Өршөөлийн тухай хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжээд хэд хонолоо. Аав, ээж, эхнэр, нөхөр, найзууд алдаж эндсэн нэгнээ гэртээ хүлээж авсан баяртай үйл явдлууд үргэлжилж байна. Төр засаг алдсан аавын хүүг өршөөж, тэдэнд зөв хүн болж, улс орондоо ихийг хийж бүтээх боломжоор хангаж өгсөн том алхам бол яахын аргагүй Өршөөлийн тухай хууль. Эр нэг алдаж, эрэг нэг нураа л биз...гээд алдсан хүмүүсээ цаашаа түлхэх биш тосоод нийгэмшүүлэх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр ээж, аав, гэр бүл дээрээ ирж буй залуусыг шүүмжлэх, муулах байдал ихсэх болов.
Өршөөлийн хууль хэрэгжлээ, хүмүүс өршөөгдөж гарч ирлээ, болгоомжтой байгаарай, тэднээс айх хэрэгтэй гэхчлэн элдэв үгийг сошиалаар цацаж өөрийн цахим хуудас дээрээ бичиж байна. Бас болоогүй өршөөлд хамрагдсан иргэд дахин гэмт хэрэг үйлдэж байна гэх худал мэдээлэл цацагдах болов. Энэ мэдээлэл худал болохыг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат мэдэгдсэн.
Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг худал мэдээлэл цацаж, үүнийг үнэн мэтээр олон нийт хүлээж авах нь нийгэмд хортой. Тэр дундаа өршөөлд хамрагдсан иргэдийг нүд үзүүрлэж, нийгмээс тусгаарлах тийм аюултай байдал үүсэж мэдэх юм. Иймээс л өршөөлд хамрагдсан иргэдээ битгий нүд үзүүрлээч гээд байгаа юм. Харин ч тэднийг нүд үзүүрлэхээс өмнө ажилтай, орлоготой болгох, нийгэм нь өөрөө хүлээж авах ёстой. Түлхэх тусам хортой гэдгийг олон нийт ойлгох ёстой, бас ийм хандлагыг сошиалаар түгээх ч шаардлагатай юм шүү. Өршөөлөөр суллагдсан хүмүүсийн 6-7 хувь нь л дахин гэмт хэрэгт холбогддог гэсэн судалгаа бий. Түүнээс биш олонхи нь гэмт хэрэгт холбогдож, тэд бүгд муу хүн болдог юм биш шүү. Хүмүүс ээ, өршөөгдсөн иргэдээ битгий нүд үзүүрлээч!
Сэтгэгдэл