Хар жагсаалт ба алдагдах боломжууд


Монголыг татварын шударга бус тогтолцоотой орон гэж үзэв

Өнгөрсөн долоо хоногт Европын Холбоо түүхэндээ анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарласаныг BBC агентлаг мэдээлсэн. Уг хар жагсаалтад багтсан 17 орны нэг нь Монгол болсон юм. Европын холбооны дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис евро бүсийн сайд нарын уулзалтын үеэр 17 орныг хар жагсаалтад оруулж, өөр 40 гаруй орныг татварын системдээ реформ хийх хүртэл "саарал” жагсаалтад оруулснаа танилцуулснаар уг мэдээлэл олон нийтэд хүрч Монголын эрх баригчдыг хөдөлгөөнд оруулаад байна. Европын холбооноос хар жагсаалтад орсон орнуудад өнгөрсөн жил шахам хугацаанд татварын системээ өөрчлөхийг зөвлөж байсан боловч хамтарч ажиллахаас татгалзсан. Тийм учраас хар жагсаалтад оруулсан гэж мэдэгдээд буй. Тэгэхээр энэ төрлийн сануулга өмнө нь манай Сангийн яаманд ирсэн ч тоолгүй өдийг хүрсэн гэсэн үг. Харин хар жагсаалтад оруулах хүртэл арга хэмжээ авсан даруйд сая нэг хөдөлж татварын хууль тогтоомжоо олон улсын хууль эрх зүйн түвшинд нийцүүлж өөрчлөхөөр болов.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дээрх үйл явдалтай холбогдуулж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх үеэрээ манай улсыг хар жагсаалтад оруулснаас бус оффшор бүсэд оруулаагүй гэж мэдэгдсэн юм.

Тэрбээр "Манай арилжааны банкиудад данстай гадаадын иргэдийн дансны хуулга болон Монголын аж, ахуй нэгжүүдэд хувь эзэмшдэг гадаадын иргэдийн мэдээллийг татварын байгууллагаар дамжуулан авч байхыг Европын холбооноос хүсч байгаа. Өөрөөр хэлбэл, татварын хувьд ил тод биш, мэдээлэл авахад төвөгтэй байдалтай байна гэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ил, тод байдлыг хангаж олон улсын байгууллагуудаас тавигддаг стандартад нийцэж ажиллах шаардлагуудыг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тавьж эхэлсэн юм байна лээ. Бид үүнтэй холбоотойгоор холбогдох нэмэлт судалгаануудыг хийгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Манай орон гадны оронд данс эзэмшдэг иргэдийнхээ мэдээллийг авахыг шаарддаг. Үүний нэгэн адил Европын холбоо өөрсдийн иргэдийн данстай холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулж авахыг хүсч байгаа. Бид үүнтэй нийцэж ажиллах ёстой гэсэн байр, суурьтай байгаа. Манай улс холбогдох хууль тогтоомжоо өөрчлөх шаардлагатай. Татварын байгууллагаар дамжиж мэдээлэл авах бол татварын мэдээллийн системийг сайжруулж бусад орнуудтай харилцдаг тогтолцоог бий болгох ёстой. Европын холбооныхон энэ өөрчлөлтийг 2019 онд хийх боломжтой гэж мэдэгдсэн. Манай татварын хуулиар банкны мэдээллийн хуулийг ил тод гаргаад байдаггүй. Тэгэхээр бид энэ асуудлаар Монгол банктай зөвлөлдөж байгаад татварын хуулиндаа өөрчлөлт оруулна. Европын холбооноос манай улсыг оффшор бүсээр зарлаагүй. Харин татварын мэдээллийн хувьд ил тод биш байна гэдэг асуудлаар л манай улсад хандаж байгаа юм. Түүнээс биш оффшор бүсээр зарлаагүй. Цаашид бид гадаад харилцааны яамаараа дамжуулаад Европын холбооныхонтой холбогдож энэ асуудлаар хэлэлцэнэ. Татварын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн байгаа. Ойрын хугацаанд хэлэлцүүлгийг нь хийнэ. Мэдээж, энэ бол таатай зүйл биш. Европын холбоо руу гаргах экспорт, гадаад худалдаанд эрсдэл саад үүсэх ямар ч эрсдэл үүсэхгүй. Энэ бол анхааруулгын арга хэмжээ. Сангийн яамнаас 2019 онд багтаагаад хууль эрхзүйн орчноо сайжруулахад болох юм ” гэсэн.

