг болно” гэж заасан байдаг аж.
Энэ ургамал ямар ач холбогдолтой, хэрхэн хэрэглэдэг талаар дурдахад, эм зүйч, ургамал судлаачид хүн орхоодойтой дүйцэхүйц ач холбогдолтой гэж үздэг байна. Олон төрлийн өвчнийг анагаах биологийн идэвхит бодис агуулдаг болохыг энэ ургамалд судалгаа хийсэн гадаадын судлаачид ч тогтоожээ. Өнөөдөр манай эмийн үйлдвэрүүдэд үрэвслийн эсрэг, цусан дахь сахарын хэмжээг буулгах зориулалттай эм хийхэд ашиглаж буй юм байна.
Олон наст гоньдын төрлийн үндсэрхэг энэ ургамлыг дээр үед манайхан халуун ногооны оронд хэрэглэж байжээ. Гол нь тамир тэнхээ суларсан, ядарч доройтсон хүмүүс хэрэглэдэг байсан гэдэг. Хэрэглэж байсан нутгийн иргэдийн яриагаар түүн шиг "сэргээш” байдаггүй аж.
Эх сурвалж: Medee.mn
Эх сурвалж www.wikimon.mn
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл