431. Энэ бол оны эхний 10 сард зам тээврийн ослын улмаас амиа алдагсдын тоо. Энэ онд улсын хэмжээнд зам тээврийн 30588 осол гарч, амиа алдсан хүний тоо гурван хувиар өсч, 980 хүн хүнд, хүндэвтэр бэртжээ.
Замын цагдаагийн газрын статистикт дурдсанаар, сүүлийн дөрвөн жилд дунджаар зам тээврийн ослоор жилд 500 хүн нас барж, түүнээс гурав дахин их хүн бэртэл гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа алдан, олон хоногоор эмнэлэгт хэвтжээ. Түүнчлэн автозамын осол жилээс жилд хоёр оронтой тоогоор өсч байна. Амиа алдсан хүмүүс ямар ч дайн байлдаан, алан хядах ажиллагааны золиос болоогүй зөвхөн авто замын ослын улмаас хорвоог орхисон нь харамсалтай. Дэлхийн дайны халуун цэгт өдөр бүр дэлбэрэлт, алан хядах ажиллагаа болж олон тооны хүн амиа алдлаа гэсэн мэдээллийг бид үргэлж уншдаг. Гэтэл манай улсад тийм байдал огт үүсээгүй атал жилд хагас мянган хүн хорвоог орхиж байна. 10 жил үргэлжилсэн Иракийн дайнд АНУ жилд дунджаар 440 цэргээ алджээ. Гэтэл зам тээврийн осол гэх "зарлаагүй дайны” улмаас Монгол Улс сүүлийн долоон жилийн хугацаанд 4000 гаруй хүнийг үхэл рүү илгээчихэж.
Олон улсын статистикийн газраас хийсэн судалгаагаар Монгол Улс явган зорчигчдод хамгийн эрсдэлтэй орны жагсаалтыг тэргүүлжээ. Тэр дундаа осолд өртсөн бага насны хүүхдийн тоогоор дэлхийн улс орны жагсаалтыг манлайлж байгаа нь харамсалтай. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 1112 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 54 нь амь насаа алдаж, 225 нь хүнд гэмтсэн байна. Харин оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн 966 тохиолдол бүртгэсэн гэж Замын цагдаагийн газраас мэдээлсэн. Статистик үзүүлэлтээс харахад зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 42.8 хувь буюу олонх нь 8-14 насныхан буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эзлээд буй.
Хүүхдүүд ихэвчлэн гэр, сургуулийн хооронд явахдаа зам тээврийн осолд өртсөн байна. Автозамын замбараагүй зохион байгуулалт болон жолоочийн хариуцлагагүй үйлдэл, томчуудын хайхрамжгүй байдал ослын шалтгаан болж байгааг албаныхан байнга онцолдог. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн ойролцоох замын гарцгүй газраар гүйх, асран хамгаалагчгүй зам хөндлөн гарах, ойртон ирж буй тээвриин хэрэгслийн урдуур гүйх дүр зураг бидний нүдэнд дасал болчихож. Түүнчлэн жолооч нарын хариуцлагагүй үйлдэл бусдын хүүхдийн амийг аваад зогсохгүй, насан туршдаа эмнэлгийн хаалга татсан эрэмдэг болгоход хүргэдэг. Баянзүрх дүргийн Монтурк, Олонлог болон ерөнхий боловсролын XXIV, 127,102 дугаар сургуулийн сурагчид зам тээврийн осолд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй юм байна. Мөн Баянгол, Хан-Уул дүүргийн Гурвантамир, Лидер, Номундалай сургууль замтай ойрхон байрладаг нь осолд өртөх өндөр эрсдэлтэйд тооцогддог гэнэ.
