АТҮТ бол төрийн өмчит үйлдвэрийн газар. Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулж, зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.
Тус төв нь Автотээврийн тухай хууль, Засгийн газрын тогтоол болон дүрмэнд заасны дагуу тус үндэсний төв дараах чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийнэ. Нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, мотоциклийг шинээр бүртгэж, улсын дугаар олгоно. Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулна. Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгоно. Мөн улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох, хөдөлгөөнийг шуурхай зохицуулалтаар хангах ажлыг эрхэлдэг. Чухамдаа эндээс л орлого, санхүүгийн эх үүсвэр сайн бүрдүүлдэг төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн үг. 2017 онд 19 шахам тэрбум төгрөгийн өөрийн орлого олно гэж төлөвлөөд одоогоор үүнийгээ тэрбум шахам төгрөгөөр давуулан биелүүлсэн байгаа юм. Түүнчлэн АТҮТ нь Улаанбаатар хотод Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв, хот хоорондын зорчигч тээврийн Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв болон орон нутагт 23, улсын хэмжээнд нийт 29 салбартай. Энэ салбарууд руугаа төсөв хуваарилах, бусад зардлуудыг санхүүжүүлдэг.
Харин энэ төвийн төсөв санхүү хэр зэрэг сахилга баттай байж, зүй зохистой зарцуулагддаг вэ гэднэгт эргэлзэх хүн цөөнгүй байдаг ажээ. Тиймээс энэ эргэлзээг тайлахын тулд АТҮТ-ийг аудитын шалгалтад хамруулах хэрэгтэй байгаа юм. Учир юу гэвэл ойрын үед "Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байна.
Төсвийн байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс гаргасан саналын дагуу БХЯ болон Засгийн газрын авто баазын үйл ажиллагаа, төрөөс бага боловсрол олгож байгаа байдал, эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого зэрэг аудитын сэдвүүдийг хасаж, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой аудитын гурван сэдвийг нэгтгэж нэг болгожээ.
Мөн УИХ-ын гишүүд болон Авлигатай тэмцэх газраас Төвсийн байнгын хороонд ирүүлсэн саналын дагуу Төрийн сан болон Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилт, Гүйцэтгэх ажиллагааны зардал, МИАТ ХК болон Монгол банкны үйл ажиллагаанд аудит хийлгэхээр аудитын сэдвийн төлөвлөгөөнд нэмж тусгасан тухай УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицах хэлтсээс мэдээлжээ. Харин үүн дээр нэмж АТҮТ-ийн санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийх нь цаг үеийн, нэн шаардлагатай ажил хэмээн үзэх хүн цөөнгүй байна.
Б.БАЯР
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл