Алдах эрхгүй хүн


Алдах эрхгүй хүн

Алдах эрхгүй хүн

"Эрдэнэт” үйлдвэрийн дулаан, цахилгаан, уур, усны бүх л тоолуурыг хариуцдаг Цахилгаан цехийн Телемеханикийн хэсгийн цахилгаанчин П.Эрдэнэбилэгийг би ийн нэрийдсэн юм. Эх орны уул уурхайн хамгийн том үйлдвэрийн тасралтгүй ажиллагааг хангахаар сонор соргогийн манаанд үүрэг хүлээсээр тэр гуч гаруй жилийг үджээ. П.Эрдэнэбилэг "Манай хэсгийг "Эрдэнэт” үйлдвэрийн "нүд чих” хэмээдэг нь учиртай.Хэмжүүрүүдийн бүрэн бүтэн байдал, хүчдэл гүйдлийг хянаж, техник үйлчилгээ хийн, доголдлыг илрүүлэн зассанаар үйлдвэрийг алдагдал хүлээхээс сэргийлэх төдийгүй хүний амь нас эндэхээс ч хамгаалдаг буянтай ажил” гэж ярихдаа бахдангуй инээмсэглэв. Тэд баяр ёслол, амралтын өдрүүдэд ч жижүүрлэн ажиллаж, утсаа байнга нээлттэй байлгах, Эрдэнэтийн нутаг дэвсгэрээс гарах "эрхгүй”. Тоног төхөөрөмжид доголдол гарахад өвөл, зун, өдөр, шөнийн аль ч цагт бэлэн байх хатуухан даалгавартай.

Гэлээ чмэргэжилдээ тэр туйлаас дуртай төдийгүй эзэн нь байхыг хичээсээр ирсэн. Техникийн дэвшлийг дагаад "Эрдэнэт” үйлдвэрийн эрчим хүчний хэмжүүр, тоног төхөөрөмжүүд ч шинэчлэгдэж, хөгжлийн хурдаас хоцрохгүйг хичээн өөрөө ч мэрийсээр. Тэр "Манай хэсэг 11-үүлээ, зөв сэтгэлтэй сайхан хүмүүсээс бүрдсэн хамт олон. Би дунд мэргэжилтэй цахилгаанчин, бусад нь шижигнэсэн залуу инженерүүд. Эд маань гадаад хэл, техникийн өндөр боловсролтой болохоор миний ажилд их дэм болдог” гэх. Харин хамт олон нь П.Эрдэнэбилэгийн тухай, "Бид сургууль төгсөөд ирэхдээ Билгээ ахыгаа голдуу дагалддаг байсан. Тэр уйгагүй хөдөлмөрч бас тусч хүн. Мэддэг чаддаг бүхнээ залууст харамгүй зориулах төдийгүй, өөрт байгаагаараа хүнд үргэлж тусалж явдаг”гэсэн юм. Үнэхээр ч тэр "тосон” мөртэй, сэтгэл сайтай нэгэн. Телемеханикийн хэсгийн сүүлийн үеийн залуу инженерүүд анх онол заалгасан "ногооноороо амьтад” ирэхэд Эрдэнэбилэг тосч аваад зааж зөвлөсөөр хэсэг хугацааны дараа инженер, дарга болон дэвшээд явчихна. Тэгэхэд нь өөрийн хүүхэд адил баярлаж, тэднээрээ бахархана.

Гудамжинд хүүхдээ тэврэн яваа ядруухан бүсгүйд "Дүү минь хүүтэйгээ хоол аваад идчих” гээд л халаасан дахь мөнгөө шавхаж өгчихөөд алхчихна.Цех хэсгийнхнээ сайн үйлсийн аянд уриалан дуудаж, амьдралын нугачаанд бүдчиж яваа хэн нэгэнд хэрэгтэй зүйлийг нь гардуулаад баярласан царайг нь харахдаа сэтгэл нь дүүрээд л ирнэ. Тамирын голын уугуул хүүгийн энэ эрхэм чанар аав, ээжээс нь үүдэлтэй. Аав Пүрэвжав ньАрхангай аймгийн Их тамир сумын Худалдаа бэлтгэлийн ангийн дарга, нэгдлийн болон намын дарга явжээ. Ээж нь Архангай аймгийн анхны багш нарын нэг. Тухайн цагийн шилдэг сэхээтнүүд хүүдээ "Ямар ч мэргэжил эзэмшсэн түүндээ эзэн нь байгаарай. Хүнд хар буруу санаж болохгүй, дандаа сайхан сэтгэлээр хандаж, тус дэм болж яваарай” гэж захиж. Өөрсдөө ч үлгэрлэж амьдарсан. "Миний аав, ээж ажилдааих махруу улс байсан. Тухайн цаг үедээ хамгийн өндөр цалинтай аав, ээжид маань хадгаламжид мөнгө, бидэнд өвлүүлсэн хөрөнгө байгаагүй. Амьтан ах дүүд илүүчилдэг их өглөгч хүмүүс байсан. Ах дүү бид зургаадөөрсдөөрөө үлгэрлэсэн юм” гэлээ.

