Тѳв банк ханшийг хариуцахаас зугтааж байна гэсэн шүүмжлэлийг зарим улс тѳрчид хүчтэй тавьж буй. Улмаар Тѳв банкны тухай хуулиар зааж ѳгсѳн үндсэн зорилтоо "үнийн тогтвортой байдал" болгож ѳѳрчлѳх гэлээ, хариуцлагаас зугтлаа гэдэг асуудлыг тавьж байгаа.
Уул нь Монголбанкны зорилгыг юу гэж томъёоллоо ч гэсэн ханшийн асуудал огт хамаагүй зүйл бол биш. Учир нь хэрэглээний сагсны 40% орчим нь импортын бараа. Иймд инфляцийг тогтвортой байлгахын тулд ханшийг анхаарахаас ѳѳр аргагүй. Банкуудын зээлийн 1/4 нь валютын зээл. Ханшийн савлагаа үүсэхэд валютын зээлүүдийн чанар муудаж, банкны системийг эрсдэлд оруулах учир дахиад л ханшийг анхаарахаас ѳѳр аргагүй.
Тэгэхээр, Тѳв банк одоогийн хуулиараа ч тѳгрѳгийг тогтвортой байлгахын тулд, санхүүгийн тогтолцоог тогтвортой байлгахын тулд ханшийг анхаарахаас ѳѳр аргагүй. Тийм ч учраас ханшийн огцом савлагаа үүсгэхгүй бодлого баримтална гэдгийг жил бүрийн мѳнгѳний бодлогын үндсэн чиглэлд заавал тусгасаар ирсэн.
Харин ханшийг тѳв банк шийдэж чадах уу гэвэл, шуудхан хэлэхэд онолын хувьд ч, практик дээр ч боломжгүй. Богино хугацаанд зах зээлд оролцогчдын сэтгэлзүй, спекуляциас үүдэлтэй дээш доош савлагаа байх боломжтой ч, ер нь бол ханшийн хѳдѳлгѳѳн нь ѳѳрѳѳ Монгол улсад хэр их валют орж ирж байна гэдгийн л шууд тусгал юм. Жишээ нь, зэс нүүрсийн үнэ сайн, дагаад экспортын орлого сайн байвал доллар их орж ирнэ л гэсэн үг. Монголд бизнес эрхлэх орчин таатай, гадны хѳрѳнгѳ оруулагчдад итгэл тѳрүүлж байвал ГШХО хэлбэрээр доллар орж ирнэ л гэсэн үг. Зээлжих зэрэглэл маань сайн байвал засгийн газар тѳдийгүй хувийн бизнес эрхлэгчид ч гаднаас санхүүжилт татаж чадна гэсэн үг. Энэ хэмжээгээр валютын орох урсгал сайн, тѳгрѳгийн үнэ цэнэ унах эрсдэл бага байна гэсэн үг юм.
Тэгвэл жишээ нь зэсийн үнийг ѳсгѳх, гадны хѳрѳнгѳ оруулалт орж ирэх татварын орчныг сайжруулах, эсхүл аль нэг компани гаднаас санхүүжилт татах чадварыг дээшлүүлэхэд Тѳв банк юу хийж чадах вэ? Харин нѳгѳѳ талаас импортын барааг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай боловсон хүчнийг бэлдэх, хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих худалдан авалт хийн, валютын гарах урсгалыг бага байлгахад Тѳв банк юу хийж чадах вэ? Эдгээр асуултуудын хариунаас ханш нь ѳѳрѳѳ УИХ, ЗГ, хувийн хэвшил, хэрэглэгчдийн вкус-ээс ч хамаарна гэдэг нь тодорхой харагдаж байна.
Харин түүх сѳхѳѳд харахад Монголбанк ханшийг гол зорилгоо болгосон мэт үе байсан. 2000 оноос 2008 оноос эхтэй дэлхийн эдийн засгийн хямрал хүртэл Монголд ам.долларын ханш 1100 тѳгрѳг хавьцаа маш тогтвортой байв. Гэхдээ энэ нь цаанаа золиостой байсан. 10-аад жил уул уурхайн супер цикл ѳрнѳж, дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ түүхэн рекорд тогтоож, үүнийг дагаад Монгол улсад ч экспортын орлогоор маш их валют орж ирж байсан ч Монголбанк 2009 оны хямралын босгон дээр дѳнгѳж $1 тэрбумын л нѳѳцтэй байсан. Ингээд дэлхийн эдийн засгийн их хямралаар түүхий эдийн үнэ навс унахаад ханшаа барихын тулд хэдхэн сарын дотор нѳѳцийнхѳѳ талыг нь дуусгаж, долларын ханш 1700 руу огцом харваж байсан. ОУВС-гийн Стэндбай хѳтѳлбѳр авч байж эдийн засаг эргэн сэргэснийг санаж байгаа байх. Доллар жаахан хѳдлѳхѳд л Монголбанкны ерѳнхийлѳгчийг огцруулах асуудал яригддаг байсан үед ийм л байв.
Дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Хятадын засгийн газрын 4 триллион ам.долларын тэлэх бодлогын нѳлѳѳ арилж, түүхий эдийн үнэ 2012 оны эцсээс эхлэн буурч эхлэхэд Монгол дахиад л хямралтай золгох нь тодорхой болсон. Энэ үед Тѳв банк эдийн засгийн ѳсѳлтийг тэргүүн зорилтоо болгож байв. Ѳсѳлтийг дэмжихээр мѳнгѳ хэвлэсэн, барилгын салбар ѳссѳн, олон хүн байшинтай болсон. Гэхдээ мэдээж бас л золиостой. Валютын нѳѳц шавхагдсан, тѳгрѳгийн ханш 2 дахин унасан...
Уул нь Тѳв банк ханшийг ч, эдийн засгийн ѳсѳлтийг ч урт хугацаанд тогтвортой хадгалж чадах институци биш гэдэг нь онолын хувьд ч, маш олон улсын практик жишээ нь дээр ч харагдсан. Монгол ч тэр кейсүүдийн нэг. Тийм ч учраас Тѳв банк гэдэг инситуци дэлхийд үүсч хѳгжсѳн 300 жилийн түүхийн туршлагаас ѳнѳѳдѳр хамгийн амжилттай яваа эдийн засгуудад price stability буюу "үнийн тогтвортой байдал"-ыг Тѳв банкны үндсэн мандат, зорилт болгож томъёолсон байдаг. Иймд одоогийн Тѳв банкны тухай хуулийн эхнийн гол ѳѳрчлѳлт бол Монголбанкны үндсэн зорилтын тухай асуудал юм.
Ханшийн тухай яриандаа эргэн орвол, хэрэв анзаарсан бол 2017 оны 11-р сараас хойш Монголбанк валютын дуудлага худалдаанд бараг оролцоогүй. 8-р сараас хойш тѳлбѳрийн тэнцэл ашигтай буюу Монгол улс руу орж гарч буй валютын цэвэр урсгал эерэг дүнтэй, валютын орох урсгал нь давамгайлж зах зээл дээр доллар элбэг болж буй үед оролцох ч шаардлагагүй юм. Ханш ч Монголбанкны оролцоогүйгээр 2480-aaс алгуур бууж эхэлсэн. Харин гадад валютын валютын нѳѳц нэмэгдсэн.
Тэгэхээр, одоо яригдаж байгаа хуулийн шинэчлэлээр Тѳв банкны үндсэн зорилтыг "үнийн тогтвортой байдал" болгосноор "ханшийг барь" эсхүл "эдийн засгийг ѳсгѳ" гэдэг зүйлийг Монголбанкинд тулгах эрсдэл үгүй болох учиртай. Ингэснээр яах вэ гэхээр, Монголбанк улс тѳрчид, эсхүл сонгогчдод таалагдахын тулд урт хугацаанд үргэлжлэх боломжгүй тогтворгүй, богино хугацааны бодлого явуулахгүй байх эрх зүйн үндэслэл тодорхой болно гэсэн үг. Ѳмнѳх 20 жилд гаргаж байсан алдаануудаа давтах эрсдэл буурна гэсэн үг. Харин урт хугацаанд инфляцийг тогтвортой байлгах гэдэг гол чиг шугамын дагуу ханшийн бодлогоо ч, эдийн засгийг дэмжих бодлогоо ч хэрэгжүүлэх таатай орчин бүрдэнэ гэсэн үг.
Тѳв банк ирээдүйд тогтвортой сайн бодлого явуулах хууль эрх зүйн үндэслэл нь Тѳв банкны зорилгыг хэрхэн тодорхойлохоос эхлэх учраас энэ бол маш чухал ѳѳрчѳлт. Харин ѳнгѳрсѳн хугацааны туршлагаас ч тэр, олон улсын сайн туршлагаас ч тодорхой болсон зүйлийг энэ удаад бид хийж чадахгүй бол харамсалтай л юм...” гэжээ.
Сэтгэгдэл