Хотонд гэтсэн чоно


Хотонд гэтсэн чоноЭнэ хүнийг С.Эрдэнэ гэдэг. Сайдын сэнтийгээ авч үлдэхийн тулд засгийн тэргүүнээ түлхэж унагачихаад ханасангүй, сагсан бөмбөгийн холбоог цөлмөхөөр яваа нь энэ. Цадаж ханадаггүй шунал гэж байх юм. Амь тавин зүтгэж Баянгол дүүргийг гар хөл бологсдоороо дүүргэчихсэн. Засаг нь унаж байхад ганцаараа сайдын суудлаасаа зуурсаар байгаад үлдчихсэн. Бас л ханасангүй. Сагсан бөмбөгийн холбоог хүртэл жижиг гэж гололгүй зүгээр байлгахгүй хутгаж үймүүлж байгаа нь цаанаа учиртай. С.Эрдэнэ сагсанд дуртайдаа өөрийн өмч болгох гээд байгаа юм биш. Зайлшгүй шалтгаан бий, чухам ямар зорилго байна вэ гэж үү?

 

НЭГ. Сагсан бөмбөгийн холбоо заавал С.Эрдэнийнх болох учир

 

Сагсан бөмбөг бол залуусыг хамгийн ихээр хамарч, сонирхлыг нь татдаг спорт. Тэд бол сонгогчид. Хэдий тийм боловч төрийн түүшээ, засгийн сайд, дүүргийн эзэн гээд авч болох бүхнийг хамаад халаасалчихсан хүний хувьд тэгтлээ үхэн хатан зууралдах шалтгаан биш. Дэндүү жижигдэнэ. Ижил төрийн түшээд нь давхар дээлээ тайлж хаяад л байхад мань эр давхар дээлийнхээ дээгүүр элгэвч ч болтугай нэмээд зүүчих гээл дайраад байдаг. Золигийн ч эр дээ. С.ЭРДЭНЭ Өөрийгөө сагсан бөмбөгийн спортод жигтэйхэн хайртай гэнэ. Учир юу гэвэл аав нь сагс тоглодог байсан гэх. Тоглох тоглохдоо өөрийнх нь унагаахаар ил далд оролдож байгаа МСБХ-нд харъяалалтай сагсан бөмбөгийн зүтгэлтэн. Тийм болохоор С.Эрдэнээс өөр хүн холбоонд эзэн суух ёсгүй гэнэ. Хөгийн ч тайлбар бол доо. Уншиж суугаа таны аав бас аливаа нэг спорттой холбогдолтой байсан бол та ч бас эзэн суух ёстой байх нь.

 

ХОЁР. Улстөрч хүний давуу тал

 

Аман дээрээ хайр зарлаад байгаа энэ нөхөр ачир дээрээ сагсан бөмбөгийн спортыг хорлож, боомилж явах юм. Хийж байгаа арга нь ч их гоё. Саяхан л Инчоны азийн тоглолтод Монголын шигшээ багийг явуулахгүй гэж хууль шүүхээр далайлган, Үндэсний Олимпийн хороог элдэв бичиг сачигаар дарамталж байсан. Гэтэл ОУСБХ-ны гишүүн, олон улсад Монголыг төлөөлөх цор ганц эрхтэй МСБХ-ноос явсан манай шигшээгийнхэн Азидаа шилдэг наймд бичигдэн шуугиан тарих мөчид гэв гэнэт малийсан царайгаар хэвлэлүүдийг чимж эхлэх нь тэр. "Энэ чинь миний гавъяа. Би л гадны легионерүүдийг авчирч монголын сагсыг өдий зэрэгтэй болгосон...” гээд л дөвчигнөж гарах нь тэр. Уг нь бол амжилт үзүүлчихвий гэж сандраад явуулахгүй байх арга хэмжээ авч байсан л хүн шүү дээ. Улс төр гэдэг нь л энэ байх даа. Уг нь тэр легионерүүд чинь түүний хуваан гаргаж ирсэн холбоог сураг ч үгүй байхад Монголд ирээд тоглодогоо тоглоод, ул мөр, түүхээ үлдээгээд хэдэн жилийн нүүр үзчихээд байгааг бүгд л мэднэ.

