“Гоё айл”-ын эзэн



" Гоё айл”...Энэ тодотгол нэрийг хөрш зэргэлдээ айл хотлын хүмүүс өгснөөс айлаас айл, амнаас ам дамжин яригдах болжээ. "Өөдлөх айл үүднээсээ” гэгчээр "Гоё айл”-ын хашаа бусдаас ялгарах өлзий утсан хээтэй. Зүүн талын жижиг хаалганы тотгонд Монгол улсын төрийн далбаа намирна. Зуугийн поошгийг хуваагаад цэцгийн сав болгочихож. Дуртай газраар явах бус дурайсан замаар алхан хашаанд оров. Сагсны шийдэнд нь хүүхэд,багачууд бөмбөг тоглож, саравчны хажуухан талд нохойн тохилог оромж харагдана. Бүх юм эмх цэгцтэй,байр байрандаа... "Гоё айл”-ын эзнийг Тэгшбаярын Банзрагч гэдэг. "Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын Хүнд даацын машин механизмын хэсэгт каразын жолооч ажилтай. Үйлдвэрлэл технологийн үйлчилгээний тоног төхөөрөмж, хог хаягдлыг зөөх дотоод тээврийн ажлыг каразын жолооч нар гүйцэтгэдэг. Зуны улиралд илүү ачаалалтай. Барилгын болон газар шорооны ажил эхлэнгүүт ачаалал нэмэгдэнэ. Өвөл технологийн тээвэр хийнэ. Зам талбайн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор шороо ачиж асгах ажил гүйцэтгэнэ. 15 каразын жолоочийг амраах,өвчтэй хүний оронд нөхөж ажиллах ээлжийн жолоочийн үүргийг Т.Банзрагч гүйцэтгэж иржээ. Монгол улсын баруун хүрээ хэмээх алдартай газар бол Эрдэнэ зуу. Эндэхийн Шанхын хийд нь өндөр гэгээн Занабазарын анхны бүтээл гэгддэг. Түүний аав нь Шанхын хийдийн бууринд эхээс хүй цөглөжээ. Иймээс мань эр яах аргагүй Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат гэж өөрийгөө тодотгов. Ааваас өвлөсөн хөдөлмөрийн хүмүүжилтэй, нямбай, ажигч, юмхнаар юм хийдэг бүтээлч зан чанар зөвхөн түүнийх гэмээр. Аав нь Хархорины гурилын үйлдвэрт 30 жил Ерөнхий нягтлангаар ажилласан Осорын Тэгшбаяр гэж хүн байж. Харин ээжийг нь "өндөр” Цэрэндүгийн Лхамсүрэн гэдэг. Тэр нэг эгч, зургаан эрэгтэй дүүтэй. Айлын том залуу болохоор ус,түлээ, хоол ундаа бэлтгэх, дүү нарынхаа хувцас хунарыг угаах гэр орны хар бор ажлыг багаасаа хийжээ. Түүний өвөө, эмээ малчин хүмүүс. Удмаасаа өвлөсөн хөдөлмөрч зан чанараар тэр бахархдаг. Тэрбээр Дархан хотын Анагаахын техникумыг хүний бага эмч мэргэжлээр төгсжээ. Түүний туулж өнгөрүүлсэн амьдралын амттай яриаг уншигч та бүхэнд хүргэе.

Багын мөрөөдөл биелсэн

- Би багын мод тарих сонирхолтой. 1983 оноос хашаандаа чацаргана,сармис тарьж эхэлсэн. Гэр хороололд хэрхэн яаж ая тухтай амьдарч болох вэ гэсэн төсөөлөл хүүхэд насанд суучихсан байлаа. Гоё сайхан байшин барьж, өөрийн гараар тохижуулж амьдрах юмсан гэж мөрөөдөж явлаа. Энэ мөрөөдөл биелсэн. Нэг хэсэгтээ ажил,амьдралын нөхцөлөөс шалтгаалаад цаг хомс байлаа. Хань маань хүнд өвчтэй. Эмнэлгээр их явна. Гэр орныхоо болон эрхэлсэн ажлаа хийнэ. Тэр үед хашааны газар аваад аль эрт тохитой амьдарч болох байлаа. Нэг л болж өгөөгүй юм. 2011 онд байраа зараад энэ хашаанд амьдарсан. Манайхан гэр хороололд гарахад их дургүй байсан л даа. Зүлгэн дээр нь гишгэхгүй арчиж тордоод байхаар онгон байгаль өөрийнхөө жамаар үржиж төлжих юм. Манай хашаанд байгалиасаа эмчилгээнд хэрэглэдэг цэцэг, гүзээлзгэнэ хүртэл ургасан шүү. Анх 1993 онд Авто тээврийн байгууллагад засварчнаар ажилд орж байлаа. Энэ уулын буянд сайхан амьдарч явна. Би хүний амьдралын жаргал, зовлонг амссан. Миний анхны хань хэдэн жилийн өмнө хүнд өвчний улмаас нас нөгчсөн. Түүнийгээ орлох ханьтай боллоо. Нэрийг нь Борын Болормаа гэдэг. Энэ том үйлдвэрийн нэг эд эс ажилчин нь болсондоо баярлаж явдаг. Ажлаас ирээд л ар гэрийнхээ юмыг хийнэ. Маргаашийнхаа ажлыг төлөвлөнө. Хашааны баруун талд хоёр хээ тавина. Дөрвөн банз хадна гээд л...

