Утаа хаанаас гарч байгаа вэ, хэзээ арилах вэ?


 
 Утаа хаанаас гарч байгаа вэ, хэзээ арилах вэ?
Гол асуудлаа эхлээд баримтаар хөндөх ёстой ч Улаанбаатарын утаа ямар гээчийн гамшиг болоод байгаа талаар энд давтан нуршихгүй. Баримт нь уншигч таны уушги, өдөр тутам залгиж яваа угаар болог. Харин зуух хаана хэзээ эвдэрснийг, яавал засагдахыг хамт тунгаая. Монголчууд бид утаа бүр уг сууриндаа хаанаас гарч байгааг харахгүй тул нэг бол өлзий хээгээр өнгөлсөн зуух тавьж үзэх, нөгөө бол нэгэнт яндангаар баагиж байгаа утааны ихийг нэг, харыг нэг гайхаж гаслах, хамарт тулаад ирэхээр нь хаалт зүүх, сэвэх мэтээр хэдэн жилийг барж байна.
 
Тэгээд хаанаас гарч байгаа утаа вэ? Аж ахуйгаас л гардаг шүү дээ, аливаа юм. Бидний аж ахуйн түүх, онцлогийг өмнө нь хэдэн талаас хөндсөн. Бид хэдэн зуунаар хөдөө мал аж ахуй эрхлээд гэрт амьдардаг байсан, аж ахуй, амьдрах хэв маягийн ийм хоршлыг "МАА-Гэр" гэж тэмдэглэе. Улмаар XX зуунд зарим нь үйлдвэрлэл эрхэлж угсармал орон сууцанд амьдардаг загварт шилжсэн. Энэ хэв маягийг "Үйлдвэрлэл-Орон сууц” гэж нэрлэе. Зарим нь "МАА-Байшин" буюу сумын төвд очсон.
 
"МАА-Гэр” загвараас аргалын утаа л гардаг байх. Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн Монголчууд тэрнээс их утаа гаргаж байж бүтдэг эд зүйлсийг бол урдаас жин тээгээд, бүр өмнө нь мандаж явахдаа бол олзлоод аваад ирдэг байлаа. Эзэнт гүрний нийслэл Хархорумыг эс тооцвол ЗХУ-ын дэмжлэг дор үйлдвэржилт эхлэх хүртэл барьж байгуулсан ганц хот нь нийслэл Өргөө. Гэхдээ Өргөө хот "Үйлдвэрлэл-Орон сууц” хэв маягаар үйлдвэрлэлийн хөгжлийн дүнд үүссэн хот биш ном уншиж суудаг лам нарт зориулагдсан шашны төв байлаа. Модерн хөгжлийн дүнд үүсээгүйгээс хойш эрүүл ахуй, ариун цэврийн хувьд ч хэцүүхэн газар байсан бололтой.
 
Ингээд нүүдэлчин монголчууд XX зуунд бараг ганц ч хотгүй шахуу гараанаас "Үйлдвэрлэл-Орон сууц” загварын соёл иргэншил рүү шилжих модернизац хийсэн. Энэ загварын нийгмээс бол үйлдвэрийн утаа гардаг. АНУ-д гэхэд ид үйлдвэрлэл хөгжиж асан алтан зуунд утаа хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг байв. Шинэ тутам үүсэж өргөжиж байсан их хотууд аварга том үйлдвэрүүдийн яндангаас баргилах утаагаар өрсөлддөг байсан гэлцэнэ. Аж үйлдвэрийн өлгий нутаг Англи 1952 онд мянга мянган хүний амь нэг шөнө төлж ухамсрын шанаа автлаа үйлдвэрийн утаанд амьдардаг байсан.
 
Өмнөд хөрш Бээжингийн утаа ч үйлдвэрийнх. Токиод ч саарал хот гэгдсэн үе байлаа. Одоо бол манай алдарт тэнгэрээс дутахгүй цэнхэр тэнгэртэй. Эдгээр хотын утаа нэг нийтлэг шинж чанартай: хөгжлийн, үгүйдээ гэхэд өсөлтийн утаа. Өсөлтөөс орлого олж эдийн засгийн бяд суугаад ирмэгцээ стандартаа өндөрсгөж, утаа болон бусад байгаль орчны эвдэрлээ эргэж нөхөн сэргээх процесс давтагдаж ирсэн байдаг. Харин Монголын утаа бол ухралт, уналт бууралтынх.
 
Ухралтыг "Аж ахуй-Амьдрах хэв маяг”-ын тэнцвэр алдаг сан гэж арай өөрөөр хэлж болно. Бид "Үйлдвэр-Орон сууц' руу шилжсэн хэсгийнхээ үйлдвэрийг 90-ээд онд юу ч үгүй болгоод, нэмж баахан барилга барьсан хот дээрээ хамаг гэрээ авчирч тойруулсан. Ингээд Улаанбаатар "Аж ахуйгүй - Орон сууц.байшин, гэр” гэсэн өвөрмөц төвлөрөл болж хувирсан. Зөвхөн Улаанбаатар хот ч биш зарим нэг аймгийн төвүүд ч мөн эрхэлсэн аж ахуй нь тодорхойгүй ч уламжлалт мал аж ахуйгаасаа бас холдсон "Аж ахуйгүй - Байшин, гэр” гэсэн бүтэцтэй төвлөрлүүд болж хувираад байна.
 
Аж ахуйгүй гэдэг нь мөнгөгүй гэсэн үг, мөнгөгүй гэдэг нь хаус байтугай орон сууцжиж чадахгүй, утаатай, өвчтэй гэсэн үг. Ийм том нийгэм аж ахуйн тэнцвэргүй байдлаас утаа уугиж байхад бид төмөр зуух, яндан л ярьдаг, төр нь ч тэгж ажилладаг, тийм л улс. Одоо засахын тулд хоёр өөр иргэншил, амьдрах хэв маяг солигдсон нийгмийн суурь өөрчлөлт явагдаж байхад хаана алдаа гарсныг нухацтай шинжлэх, тэндээс арга замаа хайх зайлшгүй шаардлагатай.
 
Үүнд томхон далайцтай судалгаа хэрэгтэй ч гарсан алдааг тоймлож үзье. Хамгийн чухал нь аж ахуйгаа амьдрах хэв маяг дагаж хөгждөг зүй тогтлын нэг талыг сох мартаад байгаагаас болж байна. Уг үндсэндээ бол бид гэрээс орон сууцанд шилжин суух сонголт хийгээгүй. Харин аргалын утаа биш үйлдвэрийн утааг, МАА-г орхих юм бол үгүйдээ түүний эрчимжсэн хувилбар юм уу үйлдвэржсэн иргэншил хийх сонголт хийсэн гэдгээ маш сайн ухамсарладаг болмоор байна. Ухамсарлахгүй болохоор ямар ч багана аж ахуйгүй, хөгжлийн ирээдүйгүй хот барих гэж үзээд түүнийхээ өртгийг дийлэхээ больж ирээд байна.
 
Хөгжлийн зүй тогтлоос хол хот барих явц ингэж өрнөжээ. Төр өөрөө МАА-аас үйлдвэрт шилжих гол тэнхлэг явц ямар ч ахицгүй, харин гэрээс орон сууцанд, чадахгүй бол гэртэйгээ хот руу нүүх явцыг 20 гаран жилийн турш хөхүүлэн дэмжих бодлого явуулсан. Эхнийх нь орлого, дараагийнх нь зарлага тул яван явсаар төрийн төсөв санхүү хог дээр үсэрч, улс улс хэсэн бадар барихдаа тулсан жилүүд эхлээд байна. Эхний хэсэг буюу ямар ч ахиц гараагүй хэсгийн хувьд дэлгэрэнгүйг "Товч зураглал: Монголын өнөөдөр" нийтлэлд тоймлосон. Хоёр дахь буюу орон сууц, хот руу шилжих явц яагаад ийм эрчимтэй өрнөсөн бэ?
 
Хотжих, соёлжих эрмэлзэл бол ганц Монголд биш газар газрын түүхэнд байдаг л нийтлэг үзэгдэл. Гэхдээ Монголд соёлын төдийгүй аж ахуй эдийн засгийн дүрвэлт хот руу явагдсан гэж хэлж болно. Хоцрогдсон МАА-н хүнд хөдөлмөрийг үүрэн байж гаргасан түүхий эд, таваар нь үнэ хүрэхээр боловсруулах салбарууд хөгжөөгүй. Тиймд хөгжилгүй орон нутгаас хүн ард олноор дайжиж хот бараадсан нь аргагүй байлаа.
 
Уламжлалт амьдралд нь соёл, эдийн засгийн мотивац байхгүйтэй зэрэгцээд халамжийн бодлого хавтгайрснаас ашиггүй шахуу хөдөө үйлээ үзэж байснаас хотын захад овоохойд ч хамаагүй суух нь дээр болсон. Өөрөөр хэлбэл төрөөс МАА-д үлдэх хөгжүүлэх сонирхлыг ч, тэрийгээ орхиод очих шинэ аж ахуйг ч биш, юу ч л гэсэн хот тойрон шавах мотивацыг л нийлүүлж ирсэн гэж хэлж болно.
 