 

ГУРАВ. Үнэгүйдсэн шагнал буюу бусдыг татах үнэгүй үйлчилгээ

 

ХИЙРХЭХ ӨВЧИН -Батмөнхийг хаан ширээнд залаад өөрөө би хатан нь болно... гэдэг шиг 3 жилийн өмнө Тулгатай хамсаж Үндэсний гэх томдсон малгайтай холбоо байгуулаад өөрийгөө тэргүүн нь болгосноос бүх балаг эхэлжээ. С.Тулга нь тэнгэрийн орныг самууруулж явсан сармагчнаар овоглогдохыг бодвол бас л самарч өгдөг хүү байх нь. С.Эрдэнэ ч хамгийн их мөнгөн дээр сандайлсан сайд, эрхэм гишүүн, тэсэртлээ баяжсан гээл гуншин ихтэй юм болохоор 50 жилийн түүхтэй, дэлхийн сагсан бөмбөгийн холбоонд данстай, үндсэн холбоог гаднаас нь хувааж, хагалж, сүйтгэх амархан. Дүүргээс гараагаа эхлээд улс төрд хор найруулаад мэргэшсэн хүнд ганц холбоо ч энүүхэнд байлгүй. Эрх мэдлээ ашиглаад сагсны хэдэн хөгшид нялхасынх нь энгэр дээр төмөр зүүгээд өгч гэнэ. Төмрийг нь энгэртээ хатгачихсан улс чинь нөгөө эзнийхээ өмнөөс өөрийн өсч боожсон холбоогоо өмхий шүлсээрээ нулимаад, хараагаад өвчигнөөд өгнө биз. Ингэхдээ бүүр доромжилж байгаа мэт олон улсын тэмцээнд оролцох битгий хэл, амьдаар нь үзээгүй нөхрийг Олон улсын хэмжээний мастер цолоор шагнав. Бодвол зурагтаар үзсэн гэж өхөөрдөөд өгч байгаа юм байх. Нэгэнт яваагүй хүмүүс нь аваад эхэлчихээр би яагаад хоцрох ёстой гэж цуваа үүснэ дээ. Ёстой марзан. Олон улсад гарч үзээгүй ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕРУУД зөвхөн Монголд бий.

 

ДӨРӨВ. Төрийн үйлчилгээ

 

Төрд байгаа сайд дарга нарт аливаа нэг яам агентлаг нь үйлчлэх ёстой. Хэрэв тэд үйлчлэхгүй бол өөрсдийн хүнээ авчираад тавьчихна. Даргын суудалдаа үлдэхийн тулд төрийн сайдад бөхөлзөхөөс өөр аргагүй. Яг энэ шугамаар чөлөөтийн гавъяат Б.Наранбаатар гээчээр дамжуулаад МСБХ-ны заал авах эрхийг нь бүтэн гурван жил хаалгав. Төрийн том хүн чинь, төрийн сүр хүчээр аливаа нэг зүйлийг давуу эрхтэйгээр эзэмших ёстой юм чинь. Үүнийг ч доодчуул нь маяг гүйцэтгэнэ. Төрийн үйлчилгээ гэж энэ дээ. Ингээд л монголын сагсан бөмбөг гэж нэг талд нь хөөрч хийрхсэн ямаан омогтнууд, нөгөө талд нь хясагдаж гомдсон хэсэг нөхөд болж хуваагдав. Монголд байтугай 1 тэрбум 300 сая хүнтэй манай өмнөд хөрш Хятадад ганцхан холбоо байдаг байтал С.Эрдэнийн багийнханд Монголын сагсан бөмбөгийг 2 хувааж, талцуулж өвчигнүүлэх нь багадсан бололтой. Хорь, гуч хуваачихаад байна. Худлаа гэвэл борооны дараах мөөг шиг гэнэт ургасан холбоодыг байгуулсан эздийнх нь нэрийг шалгаад үзэхгүй юу. Тоглогчдын, эздийн, оюутны, залуучуудын гээд сагсан бөмбөгтэй холбоотой байж болох бүхий л нэршлээр 11 холбооны гэрчилгээ Укун Тулгын нэр дээр бий. Юмыг яаж мэдэхэв. Мөнгө нэхэх биш, байгуулж байхад хэзээ нэгэн цагт хэрэг нь гарч л таарна. Адаглаад л нэг нэгээр нь бамбай хийж, МСБХ-нд зарга үүсгэж, шүүхэд дуудаад байхад овоо цаг авна даа. Тэгээд Эрдэнэ вангийн хошууны шүүхээр шүү.