Залуучууд нүдээ аниад л орон сууц уруу зүтгээд байна

-Манай энэ байр 66 метр квадрат. Цахилгаан халаагуураар дулааныг нь шийдсэн. Залуучууд нүдээ аниад л орон сууц уруу зүтгээд байна. Тэгэхэд манайх орон сууцны зээлийн дарамтгүй амьдардаг. Манайхан хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй юм. Авсан байрныхаа зээлийг 20 жил төлнө гээд бод. Аливаа хүн сэтгэл санаа тайван аж төрөх ёстой. Хашаа байшинд амьдрах олон талын ач холбогдолтой. Эрүүл агаартай,ая тухтай. Энэ жил хашаандаа дөрвөн ханатай, сийлбэртэй гэр барилаа. Шалны халаалттай. Бүх юмыг нь цахилгаанаар шийдсэн. Цахилгааныг нь шөнийн тарифаар ажиллуулахаар хэмнэлттэй.Энэ хашаанд барьсан сийлбэртэй гэрийг захиалгаар хийлгэсэн. Яс мод сайтай. Ер нь манай Хархорины залуучууд их уран. Занабазараас улбаатай байж болох юм. Уран сийлбэрч Чувамэд гуай энэ нутгийн хүн. Монгол улсын Ерөнхийлөгчийн сэнтийг манай ангийн хүү урласан байх жишээтэй. Захын залуу л сийлбэр хийнэ шүү. Би нэг сая төгрөгийн цалинтай. Сард дөрвөн зуу мянган төгрөг зарцуулаад сайхан орчинд амьдарч болж байна. Нэг үнэтэй архи 20-100 мянган төгрөгөөр авлаа гэхэд тухайн хүн өөрийгөө хордуулахаас цаашгүй. Энэ мөнгөө өөртөө зарцуулчих хэрэгтэй. Цахилгаан зуухыг хүйтэн үед халаачихна. Халуун өдөр унтраачихдаг. Энэ байрны нойлын асуудлыг шийдчихсэн. Энэ бүхэн миний дөрвөн жилийн хөдөлмөр.

Аав маань урт наслаагүй нь харамсалтай

-Манай дүү нар архи, тамхи хэрэглэдэггүй. Ааваас уламжилсан юм энэ. Эргээд бодоход аав минь биднийг их сайхан хүмүүжүүлсэн байдаг. Өлсгөөгүй, өвчин зовлонд нэрвэгдүүлээгүй. Эрүүл саруул муу зуршилгүй өсгөсөн байна. Одоо бид сайн сайхан амьдарч байна. Харин аав маань урт наслаагүй нь харамсалтай. (Бодлогошров.) Ээжийгээ л их хайрлах юм. Долоон банди төрүүлсэн хүн дээ, миний ээж. Би хүмүүст эрүүл,хөдөлмөрч бай гэдэг. Би зуны өглөө таван цагт босож цэцэг, жимсээ усалчихаад дугуйгаар ажилдаа явдаг. Орой эрт хоолоо идсэн байх ёстой. Энэ нь миний амьдралдаа баримталж ирсэн зарчим юм. Манай хүмүүсийн сэтгэхүй их дорой. Автобусны буудал барина гэж гурилдах юм. Түүнийг нь эвдээд хаячихна. Гудамжиндаа би хоёр сагсны шийд зоосон. Нэг мэдэхэд л хуга татаад аваад явчихна. Би эргүүлээд л шийд хийчихдэг. Одоо овоо хэдэн сар болж байна.

165-р ангид нууцын албаны бичээч цэрэг явлаа

-Би Дорнодын Халх голд цэргийн алба хаасан. Агаараас эсэргүүцэн хамгаалах 065-р анги гэж Шар хаданд байлаа. Энэ ангийн хөгжмийн салаанд анх бүрээ үлээж явлаа. Айлт хөгжим тоглоно. Тэгтэл миний төрсөн дүүг Дорнодын Халх гол уруу хуваарилчихсан. Дүү маань надаас салахгүй гээд уйлаад болдоггүй. Аргагүй шүү дээ, дөнгөж арав төгссөн хүүхэд чинь. Харахаар л өрөвдмөөр... Тэгээд цэргийн дарга нараасаа гуйн байж би дүүтэйгээ Халх голд очсон. 165-р ангид нууцын албаны бичээч цэрэг явлаа. Түрүүч цолтой. Тэр үед канон байхгүй. Бүх зүйлийг гараар бичнэ. Шрифтээр бичиж сурсан минь их хэрэг болсон. Шинэ жил, майн баяраар ханын сонин гаргана. Би цэргээс халагдаж ирээд Эрдэнэ зуу хийдэд хоёр жил зураачаар ажилласан.