Гэр шавуулахын хамт Улаанбаатарын төвд орон сууц шавж барихыг ч төрөөс манлайлан хэрэгжүүлж ирлээ. Хэдий үйлдвэр, аж ахуй хоцрогдсон гэлээ гэлээ гэхэд зээл тусламж, уул уурхай гээд тусгаар улсын хувьд төсөв санхүүтэй улс. Түүнийгээ бүс нутаг, ямар нэг салбарыг бодлогоор хөгжүүлж тэнд нь амьдрах хэв маяг дагаад үүсэх хөгжлийн загварт биш төрд шигдсэн барилга, банкнынхны лобби дор агуу агуу романтик нэртэй хөтөлбөрүүдээр орон сууцжих хөтөлбөрт харамгүй зарж ирсэн тухай зарим мэдээллийг ипотекийн зээлийн тухай тэмдэглэлээс уншиж болно.
 
Ингэж явсаар бидний "аж ахуйгүй-агуу их утаатай” улсын нийслэл Улаанбаатар хот бий болсон байнам. Түр зуурын уул уурхайн тэсрэлт, байрны наймаа, хямд хүүтэй хөтөлбөр дагаж аж ахуйгүй хотод ашгийн төлөө уралдан барьж ирсэн барилгын салбарынхан өөрсдөө хүртэх ёстойгоо хүртэж, мянга мянган хоосон байр хэзээ банк санхүү, эдийн засгаа чирч унах вэ гэдэг дээрээ ирээд ханхайж байна. Агуу их тэнэглэл, аминч лоббиноос л агуу их угаартай алуурчин хот нэг хүнд ногдох газар нутгаар дэлхийд нэгт жагсдаг, цэнхэр тэнгэр ногоон талтай чихэр шиг агаартай тэнэгэр сайхан оронд үүсэж бий болох боломжтой. 
 
Зуух ингэж эвдэрчээ. Айлаар бол Монгол тулга нь эвдэрсэн айл. Одоо эвдэрсэн зуухнаас хүний аминд халтай утаа баагиж байхад богино хугацаанд маск зүүх, дулаалгын стандартыг чангатгах, хэсэгчилсэн хямд өртөг бүхий халаалт, дулааны арга замуудыг туршиж үзэхээс өөр аргагүй. Иргэд ч идэвхтэй санаачилж, ярилцаж, шаардлага тавьдаг болсон байна. Утааны хор тэдний хамрыг давж, аминд тулжээ.
 
Одоо харин аминд тулах тутам, асуудлын гол болсон хөгжлийн загвараас анхаарал улам холдож нүүр нүдгүй багшрах хар утаанд хамаг ухаан санаа уягдаж байх шигээ. Богино хугацаанд авч чадах арга хэмжээнүүдээ авахын сацуу урт хугацаанд бидний сонгож шилжсэн нийгмийн гол тэнхлэг өм цөм онгойж байгааг дээр дооргүй санаж сэрэхгүй бол сэвээд хэзээ ч арилахгүй утаа сэвэхэд хамаг мөнгө, ухаанаа зараад дуусах юм шиг санагдаад бичлээ.
 
Дамбатай л суухгүй гээд яваад байхаар яг олж суудаг гэдэг онигоо байдаг. Гомботой л сууна гээд яваад байвал нэг хэрэг. Юу бодож байгаагаа дагадаг гэсэн үг. Утаа ярих тусам уугих цикл үргэлжилж байна. Одоо хөгжил яримаар байна. Тэнд тийм аж ахуй, тэнд тийм үйлдвэр, суурин, ийм салбар, тийм бодлого нэхдэг болмоор байна. 
 
Бид ийм юм хүсээгүй биш. Бид ийм юм хүссэн гэдгээ ярих чадвар хэрэгтэй байна. Эхэнд утаа хэзээ арилах вэ? гэж асуусан. Утаа бид түүнээс хэд дахин томыг санаж сэтгэдэг, мөрөөддөг, түүнийхээ араас явдаг болсон цагт арилна. Алсын хараа, хүсэл эрмэлзэлтэй айлын гал голомт л бүрэн бүтэн, хөгжлийн утаа хаядаг нь түүхийн үнэн.
 
 
Б.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: "Өглөөний сонин"


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.