Олон
жилийн өмнө дөө. 1980-аад оны сүүл хавьцаа байх. Нэг сониноос би (Тэр
үеийн "Хөдөлмөр” сонин шиг санаж байна.) Сергей Есениний "Я покинул
родимый дом” шүлгийн орчуулгын уралдаан зарлаж дүгнэсэн тухай уншсан юм.
Тэнд нуршсан юм байгаагүй. Ирүүлсэн орчуулгуудыг хэрхэн дүгнэснээ товч
дурдаж, "Тэргүүн байр эзлэх орчуулга байгаагүй
тул...” гэж онцлоод, дараагийн байруудыг эзэлсэн орчуулагчдын нэрсийг
зарлаж, бүтээлийг нийтэлсэн байсан санагдана. Тэдгээрийн дотроос би
хоёрдугаар байрт буюу өөрөөр хэлбэл түрүүлэх хэмжээнд шалгарсан
Х.Мэргэний орчуулгыг бараг ганц уншаад цээжилчихэж билээ. Түүнээс хойш
20 гаруй жил өнгөрсөн боловч мартагдсангүй.
Орчуулга:
Орон гэрээсээ алсад би одлоо
Оросын цэнхэр нутгаа би орхилоо
Гурвалсан од, хусан ойтой цөөрмийн дэргэд
Гунигтай ээжийн элгийг дэвтээж хоцорлоо
Аниргүй усан дээр тэргэл саран
Алтан мэлхий шиг хөвөөд үлдлээ
Алимын цэцэг шиг цагаахан сор
Аавын сахалд тодроод ирлээ
Цаг улирч, би харьтал өдий
Цасан шуурга исгэрэн дуулсаар удна
Өргөн цэнхэр Орос нутгийг минь
Өвгөн агч мод ганцаар манана
Өвгөн тэр агчны шаргалхан толгой
Өөрийнхтэй минь ижилхэн болохоор
Асгарах навчисаа хайрлагч бүхэнд
Агч мод баярладгийг би мэднэ
Орос эх:
Я покинул родимый дом,
Голубую оставил Русь.
В три звезды березняк над прудом
Теплит матери старой грусть.
Золотою лягушкой луна
Распласталась на тихой воде.
Словно яблонный цвет, седина
У отца пролилась в бороде.
Я не скоро, не скоро вернусь!
Долго петь и звенеть пурге.
Стережет голубую Русь
Старый клен на одной ноге.
И я знаю, есть радость в нем
Тем, кто листьев целует дождь,
Оттого, что тот старый клен
Головой на меня похож.
Олон
жилийн дараа би Х.Мэргэний орчуулгыг үндсэн эхтэй нь тулгаж суухдаа ийм
орчуулга гологдож байсныг бодоход тухай үеийн уран бүтээлчдэд ямар
өндөр шаардлага тавигдаж байсныг дахин нэг ойлгох шиг болов. Анх энэ
орчуулгыг уншаад юу юугүй автчихаж билээ. Түүнээс хойш бодсоор л явдаг.
Үе үехэн сэтгэлээ сэргээж, өөртөө уншдаг. Тэр үеийн сонин одоо байхгүй,
түүнээс хойш энэ орчуулга зөвхөн миний тархины бор хальсанд бичээстэй
яваа болохоор ганц нэг үг андуурсан байх магадгүй. Гэхдээ л ийм орчуулга
байсан юм.
Түүнээс хойш С.Есенинийг орчуулсан олон л
хувилбарууд уншлаа. Түүн дотор найрагчийг үүн шиг мэдэрсэн орчуулга
байхгүй юм шиг санагддаг. Цэл залуухан явсан оюутан цагийн дурсамжтай
холбоотой болоод ч тэр үү, унших тусам сэтгэлд улам гүн нэвчих энэ
шүлгийг С.Есенин тэртээх он жилүүдэд Айседора Дунканыг дагаж, өргөн
цэнхэр Орос нутгаа орхин хилийн чанадыг зорих үедээ бичсэн байж магадгүй
гэж би боддог байв. Шимшрэм гунигтай ийм шүлэг найрагчийн зүрх
сэтгэлээс яг л тийм агшинд төрсөн байх гэж одоо ч итгэсээр явнам.
Сэтгэгдэл