С.Амарсайхан: Хөгжлийг гацаасан хариуцлагагүй байдалд хариуцлага тооцож ажиллана


С.Амарсайхан: Хөгжлийг гацаасан хариуцлагагүй байдалд хариуцлага тооцож ажиллана

Эрхэм хүндэт Нийслэлчүүд, иргэд сонгогчдоо,

Эрхэм төлөөлөгчдөө, та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая.

 

Надад итгэл үзүүлж, Нийслэлийн эрх барих дээд байгууллагын  даргын хариуцлагатай албанд нэр дэвшүүлж, сонгосон та бүхэндээ талархалаа илэрхийлье.

 

Өнөөдөр Та бид олон сарын турш зогсонги байдалд байсан НИТХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, хэвийн явуулах боломжийг нээлээ.

 

Эх орны нийгэм, эдийн засгийн цөм, хөгжил дэвшлийн толь болсон Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтыг тодорхойлон хэрэгжүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих эрх үүргийг энэ танхимд суугаа 45 төлөөлөгч та бидэнд Нийслэлчүүд олгосон.

 

Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд НИТХ, гүйцэтгэх удирдлагын баг, цаашлаад харьяа хэлтэс, газар, алба, агентлаг хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй.

 

Ажлын гүйцэтгэл, хариуцлага нь сул, ажил үүргийн хуваарилалт оновчтой биш.

 

Төлөвлөсөн төсөл хөтөлбөр, өдөр тутмын ажил үүрэг ч шат шатандаа удааширч, Нийслэлчүүдийн хүсэн хүлээсэн хэмжээнд хэрэгжихгүйд хүрсэн тул бид цаг алдалгүй алдаагаа засах зайлшгүй шаардлага байсан.

 

Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд бид  нам нэрээр  нүдээ боож, чихээ бөглөж, аливаад олонх гэж хүч түрж туйлшрах ёсгүй гэж үзсэн.

 

Бид цаг ямагт төрт ёсоо дээдлэн, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулж, хурлын болон гүйцэтгэх удирдлагын чадавхийг байнга дээшлүүлж ажиллах үүрэгтэй.

 

Аль ч төрийн, ямар ч цаг үед, олонх, цөөнх нь хэн байхаас үл хамаарч бүх түвшинд ажил үүргийг өндөр ёс зүйтэй, ил тод бөгөөд нээлттэй, бас илүү бүтээлч явуулах хандлагыг  бэхжүүлж, Монгол төр, Монгол хүний ирээдүйн үнэ цэнийг баталгаажуулж байх нь ч бидний үүрэг гэж би ойлгодог. 

 

Иймд Төрийн албаны ёс зүй, хариуцлага, сахилга батыг хэн нэгэн гуйж, гуйлгаж, асууж, аргадаж, хэлж, хүлээх биш харин шат шатандаа хэрэгжүүлж, хэвшүүлж , хянаж, шаардаж ажиллаж ёстой.

 

Та бид албан тушаал, эрх мэдлийг хувийн сонирхолоо гүйцэлдүүлэх өөрт оногдсон ховорхон боломж, эсвэл цаг нөхцөөх талбар гэж Хандах бус харин өөрчлөлт, шинэчлэлтийг  хийх  өндөр үүрэг, хариуцлага гэдгийг шат шатандаа ухамсарлан урьд өмнөхөөс илүү хурдтай, эрс шийдвэртэй,  зоригтой, зорилготой  ажиллах цаг үе та бидний өмнө ирээд байна.

 

Би цаашид НИТХ-ын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа зөв санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, асуудлыг оновчтой шийдвэрлэх,  хөгжлийг хурдасгах аливаа шийдэлд тууштай тулгуур нь бөгөөд хөдөлгөх хүч нь байна.

 

Харин ажил гацаасан хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, явцуу сэтгэлгээ, хөгжлийн тушаа болсон хэт намчирхал, туйлшралд  эрс шийдвэртэй Эсэргүүцэгч нь байх зарчмыг Би бас хатуу баримтлан ажиллана. 

