Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай


Улиг болсоор удаж байгаа нэгэн асуудлыг жил бүрийн энэ л цаг үед байнга хэлэлцэж, хууль, тогтоомж үйлдсээр ирсэн. Тэр нь, уушги, зүрх хордуулагч утаа. Бараг ёс мэт болсон зүйл. Ярихгүй хэлэхгүй, хуульчлахгүй бол болдоггүй ганц асуудал. Хүйтэн өвөл айлчлан ирэх цагаас л бид хордож үхэх нь гээд л шагширч, хоороороо хашгиралдана. Үе үеийн парламентчид, сайд дарга нарын дүр зураг нэг иймэрхүү л байсан.

Халаагаа өгсөн хуучин парламентын үед нүүрс тарааж, зуух үйлдвэрлэж байлаа. Түүний өмнөх засаглалын үед бүрэн шатдаг коксжсон түлшний үйлдвэрүүдийг бөөн бөөнөөр төрүүлэн гаргасан. Гэвч аль нь ч үр дүнгээ өгөөгүй. Үйлдвэрүүд даампуурсан, утаагүй гэх тодотголтой зуухнууд утаа үйлдвэрлэсээр л байгаа. Улаанбаатарын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж, улам ч өтгөрч, баялаг агууламжтай болсоор. Хүнд метал, хар тугалганы агууламж асар өндөрт хүрсэн. Харин улстөрчид үүнд сэтгэл нь өвдөж, санааширсангүй, хууль баталж, түүгээрээ утаатай байлдахаар төрийн ордонд хуран чуулж сууна. Ялаа биш цаасаар яах нь уу гэсэн яриа ч гараад амжлаа. Улстөрчдийн харж байгаагаар, тэдний мэргэн оюун ухаанд хууль баталж, утааг ялаа мэт цохиж устгах л бодол төрсөн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ ингэж агаарыг цэвэршүүлэхгүй гэдгийг өмнөх туршлага нотолсон. Гэвч үүнээс өөр зүйл эрхэм дээдсүүдийн сэтгэхүйд огт буухгүй байх шиг. Ам нээвэл л хууль батална гээд хуралдааны танхим руугаа хурдалцгаана.

Өмнөх үед ч хуульчлаад л тогтоол гаргаж байсан түүхтэй. Баталсан хуулийнх тоогоор агаар цэвэршиж, хорт утаа үргэн зугтдаг бол аль хэдийнэ нийслэл хот цэнгэг агаарын туйл болчихсон яваа. Харин хуульчилсны ачаар утаа улам нэмэгдэж өтгөрөн, найрлагаа баяжуулан хүний амь нас, энэ улсын ирээдүй болсон хүүхдүүдэд нөлөөлж эхэллээ, дарга, сайд, түшээд ээ. Улаанбаатар гэж сайхан хотыг байгуулсан цаг ард хоцорч, Утаанбаатар болон нэр нь солигдсон цаг саяхан. Тэгвэл өдгөө Угаартсанбаатар болж байх жишээтэй. Өнөөдөр их хотоо холхон газраас тольдон харвал уран зураг мэт угаар дундаа сүүмийн харагдана. 

Хорт агаараар амьсгалж боож үхэх нь гэж хэлэхээр иргэн бүр маскаа зүү гэх. Гоё үг шүү. Хүн бүр бага балчраасаа маскаа зүүж сурах нь, хорт угаарыг бага хэмжээгээр залгих үндэс болно гээд лоозунг өлгөмөөр ч юм шиг. Ер нь, тэр нь ч дээр биз.

Заримдаа энэ улстөрчдийн учрыг эс ойлгоно. Олон ч жил зуух, нүүрс, утаатай танилцлаа. Нүүр нүүрээ харж танилцчихаад мартчихдаг л юм байх даа. Энэ жил бас л танилцаж явна. Саяхан зуухтай танилцсан. Бүр их дотночилж танилцаж байгаа харагдсандаг. Дотрыг нь шагайж, урдаас хойноос нь харж, бүр барьж ч үзсэн. Дараа нь танихгүй болчихож магадгүй гэж ийнхүү нягт нямбай ажсан биз. Өмнөх жилүүдэд танилцсан зуухаа мартсан болохоор ч тэр байх.

Тэгвэл одоо утаатай нь танилцана гэнэ шүү. Мэдээж хэрэг утааг барьж, тэмтэрч болохгүй учир хамраараа танилцах нь гарцаагүй. Ямар агууламжтай, хэрхэн үнэртэж байна, мансуурч, муужрахад хэчнээн хугацаа шаардах нь уу гээд л асуудалд их нухацтай хандана гэж байгаа. Гэхдээ их хурлын гишүүд бөөндөө нэг газар очихгүй юм гэнэ лээ. Тал тал тийшээ таран бутарч, нийслэлийн бохирдсон агаартай дүүрэг, гэр хорооллуудын утаатай тус тусдаа танилцана. Ерөнхийдөө энэ гишүүдийн үнэрлэх мэдрэмж маш өндөрт хөгжсөн болохоор утаатай ийнхүү танилцаж, хэрхэн нөлөөлж байгааг мэдэж авах зорилготой.

За тэгээд хэдэн тийш салж бутран хорт утаатай танилцсан гишүүд ирэх долоо хоногт хурал чуулганы танхимд цуглан сууж хаанахын утаа, угаар арвин баялаг найрлагатай, хүмүүст хүчтэй нөлөөлж байгааг ам уралдуулан ярьж, хэр удаан үнэрлэсэн туршлагаа хуваалцах бололтой. Үүнийхээ дараа утааг хэрхэн үнэрлэх, яаж танилцах талаарх судалгаандаа үндэслэн үнэртэх тухай хууль баталж, нийгэмд мөрдүүлэх нь. Ийм л сайн, гоё парламентчид ард түмнийхээ, улаанбаатарчуудын төлөө ажиллаж байна. Ямрав дээ та минь ээ. Үнэхээр бадрангуй байгаа биз.

Энэ мэтчилэн муухан хошин шогоос дээр жүжигчилсэн тоглолтууд урин цаг хүртэл үргэлжилнэ. Зуны дэлгэр цагт утаагаа мартацгааж, наадам наргианы ажилдаа шилжих. Тиймээс ирэх жилийн өдийд мартагдсан утаа, зуухтай танилцах ажил дахин эхэлнэ. 

 

Э.Мөнгөнбаяр


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.