Ерөнхийлөгчөө, оффшорчдод өгсөн сануулага дуусчихлаа...


Ерөнхийлөгчөө, оффшорчдод өгсөн сануулага дуусчихлаа...-Ерөнхийлөгч Х.Баттулга 49 хоногийн боломжоо эдэлж чадаагүй этгээдүүдтэй ямар хариуцлага тооцох вэ гэдгийг олон нийт мэдэхийг хүсэж байна-

Монголд туйлын айхтар 49 "дээрэмчин” бий. Илүү ч үгүй, дутуу ч үгүй, яг 49. Алибаба ба 40 дээрэмчин гэдэг шиг. Тэд ямар нэг аргаар мөнгө олцгоосон. Гэхдээ зүгээр газраас 10 мянган төгрөг олчихоогүй. Жирийн нэгэн монгол иргэний төсөөлөхөөс ч бэрх, их хэмжээний мөнгийг хаа нэгтэйгээс олсон хэрэг. Гэвч энэ мөнгө нь ил цагаанаар зарлахааргүй, нууц агуулсан, далд байлгах шаардлагатай мөнгө. Монголд бол иймэрхүү нууж хаахаас өөр аргагүй мөнгө, хөрөнгийг зооринд, эсхүл гудсан доороо л хадгална. Харин тэд зооринд ч багтахааргүй их мөнгийг учир битүүлгээр олсон тул Монголд биш далайн чанадад, дэлхийн санхүүгийн луйварчдын бодож олсон татваргүй, нууцлал өндөртэй бүсүүдэд аваачиж нуусан хэрэг.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо оффшор гэгдэх татваргүй бүсүүдэд дан ганц гадны мафиуд төдийгүй Монгол Улсын нэр бүхий иргэд данстайг зарлаж байлаа. Албан бус мэдээллээр, оффшор бүс дэх 10 гаруй тэрбум ам.доллар монголчуудын нэр дээр бүртгэлтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, Монголын 49 иргэний нэр дээрх оффшор хөрөнгө улсын ДНБ-ий нэрлэсэн үнэтэй энэ тэнцүү байгаа юм.

Тиймээс Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоодугаар сарын 24-нд нийт оффшорчдод  хандан "Миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна” гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ уриалга, нэг үгээр шаардлагын хугацаа өчигдөр дуусгавар болов. Гэвч өнгөрсөн хугацаанд нэр бүхий 49 этгээдийн хэн нь ч оффшор дахь хөрөнгөө татаагүйгээр үл барам татваргүй бүсэд нууц данстай гэдгээ эрс үгүйсгэсээр байгаа юм.

Ер нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны ил болгосон баримтанд Монгол Улсаас хэн хэн гээч эрхмүүдийн нэр багтсан юм бол.

Уншигчид санаж буй бол, хамгийн анх Сангийн сайд асан Я.Очирсүх, С.Баярцогт нар оффшор бүсэд мөнгөтэй гэдэг нь ил болсон. Тэр үед энэ сэдэв тэгтэл их дуулиан тариагүй ч энэ хоёрын цаана дахиад хүмүүс бий гэх хардлага нийтийн дунд үүссэн байв.

Харин 2016 онд Панамын нууц данснуудын тухай мэдээллийг задлах үеэр манай улсын нууц данстануудын тоо 49 болж үржсэн байсан нь анхаарал татах асуудал болж, үүний хажуугаар оффшор дахь мөнгөний тоо ч 10 тэрбум ам.доллар болсон нь нэгийг бодоход хүргэсэн юм.

Өнөөгийн байдлаар Сангийн сайд асан Я.Очирсүх, "Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, "Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаяр, "Болд төмөр ерөө гол” компанийн захирал, УИХ-ын гишүүн  Б.Дэлгэрсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ, Нийслэл хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сү.Батболд, Кюүкүшүзан Д.Батбаяр тэргүүтэй 49 хүний нэр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны ил болгосон жагсаалт дунд байх аж.

Эдгээрийн нэрийг харвал ихэнх нь улстөрчид байгаа нь хачирхалтай. Цэвэр бизнесээр хөлжигсөд эдгээр дунд байх ч улстөрөөр баяжигсад яах аргагүй хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлах ёстой. Төрийн түшээдийн орлогыг хуулиар тогтоосон байдлаар нь хэмжвэл цалингаас нь өөр зүйл үгүй. Өөрийн гэсэн бизнестэй байгаад улстөр рүү орсон хүмүүс бий. Гэхдээ тэдэнд мөнгөө эх орноосоо нуух ямар шаардлага байгааг хэлэхэд хэцүү.

Ямартай ч манай улс энэ оны дөрөвдүгээр сард оффшорын эсрэг хуультай болсон. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аас дэмжсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь оффшорын тухай хууль бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлснээр дээрх төсөлд "Хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ээ мэдүүлдэг төрийн өндөр дээд албан тушаалтан, төрийн албан хаагчид оффшор бүсэд данс нээлгэх, хувьцаа эзэмших, аж ахуй эрхлэхийг хуулиар хориглож байгаа юм.

Тэгвэл үүнээс хойш гурван сарын дараа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга оффшор данстнуудыг хөрөнгөө эх орондоо авчрахыг "үүрэгдсэн” ба биелэлтийг хангах үүднээс 49 хоногийн хугацаа өгсөн нь өчигдөр дуусгавар болов. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд оффшор данстайгаа хүлээн зөвшөөрч, Монголоос нуусан мөнгөө эргүүлэн өгөөгүй, тодорхой нэр бүхий 49 хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ.

Монгол Улсын төрийн нэрээр луйвардсан, эсхүл бизнесийн асар их орлогоо татвараас нуухын тулд оффшорт аваачиж хадгалсан мөнгөний хэмжээг цаашид зүгээр өсгөсөөр байх уу. Ерөнхийлөгч Х.Баттулга 49 хоногийн боломжоо эдэлж чадаагүй этгээдүүдтэй ямар хариуцлага тооцох вэ гэдгийг олон нийт мэдэхийг хүсэж байна.

Р.Саруул

http://erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.