Монголын боксын их шүтээн тэнгэрийн орондоо морилжээ


Монголын боксын их шүтээн тэнгэрийн орондоо морилжээАав аа аааа. Ингэж дуудлаа ч эргэж ирэхгүйгээр та минь одов. Дахиж таныхаа хоолойг сонсохгүй болов, уулзана гэсэн минь, үрсээ дагуулаад очиж үнсүүлнэ гэсэн минь амлалт л төдий үлдэв. Охин минь гэж дуудан үрсийнхээ тоонд багтаасан миний хайрт аав монголын спортын од, Дамдинжавын Банди аав минь бурхан зүг одов. олны дундаас онцолж, охин минь гэж өөриймсөж, энэ мөчөөс эхлэн чи миний охин би чиний аав гэсэн та минь хаачив.
Судсаар минь таны цус гүйгээгүй ч, зүрхэнд минь таны хайр мөнхөд байх болно аав аа. Надаар бахархаж, намайг хүлээх та минь үгүй болов, юутай гуниг, юутай харуусал. 
Дөрвөн жилийн өмнө та минь надаар ингэж бичүүлж.

Зангидсан нударга, атгасан гар хоёр ямар ялгаатайг
Замын хүнээс асуухгүй, тамын амьтад ч мэдэхгүй
Дусалсан хөлс, асгарсан цусны амтыг
Дуу болгож дуулахгүй, сүү болгож самрахгүй

Алдхан бие үрэгдэвч алдар үлддэг орчлонгийн
Аньсаган дотроос унагах нулимс шиг хэдэн үг байна
Аавын минь хананд өлгөөтэй хуучин ширэн бээлийний
Ханзарсан оёоосыг хэрэх учигтай зүү шиг шүлэг байна

Уур хилэн бус, ухаан чадлаараа нударга зангидсан
Өс хонзон бус, үнэн мөнөөр шударга ялсан
Цус нь судсандаа буцалж биеэ тойрохдоо бадрангуй гал болсон
Цөс нь цээжиндээ хөөрч, ялалтаа өргөөд амирлангуй тал болсон-монголын ширэн бээлийтнүүд

Ам зөрөхийн тоолонгоор нударга зангиддаггүй жудаг
Загас нь зөрсөн соёмбон доор эв зангидсан билэг
Атгасан гар шиг дэлхийн алгыг төөнөсөн монголынхоо
Алдарын бамбарыг өргөж наранд ноцоосон гавьяа

Шатрын хөлөг шиг дэвжээн дээр
Эрсэлж нүүсэн хүн-бэрс
Алганы хээ шиг дэлхий дээр
Эгцэлж боссон монгол эрс ээ

Зангидсан нударга, атгасан гар хоёрын ялгааг
Замын хүнээс асуухгүй, холын бурхад ч мэдэхгүй
Самсаа шархирч, зүрх омогшихын сайханыг
Дуу болгох ч багадана, суу алдар нь үлдэнэ ээ

Bandi Damdinjav
Та минь бурханы орондоо тайван нойрс доо. Замын холд очиж уулзаж чадаагүй арчаагүй намайгаа өршөө. Ум сайн магалан болтугай.
Үүрд санана дурсана.
Таны хайрт охин Бандийн Болормаа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.