Ичсэн хүн хүн алсан ч яадгийн...


Ичсэн хүн хүн алсан ч яадгийн...Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийхээр зарлаад байсан УИХ уг асуудлыг сар шахуу хойшлуулсны эцэст хаалттай хуралдаанаар томилгоо хийв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас чөлөөлж, Д.Гэрэлийг томилсныхоо дараа түүнийг БНСУ-д суух Элчин сайдаар томилуулахаар арваннэгдүгээр сарын 2-ндЕрөнхийлөгч Х.Баттулгад саналаа хүргүүлсэн. Ерөнхийлөгч уг саналыг нь хүлээж авсан тул арваннэгдүгээр сарын 8-нд УИХ-д оруулсан байна.

Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг УИХ өнгөрөгч сарын 16, 17-нд хоёр өдөр хэлэлцээд УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар томилгооны асуудлаар нээлттэй сонсгол хийхээр болсон билээ. Гэвч сонсгол зохион байгуулах ажил сар шахам хойшлогдсоны эцэст өнгөрөгч баасан гаригт УИХ хаалттай хуралдаж, Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилов. Хуралдаанд оролцсон 42 гишүүнээс 29 нь хуралдааныг хаалттай горимд шилжүүлэхийг дэмжиж саналаа өгсөн байна. Мөн 26 гишүүн (Н.Амарзаяа, О.БаасанхүүЁ.Баатарбилэг,С.БатболдБ.Бат-ЭрдэнэМ.БилэгтД.Дамба-ОчирБ.ДэлгэрсайханБ.ЖавхланГ.ЗанданшатарЛ.Мөнхбаатар,Г.МөнхцэцэгН.ОюундарьБ.ПүрэвдоржЯ.СанжмятавД.СарангэрэлГ.СолтанД.ТогтохсүрэнГ.ТэмүүлэнН.Учрал,Д.ХаянхярвааЦ.ЦогзолмааБ.ЧойжилсүрэнМ.ЭнхболдН.ЭнхболдЛ.Элдэв-Очир) Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохыг дэмжив.

Уг асуудлыг хаалттай хэлэлцүүлэхээр санал хураалсан О.Баасанхүү гишүүн ингэх болсон үндэслэлээ "Өмнө энэ асуудлыг нээлттэй хэлэлцсэнээрээ бид дэлхийн шившиг болсон. Нээлттэй хуралдвал улсын нууц задрах гээд байна” хэмээн тайлбарлав. Чуулганы хуралдаан хаалттай явсан учраас хаалганы цаана үнэхээр улсын нууц асуудал хэлэлцсэн уу, эсвэл Б.Хурцын атганд орсон улстөрчдийн "төмсөг”-ний том, багын асуудал яригдсан уу гэдгийг сэтгүүлчид болоод олон нийт мэдэж чадсангүй. Ямартай ч ичгүүртэйгийн хувьд бол ичгүүртэй зүйл болоод өнгөрлөө. Гэхдээ яг юунаас ичсэн бэ гэдгийг нь би ч, та ч, ер нь хэн ч таашгүй.

Уг нь бол Б.Хурц явлаа гээд маньд гарзтай юм биш. Тэр тусмаа ямар ч үнэ төлөөд хамаагүй хуулийн байгууллагаас холдуулах, зайлуулах ёстой хүн юм гэдгийг өмнөх хэлэлцүүлгийн үеэр бүгд л харсан, үзсэн. Нээлттэй хэлэлцүүлэг дээр чихдэж ирээд байцааж чаддаггүй юм гэхэд ядаж л нэр дэвшүүлсэн этгээд нь ичсэндээ саналаа татчих болов уу гэтэл тэгсэнгүй. Ичсэн хүн хүн алж чадна гэдгийг энэ удаагийн УИХ нэгмөсөн үлгэрлэж байна. Ичингүүтээ "Эрдэнэт”-ийн 49 хувийг дээрэмдсэн. Ичингүүтээ "Талын зам”-ыг "Хөгжлийн зам” болгосон. Ичингүүтээ "Гудамж” төслийг, "Гэр хорооллын барилгажилт”-ийг зогсоож, Хамтын тэтгэврийг хуулийг "Насны нүнжиг”-ээр сольсон. Ичингүүтээ Б.Хурцыг Элчин сайдаар томилчихлоо.

Хууль тогтоох байгууллага, хууль тогтоогчид нь ингэж "ичдэг”, ичсэндээ юу хамаагүй хийдэг юм бол ерөөсөө бүгдээрээ, нийтээрээ "ичээд” л амьдаръя. Ядуу байх нь ичгэвтэр учраас баячуудаа нухацгаая. Ажилгүй байгаадаа ичээд ажил хийдгүүдээ талцгаая. Харанхуй байх нь ичгэвтэр учраас гэрэл гэгээ тусгасан болгоныг намная. Ичингүүтээ эхнэрүүдээ зодож, хөршүүдээ сандаая. Ичсэн хүн хүн алсан ч яадгийн...

Ц.СЭМҮҮН

https://www.infomongol.mn/content/read/153690.htm


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.