 

Бидний амьсгалж байгаа агаар нэг, Амьдарч байгаа хот нэг, Амьдралд тулгамдаж буй асуудлууд ч бүгд нэгээ.

 

Хотын утаа, хог, бохирдлоо шийдэж чадахгүй хирнээ Хоосон намчирхаж, хоорондоо тэмцэлдээд  хол  бид явахгүй ээ гэдгийг амьдрал бидэнд хатуухан сургаж, сануулсаар  ирлээ.

 

Эдийн засгийн өсөлтөөрөө, хүний хөгжил, оюуны чадавхаараа, хот төлөвлөлтийн дэвшилтэт бодлого, шийдлээрээ, хүн амьдрахад таатай, эрүүл, аюулгүй, нөхцөлөөрөө дэлхийд тэргүүлэх, Монгол хүн бүрийн бахархал болсон их хотыг хамтдаа цогцлоож, хамтдаа хөгжүүлэх нь энэ танхимд суугаа Төлөөлөгчдийн төдийгүй нийт Нийслэлчүүдийн маань туйлын хүсэл, мөрөөдөл, хол зорих зам нь байх ёстой. 

 

Хэдийгээр бид өөр нам, эвсэл Нийслэлийн 9 дүүргийн 45 өөр тойргоос сонгогдсон ч иргэн бүр ажилтай, өрх бүр орлоготой, хүүхэд бүхэн инээд хөөртэй байгаасай гэсэн нэгдмэл тэмүүлэлтэй Нэг улсын, Нэг л хотын иргэд, оршин суугчид.

 

Цаашид аль ч түвшинд олонхи, цөөнхийнхөө оролцоог хангаж, аливааг зөвшилцөж, харилцан ойлголцож,бодлого зорилгоо нэгтгэж, 

Нэг хот

Нийтийн эрх ашиг

Нэгдсэн бодлого, төлөвлөлт

Бодитой үр дүн

Хамтын хөгжил гэсэн нийтлэг хэм, хэмжээг баримтлан ажиллах нь бидний ирээдүйн хөгжлийн гарц байх болно.

 

Зөв хандлага, хөдөлмөр зүтгэл, хөгжил дэвшил гурав Хүйн холбоотой байдаг.

 

Иймд Нийслэлийн Иргэн та ч зөвхөн хөгжлийг хүлээдэг, шаарддаг оршин суугч төдий бус харин орц, гудамж, хороо, дүүрэг, хот тосгоныхоо  хариуцлагатай эзэн нь байж, сайн сайхан амьдрах орчноо бүтээхэд гар, сэтгэл оролцдог их хотын иргэн хүний үүргээ биелүүлэхийг энэ цаг, ирээдүй хойч үе маань биднээс шаардаж  байна.

 

Мөн Төлөөлөгчид ч иргэд сонгогчидтойгоо хамтран эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллах боломжийг бүрдүүлж,  оролцоог нэмэгдүүлэх шаардлага бас байна.

 

Бид цаашид нэн чухал ач холбогдолтой, нийгмийн захиалга болсон  дараах асуудлуудад ч цаг алдалгүй анхаарч ажиллах ёстой. Үүнд

 

Юун түрүүнд Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж, оновчтой зохион байгуулах, Албан тушаалтны эрх, үүрэг хариуцлагыг тодорхой болгож,

 

Хүний нөөц, боловсон хүчний мэргэжлийн ур чадвар, ажлын гүйцэтгэл бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, ёс зүй, сахилга батыг дээшлүүлж, хүнд суртал, авилгал, хээл хахууль, төсөл, тендерийн цавчааг шат шатанд таслан зогсоох явдал юм.