Айдас дагуулсан автын ослын гол буруутанг бид жолооч гэж ихэнхдээ боддог. Автын дүрэм, шалгалтын дүгнэлтээр ч голдуу жолооч нарын буруу болж хариуцлага хүлээдэг. Гэтэл энэ их үхэл зовлон дагуулсан авто замын ослын бас нэг гол буруутан нь явган зорчигч гэдгийг төдийлөн анзаарч үздэггүй. Томчууд, хүүхдүүд гэлтгүй явган зорчигчид осолд өртсөн тохиодлын дийлэнхийг гарцгүй газраар зам хөндлөн гарснаас үүдэж байна. Энэ нь явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмийг төдийлөн мөрддөггүйг харуулж байна. Хэдхэн секунд хүлээгээгүйнхээ төлөөсөнд явган зорчигч насан туршдаа тахир дутуу, цаашилбал амь насаа ч алдах аюултайг олон хүн ойлгодоггүй нь дайны байдлаас ч илүүгээр амиа алдахад хүргээд байгааг албаныхан өдөр бүр сануулж буй. Гэвч хэнэггүй иргэд тоолгүй явсаар эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирсоор байгаа юм. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 300 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд зам тээврийн 200 орчим осол, зөрчил бүртгэгддэг гэнэ. Ослын цөөнгүй хувь нь явган зорчигчийн буруугаас үүдэлтэй байдаг талаар хөдөлгөөн зохицуулагчид өгүүлжээ. Тиймээс замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүй, гарцгүй хэсгээр зам гарч, хөдөлгөөнд саад учруулсан явган зорчигчид хүлээлгэх хариуцлага, дүрэм журмыг чангатгах шаардлагатай байна. Хашлага хийгээгүй бол хүмүүс дуртай газраараа зам гарах гэж "бэлчдэг” байдал хэвийн үзэгдэл болсон. Тээврийн прокурорын газар өнгөрсөн онд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 916 хэрэг бүртгэж, шалгажээ. Үүний 147 нь явган зорчигчийн буруугаас болсныг тогтоожээ. Мөн зам тээврийн 3305 ослын 705 нь явган зорчигчийн буруугаас үүдэн гарсан гэх мэдээ байна. Зорчигчийн буруугаас болсон 705 ослын 414 буюу 58.7 хувь нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноос, 291 буюу 41.3 хувь нь гарцгүй хэсгээр зам хөндлөн гарснаас үүдэлтэй байжээ. Иймд явган зорчигчид ч гэсэн нэгийг бодож хоёрыг тунгааж, хуулиа биелүүлэн замын хөдөлгөөнд оролцож байх нь зүйтэй болов уу. Эс бөгөөс энх цагт дайн дажинтай үеийнх шиг өдөрт хэдэн арваараа амиа алдсаар байх нь ээ.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд хамгаалах бүсээр тоноглосон автомашины жолооч болон зорчигчид хамгаалах бүсийг заавал хэрэглэхийг шаарддаг. Эдүгээ жолооч нар энэ дүрмийг биелүүлэх нь харьцангуй сайжирч байгаа ч зорчигчдоосоо, ялангуяа арын суудалд суугаа хүнээс хамгаалалтын бүс хийхийг шаардах соёл алга байна. Бид хүүхдээ ч өвөр дээрээ авч явсаар л байна. Хуультай, хуульгүй ч хамгаалалтын бүс хийх ёстойг бид ойр, холын олон зуун хүний амийг алдсаар атлаа ойлгохгүй байна. Автомашинд суугаад хөдлөхөөсөө өмнө хамгаалах бүсээ татах хэрэгтэй. Хот хоорондын автобусыг суудлын даруулгатай байх, таксийн жолооч зорчигчийг бүсээ заавал зүүхийг шаардах цаг болжээ.Гаднын туршлагаас харахад, Англид 2020 он хүртэл явган зоригчийн аюулгүй байдлыг хангахын тулд жолоочийн аюулгүй байдлын систем, ухаалаг хурд хянагч технологи гарц хянагч SCOOT технологийг нэвтрүүлээд буй. Ази, Европ, АНУ-д зам тээврийн ослын аюулгүй байдал, осол гарч буй шалтгааныг бүрэн тодорхойлж,зорилтот бүлгийг буюу бага насны хүүхдийг аюулгүй зорчиход нь илүү анхаарч, цоо шинэ маркетинг хэрэгжүүлж эхэлсэн байна. Харин манай улсад өнгөн дээрээ зөв зохицуулалт хийж байгаа мэт хэлбэрддэг ч хөшигний цаана улсын хөрөнгөөр тоглож, хүний амь насыг хөсөр хаясан нь нууц биш. Иймээс зам тээврийн ослоос сэргийлэх ажлыг чухалчилж, эрсдэлтэй нөхцөл байдлыг шинэчлэх зайлгүй шаардлагатайг эрх мэдэлтнүүд анхааралдаа авч хөнгөн хийсвэр хандахгүй байвал сайнсан.
Б.Мөнх-Эрдэнэ
Эх сурвалж: "Монголын үнэн” сонин
Сэтгэгдэл