Жижиг онгоцны хэмжээтэй, нисдэг, махчин үлэг гүрвэлийн ясыг Монголын говиос эрдэмтэд илрүүлжээ.
10 метр урт далавчтай уг гүрвэлийг манай дэлхий дээр амьдарч байсан нь одоогоор мэдэгдсэн хамгийн том жигүүртэн гэж үзэж байна.
Уг аварга нисдэг гүрвэл нь 70 сая жилийн тэртээ дулаан зөөлөн уур амьсгалтай цөлөрхөг бүс нутагт амьдарч байсан гэж эрдэмтэд дүгнэжээ. Гэхдээ уур амьсгал нь өнөөдрийн бидний мэдэх цөл шиг хуурай байгаагүй гэнэ. Түүнийг төдийлөн сайн судлагдаагүй Аждархид (azhdarchids) төрлийн үлэг гүрвэлийн ангилалд багтдаг, төрөл дотроо хамгийн том нь гэж үзэж байгаагаа "Journal of Vertebrate Paleontology” сэтгүүлд саяхан нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлжээ.
Түүнтэй ижил төрлийн Хацегоптерикс (Hatzegopteryx) гэх бас нэг том биетэй үлэг гүрвэлийг энэ оны эхээр илрүүлж байсан юм. Румыньд илэрсэн уг гүрвэл нь урт хүзүүтэй, асар том эрүү нь адууны хэмжээтэй гүрвэлийг бүхлээр нь залгихаар хэмжээтэй байжээ.
Монголы говиос олдсон үлэг гүрвэлийн үлдэгдэл нь Нэмэгт уулаас олдсон сүүлийн олдвор болж байна. Уг газраас Цэрдийн галавын үеийн асар олон үлэг гүрвэлийн олдвор илэрдэг. Харин дээрх нисдэг төрлийн гүрвэлийн анхны олдвор илэрсэн нь энэ юм.
Судлаачид уг гүрвэлийн хүзүүний ясыг олсон юм байна. Овор хэмжээгээрээ өмнө нь Румыниэс олдсон Хацегоптерикстэй ижил хэмжээтэй гэж үзэж байгаа гэнэ.
Сэтгэгдэл