 

Цаашлаад  хот төлөвлөлтийн  хоцрогдсон сэтгэлгээ, хуучирсан арга барилыг  халж, хөгжлийн шинэ шийдэл бүхий хотын нэгдсэн Стандартыг нийслэлд бий болгох,

 

Орчин үеийн хот, дүүргийн хөгжлийн дараагийн үе шат болох ухаалаг хотын шийдлийг зөвхөн интернетийн сүлжээ төдийхнөөр төсөөлөх бус интернет, Мэдээлэл, холбооны шилдэг технологийг уялдуулан нэвтрүүлэх,

 

Гэр хорооллын хөгжил, орон сууцжуулах хөтөлбөрийн  шийдлийг оновчтой тодорхойлж эрчимтэй хэрэгжүүлэх,

Утаа, агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлж, цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх,

Зам дэд бүтэц, нийтийн тээврийн томоохон төслүүдийг урагшлуулж, замын ачааллыг бууруулж, нэвтрэх чадварыг сайжруулах,

Жишиг хот дүүргүүдийг бий болгох,

Гадаад дотоодын хөрөнгө оруулалт, Төр хувийн хэвшлийн түншлэлийг хоосон үгээр бус бодит үйлдлээр  дэмжин ажиллах,

Нийслэлийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, үргүй зардлыг багасгаж, санхүү хөрөнгө оруулалтын чадавхийг бэхжүүлэх,

УИХ, ЗГ-тай хамтран ажиллаж Нийслэлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг хийж гүйцэтгэх томоохон ажлууд ч бас байна.

 

Үүнээс гадна аль эрт шийдвэрлэгдсэн байх ёстой боловч өнөөдрийг хүртэл бидний өдөр тутмын ажил, амьдралд байнга эрсдэл дагуулдаг,орчин үеийн хотын наад захын ахуйн хэрэгцээ, шаардлага болох худаг ус, дулаан цахилгаан, зам, гэрэлтүүлэгтэй холбоотой  олон арван асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн ажиллах шаардлага байна.

 

Энэ бүхний үндэс, суурь нь нийслэлийн засаглалын чадавхийг бэхжүүлж, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн,бодлого, төлөвлөгөөгөө, дотоодын нөөц бололцоо, давуу болон сул  талууд, эерэг сөрөг нөхцөл байдлууд, гадаад, дотоод хүчин зүйлүүд, ирээдүйд хүрэх зорилттойгоо уялдуулан тооцсон, цогц шийдэл юм.

 

Энэ хүрээнд өмнөх жилүүдэд болон өнгөрсөн онд НИТХ-аар баталсан бодлого төлөвлөгөө, хөгжлийн гэх тодотголтой хөтөлбөрүүдээ дахин сайтар нягталж, хэрэгцээ шаардлага, ач холбогдол, өнөөгийн хөрөнгө, санхүүгийн нөөц боломж, эх үүсвэр, ирээдүйн үр өгөөжийг нь тооцож,  эргэн харах, хэлэлцэн шийдвэрлэх ажил ч бас бий.

 

Ингэхдээ зөв зүйтэйг нь хүний, өөрийн нам, манайх, танайх эхлүүлсэн гэж өмчилж, эсвэл үгүйсгэж гацаахгүйгээр үргэлжлүүлж, хүчээ нэгтгэж, хамтдаа зүтгэж, тулгамдаад буй олон арван асуудлаа шийдвэрлэж, ажил, амьдралаа цэгцэлж, хөгжин дэвжих  нь Нийслэлчүүдийн минь чин хүсэл, хүлээлт гэдгийг ч та бид мартах эрхгүй.

 

Эрхэм хүндэт НИТХ-ын төлөөлөгчидөө,

 

Та бидний эх орноо, эгэл олноо, их хотоо, гэсэн уужим сэтгэл, улс төрийн холч ухаанаас Улаанбаатар хотын ирээдүйн хөгжил, өнгө төрх ихээхэн  хамаарна.

 

Монгол Улсын минь нийслэл мандан бадрах болтугай.

Та бүхэндээ, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.