Эрх баригчид "Алт-2" хөтөлбөрөөр баялгийн дахин хуваарилалт хийхийг санаархаж байна


 
 Эрх баригчид "Алт-2" хөтөлбөрөөр баялгийн дахин хуваарилалт хийхийг санаархаж байна
Эрх баригчид "Алт-2" хөтөлбөрөөр баялгийн дахин хуваарилалт хийхийг санаархаж байна
Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолоор "Алт-2” үндэсний хөтөлбөрийг баталсан.
Үндэсний хөтөлбөрийн зорилго нь алтны үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангамж алт олборлох, боловсруулахад дэвшилтэт технологи, менежмент нэвтрүүлэх, байгал орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үр дүнг сайжруулах, алтны үйлдвэрлэлээс эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг өсгөхөд чиглэгдэнэ гэсэн байдаг. Уншихад нийтлэг эрх ашгийг хангах зорилготой чухал баримт бичиг шиг санагдана.

Гэтэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эрх баригчид өөрсөддөө ашигтай байх, намаа санхүүжүүлэх арга сийлсэн нь дараах баримтуудаар нотлогдоно. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дашдорж 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар ашигт малтмалын "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг өөрчилөн баталсан.
Энэхүү журмын 1 дүгээр зүйлийн 1.6-т "Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтонд өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэсэн байдаг.

Энэ заалтыг үндэслэн хайгуулийн зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Ашигт Малтмал Газрын Тосны газар (АМГТ)-аас маш олон тоогоор зарлан, ялагчийг тодруулж байна. Жишээ нь Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 119 дугаар тогтоолоор Цогтцэций сумын нутагт орших "Цагаан могой” нэртэй 12612.73 газрыг бичил уурхай зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Энд эргэлзээ төрөх асуудал нь ийм том нутаг дэвсгэрийн асуудлыг яагаад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийдсэн юм. Яагаад өдийг хүртэл аймгийн ИТХ-д уг шийдвэрээ танилцуулахгүй байгаа нь анхаарал татна.

Дээрх тогтоолыг АМГТ хүлээн авсан яг тэр өдөрөө буюу 2017 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах хязгаарлагдмал сонгон шалгаруулалт зарласан. Шалгаруулалтын хугацаа өнөөдөр дуусч байгаа. Энд бас л ойлгомжгүй зүйл байгаа нь "Цагаан могой” нэртэй уг газар Уул уурхайн компьютерийн кадастрын систем (cmcs.mrpam.gov.mn)-д өнөөдрийг хүртэл бүртгэл нь баталгаажаагүй байхад ямар учраас яаран сандран сонгон шалгаруулалт зарласан бэ гэдэг ч маш том "асуултын тэмдэг".

Эндээс юу харагдаж байна вэ?
Нэгд, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, салбарын сайд Ц.Дашдорж нар АЛТ-2 хөтөлбөрөөр дамжуулан бүх түвшинд эрх барьж байгаа ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга нартаа бялуу хуваасан байна.
Хоёрт, манай орон уул уурхайн нэгдмэл бодлогогүй боллоо. Аймаг, сум, дүүргийн ИТХ эсвэл тэргүүлэгчид хэдэн хүн санаа нийлээд хүссэн газартаа бичил уурхай эрхлэх, хайгуулын болон ашиглалтын лиценз олгоход нөлөөлөх болов.
Гуравт, бид цаашдаа алт олборлогчид ба нутгийн иргэдийн хооронд бэлчээр, ус, алтны төлөөх ширүүн тэмцэл рүү татагдан орлоо. Говийн бүс нутагт уул уурхайн нөлөөгөөр бэлчээр, усны хомсдолд хэдийнээ өртөж эхэлсэн. Ирэх хавар энэ байдал тэмцлийн хурц хэлбэрт шилжиж мэдэхээр байна.
Дөрөвт, "Алт-2” үндэсний хөтөлбөр баялгийн тэгш бус хуваарилалтыг улам өдөөж, нийт ард түмний мэдэлд байх ёстой газрын хэвлийн баялаг эрх мэдэлтэй, мэдээлэлтэй, хэсэг бүлэг хүмүүсийн гарт төвлөрөх нөхцөл бүрдэж байна.
 
Эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөх



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.