Ямартай ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг асуудлыг хүндээр тусгаж авалгүй байхыг сануулсан нь энэ.

Хар жагсаалт ба хар үр дагаварууд

Гэхдээ бид Европын холбооны хүсэлтийг хүлээн авч хууль тогтоомжоо өөрчлөхгүй бол Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болох гэж зарим эдийн засагчид хэлж буй.

УИХ-ын гишүүн, эдийн засагч З.Нарантуяа "Европын холбоо бол Монгол Улсыг оффшор бүс гэж зарлаагүй. Оффшорын асуудалд холбогдсон учраас найдваргүй, харилцахад эрсдэлтэй орон гэж үзээд хар жагсаалтад оруулсан гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу. Ингэснээр Европын холбооны улс орнууд Монгол Улстай харилцахдаа болгоомжлоорой гэсэн дохиог өгч байна. Тэгэхээр улсын эдийн засгийн бодлогоо төвлөрүүлж, уялдуулж чадахгүй байгааг илтгэсэн мессеж ирлээ гэж харж байна” гэсэн.

Ер нь Европын холбооноос манай улсыг хар жагсаалтад оруулснаар ямар эрсдэл учирч болохвэ?

  • Бизнесийн цэвэр мөнгө орж ирэхэд хүндрэлтэй болно  Луйврын сүлжээний хөрөнгө оруулалтууд орж ирэх магадлал өндөр болно гэсэн үг.
  • Эдийн засгийн харилцаа бүрхэг болохын дээр энэ холбооноос Монгол Улсыг дэмжиж буй санхүүгийн дэмжлэг эргэлзээтэй болж мэдэх юм.
  • Тус холбоонд элссэн АНУ, Хятад, Япон орнуудын биднийг дэмжих эсэх нь эргэлзээтэй болно.
  • Хар жагсаалтад орсноор Европын орнууд руу хийгдэж байгаа мөнгө санхүүгийн гүйлгээг хянаж эхэлнэ. Ингэснээр мөнгө, санхүүгийн гүйлгээ хугацаа алдах аюултай.

Тэгэхээр бид хар жагсаалтаас яаралтай гарах хэрэгтэй болж байгаа юм.

Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас болж хар жагсаалтад орсон уу

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд "Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас болж хар жагсаалтад оржээ” гэж мэдэгдсэн.

Учир нь 2017 оны 11 дүгээр сард Европын холбооноос Сангийн яаманд татварын орчноо сайжруулахыг хүссэн албан бичгийг ирүүлэхэд дэд сайд Х.Булгантуяа таатай бус хариуг өгч байжээ.


Энэ жагсаалтад орохоос дөрвөн сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээр Дэлхийн форум, Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах асуудлын эсрэг төсөлтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа тул эдгээр байгууллагад нэгдэж орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлж ажиллахыг хүссэн албан бичиг илгээж байсан аж. 


Энэ бичгийн зорилго нь Монголд үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамжсан корпорациуд, тухайлбал, Рио Тинто-гоос татвараа бүрэн авахын тулд холбогдох хэлэлцээрүүдэд яаралтай нэгдэн орох тухай хүсэлт тавьж байсан аж.

Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн байр суурь тухайн үед өөр байсныг ирүүлсэн хариу бичгээс харж болох аж. Харин Ч.Хүрэлбаатарыг сайд болсноос хойш байр суурь нь 180 градус өөрчлөгдсөн гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үзэж байгаа аж.

Б.Батчимэг

http://www.24tsag.mn/content/158097.shtml


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.