Амьдралын амтыг би ажлаас олж авдаг

-Миний хувьд хөдөлмөрлөж л байвал ядарна гэсэн ойлголт байдаггүй. Би орон сууцанд хөдөлгөөнгүй, идэвхгүй амьдарч чаддаггүй. Одоо би, цайгаа уучихаад л гарч цэцэг,жимснийхээ үрийг түүнэ. Дараа жилийнхээ хөрсийг бэлдэнэ. Цэцгүүдээ сугална гээд ажил мундахгүй их байна. Би ямар ч ажлыг хийхдээ ядрахыг мэддэггүй. Тэгэхээр зарим хүмүүс хоёр хүрз шороо хаячихаад л ядраад байна. Эцэж үхлээ гэх нь холгүй. Ийм хүмүүсийг би ер ойлгодоггүй. Хийсэн юм байхгүй. Их ярих юм. Дарга харахаар бүгд хөдөлдөг. Түүнийг явсны дараа хэн ч ажил хийхгүй байж болохгүй биз дээ. Хүмүүс их сонин болчихсон. Би бол хэнээр ч заалгахгүй хийх ёстой ажлаа цаг тухайд нь чанартай хийдэг. Би амьдралын амтыг ажил хийж олж авдаг.

Хамт олноо хөдөлмөрөөр үлгэрлэсэн

-Хүмүүс тэр амралт,энэ амралтын газар очно гээд л явах юм. Би тэгдэггүй. Хашаандаа ажил хийгээд л амарчихдаг. Гэр бүлийн гишүүд маань та хүмүүст үлгэр дуурайлалтай зөндөө юм хийлээ. Одоо сайхан амар гэх юм. Хүн оногдсон ажлаа чин сэтгэлээсээ хийх ёстой. Хоёрдугаарт би хамт олноо хөдөлмөрөөр үлгэрлэсэн гэж боддог. Манайхан намайг их дэмжиж ажилладаг. Намайг юм хийгээд эхлэхээр дагаад л хийдэг байхгүй юу. Манай хэсгийн 45 хүн ажлын ард сууж яваагүй. Би сагсан бөмбөгийн спортын мастер. Хамт олноо тэмцээнд ороход нь чадлаараа дэмждэг. Ажилдаа унадаг дугуйгаар явдаг. Дугуйгаар ажилдаа яваад дөрвөн жил болж байна. Хүмүүс миний энэ үйлээс санаа авч зөв амьдралын хэв маяг олж аваасай.

Эрдэнэтийн залууст цэцэрлэгт хүрээлэн бариад өгчих юмсан

-Монгол улсын иргэний хувьд Эрдэнэтийнхээ залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг сайхан орчин бүтээгээд өгчих юмсан. Жижиг хэмжээний цэцэрлэгт хүрээлэнгийн газар хүсээд зургаан жил болж байна. Газрыг нь шийдээд өгчихгүй юм. Зураг,төслийг нь гаргачихсан. (Үзүүлэв.) Гэтэл дуртай газраа хүмүүс байшин барьчих юм. Их цаг хугацаа алдлаа. Хоёр га газар олгочихсон бол би зургаан жилийн дотор зөндөө юм хийчих байлаа. Амарын талбай, гендирекцийн усан оргилуур хоёрт л Эрдэнэтийн хүүхэд,багачууд бужигнах юм. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлчих өөр газар алга. Надад бодож төлөвлөсөн ажил их байна. Манай хашааг олон хүн ирж үзсэн. Дуурайгаад юм хийх хүсэлтэй хүмүүс байна. Намайг ажил тараад ирэхэд л багачууд манай хашаанд тоглох гээд ирчихнэ. Та нар зүлгэн дээр гишгэхгүй, цэцэг жимсний мод бут сүйтгэхгүй тоглоно шүү гэж тэдэнд хэлдэг. Хүүхдүүд болохоор үнэндээ үгнээс гарахгүй. Банзай ах ирлээ гээд л 20-иод хүүхэд шуугилдчихна. Бүр харанхуй болтол тоглоно гээч. Тэдэнд тоглож наадах орчин алга. Тэд бидний ирээдүй биз дээ.

-"Мянга сонсохоор нэг үз” гэдэг. Үйлдвэрийн эгэл жирийн нэг ажилтан залуу Т.Банзрагч цалингаараа хэрхэн яаж сайхан амьдарч болдгийг ийнхүү амьдрал дээр харуулж явна. Хүн бүр энэ залуу шиг аж ахуйч, хөдөлмөрч,бүтээлч сэтгэхүйтэй болчихвол хөгжил ойрхон мэт. Тэр хашаандаа 10-аад төрлийн цэцэг тарьж, есөн янзын жимсний мод суулгажээ. Давжаалин, агч, үхрийн нүд, мойл, чацаргана,нарс, интоор тарьснаа он, сар,өдөртэй нь пайзан дээр тэмдэглэсэн байх юм. Ийм л хөдөлмөрч хүмүүс баялгийг жинхэнэ утгаар нь бүтээдэг юм байна гэсэн гэгээн бодол өвөрлөн бивээр тэднийхээс гарав. Түүний санаачилж хийсэн юм бүхэн одоо ч нүдэнд харагдсаар...

Т.БАТЧУЛУУН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.