 

ТАВ. Шалтгаан буюу төрийн өмчийг хувьд шилжүүлэх арга

 

С.Эрдэнэд МСБХ-ны эзнээр түр ч болов суух нэг л шалтгаан бий. Тэр нь Хандгайтад баригдаж буй спорт цогцолбор. Стандарт хангасан том хөрөнгө оруулалттай заал баригдаж эхлээд овоо ч хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн намар л ашиглалтанд өгнө гэж ам гарсан ч С.Эрдэнэд барилгын ажлыг удаах, нээлтийг нь хойшлуулах шалтгаан байгаа юм. Учиг нь тэрээр МСБХ-г өөрийн болгож чадаагүйтэй холбогдоно. Монголыг төлөөлөх холбоонд заал барьж өгсөн гэхгүй бол Хандгайтад барьж байгаа тэр том цогцолбор амралтын газар нь хувийн өмч гэгдчихвэл бөөн хэл ам татлах аюултай. Анхаарлын гадна, чимээгүйхнээр өөрт шингээх ганц арга нь МСБХ-нд барьж өгөх. Тэгсний дараа өөртөө аваад үлдчихэд үр хүүхдэд нь хэрэгтэй юм даа. Түүнээс сагсчид хаана юу хийх нь ирээдүйд сонин биш. Энэ гогцооноос хөөгөөд явбал нэжгээд тэрбумын асуудал үүсэх вий...

 

ЗУРГАА. Буруу жишээ

 

Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд спортын холбоодыг өгвөл Женко шиг хөгжүүлээд, жудо шиг дэлхийд гараад ирнэ гэлцэнэ. Тулгын сурталчилгааны гол уриа. Гэвч жишээ болгон авч буй үйл явдлын хооронд дэндүү гэхэд дэндүү хол зөрүү байна. Х.Баттулга бол өөрөө тамирчин явсан хүн. Амжилт ч үзүүлж түүнийгээ төрөөр үнэлүүлж явсан гавъяат. Спорт, бизнес хоёрыг хослуулсан түүний ачаар жүдо бөх дэлхийн түвшинд цойлох болсон нь маргаангүй үнэн. Энэ хөгжлийг цаашид үргэлжлүүлэхийн тулд тэр бусдын дэмжлэг, олны хандиваар шинэ ордонгоо барих ажлаа эхлүүлжээ. С.Эрдэнийн хажууд Х.Баттулга хийсэн, хийж ч байгаа бизнесмен тамирчин улстөрч хүн юм. С.Эрдэнэд харин бусдын тус, хандивыг цуглуулах шаардлага байхгүй. Насаараа улс төрийн албан тушаалтан явсан түүнд төрийн мөнгийг зохицуулж барьсан заалаа хувьдаа шилжлүүлэх сонирхол байна уу гэхээс бусдын төлөө заал барих буянтай үйлийг хийх гэж яваагүй нь лав. Үнэхээр л сагсны төлөө юм бол улстөрчдөөс өөрийн хөрөнгөөр цогцолбор барьж, спорт холбоондоо үлдээж байгаа дэлхийн анхны хүн болох ёстой. Итгэлт баян, Эрдэнэ хоёрын хооронд ч их ялгаа бий дээ бий.

 

http://www.shuud.mn/content/read/449884.htm


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.