Эрдэнэбилэг Эрдэнэсийн хотод төвхнөж,гайхамшигт энэ үйлдвэртэй хувь заяагаа холбосноо тэнгэрийн хишиг, эгчийн минь гавьяа хэмээдэг. Том эгч одоогийн "Ийгль” сургуулийн захирал П.Наранцэцэг нь Хөнгөн хүнсний ТМС-ийгзасварчин мэргэжлээр төгссөн Эрдэнэбилэгийг Эрдэнэтэд томилолт аваад ир гэснээр тэр энд ирж, Хүнсний комбинатад ажиллан, нэгэн насны ханьтайгаа учран золгожээ. 1986 онд цэргийн алба хааж ирээд л "Эрдэнэт” үйлдвэрийн өндөр босгыг алхсанаас хойш өдгөө нэгэн жарны хагас илүү болжээ. Түүнийг анх цахилгаанчин болоход хэсгийн дарга нь Д.Төрбат хэмээх залуу байж. "Эрдэнэт” үйлдвэрийн одоогийн Ерөнхий эрчим зүйч тэрбээрЭрдэнэбилэгийн ажил мэргэжил төдийгүй амьдралын багш, үлгэр дуурайлал болсон нэгэн. Мөн Санжаа багшаасаа ихийг сурсанаа дурсав. Эрдэнэбилэг мэргэжлийн мэдлэгээ байнга сэлбэдэг бүтээлч нэгэн. Дээхнэ үед ажиллахын зэрэгцээ Дарханы Политехникумд суралцан, цахилгааны техникч мэргэжилтэй болсон. Одоо ч тэр залуусаас суралцан хамтдаа урагш тэмүүлдэг.

Эрдэнэбилэгийн гэргий Ч.Солонго хэмээх алаг үрс, амраг ханийнхаа төлөөх халуун сэтгэлтэй, халамжтай сайхан бүсгүй бий. Тэр "Эрдэнэт” үйлдвэрийн Үйлчилгээний албанд гуч шахам жил зүтгэж яваа ажилсаг эмэгтэй. Эрдэнэбилэгийнх охин, хүү хоёроо өндөр боловсролтой болгохыг зорьж яваа. Тиймээс ч тэднийгээ Монголдоо дээд сургууль, Хятад улсад магистрт сургасан. Одоо охин нь "Эрдэнэт” үйлдвэрийн Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн төслийн ажилд орчуулагчаар ажиллаж буй. Хүү нь суралцаж яваа. Зээ хүүгээ бидний амьдралын утга учир, "нар, сар” минь хэмээн эрхлүүлнэ. Ээжийг нь оюутан байхад хоёрхон сартайд нь авч үлдсэн зээ нь өдгөө найман настай "том залуу” болжээ.

Эрдэнэбилэг ээлжийн амралтаараа загас жараахай наадсан, тунгалаг Тамирын гол, үзэсгэлэнт "Тайхар чулуу”-гаа зорих нь олонтаа болжээ. Тэрбээр, "Наадаж өссөн Тамирын голын минь ширүүн урсгал "зөөлөрчээ”. Монгол хүн бүр онгон зэрлэг байгаль, ариун дагшин гол мөрнөө хайрлаасай”гэж хэлэхдээ санаа алдав. Урин дулааны улиралд халуун ам бүлээрээ байгалийн сайханд аялж, хурдан хүлгээрээ салхи татуулан давхих ч гайхамшигтай шүү гээд инээд алдсан.

Эрдэнэтээс 60 км зайд орших Сэлэнгэ мөрөн дэх Ус өргөх станцаас авхуулаад Баяжуулах үйлдвэрийн дулаан, цахилгаан, уур, усны 50 шахам хэмжүүрийг үнэн зөв зааж байгаа эсэхийг хянан, байнгын засвар үйлчилгээ хийдэг энэ хариуцлагатай ажилд тэр алдах эрх үгүй. Эрдэнэт хэмээх аугаа "Хөлөг онгоц” эрчээ аван жигд "хүнгэнэхэд” Эрдэнэбилэг түүний нөхдийн үүрэг хариуцлага ихээ. Ийм л эгэл жирийн ажилчны сэтгэл, зүтгэлээр "Эрдэнэт” үйлдвэр эх орныхоо эдийн засагт жин дарах гавьяа байгуулсаар явна.

Я.ЭНХТУЯА



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.