"Өөр зочин” булангийн зочноор залуу найруулагч, жүжигчин Б.Тамирыг энэ удаа найруулагчийнх нь хувиар урилаа. Тэрээр хамгийн сүүлд "Зүрхний хилэн” киногоор үзэгчидтэйгээ уулзсан юм.
–Юуны өмнө 2017 оны "Шилдэг найруулагч” болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Кино бол хамтын уран бүтээл. Уран бүтээл бүхэнд минь баг болж ажилладаг авьяаслаг, хөдөлмөрч залуустаа хамгийн түрүүнд баярласнаа илэрхийлье. Залуу уран бүтээлчийн хувьд илүү ихийг хийж бүтээгээрэй гэсэн урам боллоо.
-"Зүрхний хилэн” үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Кино бүтсэн түүхээс сонирхуулахгүй юу?
-"Фантастик” продакшн, "Монгол контент” компанийн хамтарсан анхны түүхэн кино үзэгчдийн хүртээл боллоо. Киноны зохиолыг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Алдартай хамт бичсэн. Зохиол нь их хурдан боссон хэрнээ зохиолынхоо үндсэн үйл явдал, зөрчлийг гаргахын тулд долоон сар ажилласан.
–Кино нэрнээсээ эхлээд сонирхол татсан шүү?
-Өнөөдөр хүн бүр зүрхэндээ хилэнтэй байна. Энэ бүтээл миний хилэн. Өөрийн үзэл бодлыг уран бүтээлээрээ хашгиръя гэж бодсон юм. Миний амьдралд тохиолдсон үйл явдлаас сэдэвлэсэн бүтээл гэж ойлгож болно. Кинондоо өөр нэр өгч болох байсан. Гэхдээ өөрийнхөө хэлэх гэсэн санааг базаад ойлгуулахад энэ нэр хамгийн тохиромжтой гэж үзсэн.
–Таны хилэнг хөдөлгөсөн үйл явдлаас хуваалцахгүй юу?
-Энэ талаар хүмүүс их асуудаг ч би хэнд нь ч хэлэхгүй. Энэ бол ганцхан миний асуудал. Гэхдээ киноноос хараад ойлгох байх. Би өнөөдөр үүний эсрэг сэлэм бариад босч чадахгүй. Өнөөдөр тэгдэг цаг нь ч биш. Үүнийг зөвхөн оюун ухаанаараа хүмүүст ойлгуулж, урлагаар дамжуулж хэлэх ёстой. Бид өөрсдөө залуучуудыг сэрээж, дуугарч, дохио өгөх гэж л энэ сэдвийг барьж авсан.
–Киног үзэхэд их хөдөлмөр шаардсан нь ажиглагдсан. Жилийн дөрвөн улирал дамнаж зураг авалтаа хийсэн байсан?
-Энэ бүтээлд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Жилийн дөрвөн улирал дамнаж зураг авалт хийснээс гадна маш их судалгаа хийлээ. Учир нь кинонд 1867 оны үйл явдлыг харуулдаг. Тухайн үеийг бүтээхийн тулд судалгаа их хэрэг болсон.
–Жүжигчид манж хэлээр ярьж байсан. Энэ хэлийг сурахад мэдээж бэрхшээлтэй байсан байх?
-Зохиол бэлэн болсны дараа МУИС-ийн түүхийн ухааны доктор, профессор Ц.Цэрэндорж ахтай уулзсан. Ийм сэдэвтэй кино хийх гэж байгаа бол жүжигчдээ манж хэлээр яриулах хэрэгтэй гээд манж судлалаар мэргэшсэн, хэл шинжлэлийн ухааны доктор М.Баярсайхантай холбож өгсөн юм. Ингээд жүжигчид маань гурван сар манж хэл судалж, зохиол дээр гарч байгаа үгүүдээ цээжилсэн. Энэ их хөдөлмөр шаардсан ажил байлаа. Жүжигчид манж хэлээр ярьсан учир кино илүү бодит, хүмүүст хүрсэн байх.
–Манжийн дарлалд байсан 200 жилийн түүх танд юу бодогдуулсан бэ?
-Манжууд Монголыг 200 жил дарлахад бид эрлийз болж болох байсан. Гэхдээ бид цусаа цэвэр авч үлдсэн. Манжийн Монголд барьж байсан том бодлого нь монголчуудыг өөрсдөөр нь үгүй хийлгэх. Манж Чин улсад хар тамхины дайн эхлээд суурь нь ганхчихсан байсан үе. Гэтэл яагаад Монголыг хар тамхинд оруулахгүй, мансууруулахгүй байсан юм бол. Мөн хятад хүн монгол хүнтэй сууж болдоггүй байсан үе. Үүний гогцоог тайлахын тулд түүх судалж үзтэл Монгол эрсдэлтэй улс байж. Хойноо Орос хэмээх том гүрэнтэй. Уг гарал нь дайчин улс. Манжууд Хятадыг эзлэхэд 17 жил зарцуулсан байдаг. Харин Монголыг эзлэхэд 150 гаруй жилийг зориулсан. Энэ тухай кинонд тод өгүүлсэн байгаа.
–Энэ киног хийхэд түүхэн үнэн бодит баримт оруулахаас гадна өөрсдөө санаанаасаа зохиох хэрэг гарсан байх. Түүхийг гуйвуулахгүйгээр яаж хийв?
-Түүхэнд ийм байсан гээд баригдчихвал бид баримтат кино хийсэн болчихно. Гэвч уран сайхны кино хийж байгаа болохоор уран сайхны хэтрүүлэг хийх шаардлагатай болно. Ихэнх нь зохиомол дүр ч энд түүхэн нэг дүр бий. "Содура” киноны ёс жаягийг уран бүтээлчид нь өөрсдөө зохиосон шиг энэ киноныхыг ч бас зохиосон. Гэхдээ монгол ахуйг зохиож болдоггүй. Мөн Манжийн ёс жаяг. "Монгол хүү” кинон дээр Манж амбаны нэг үзэгдэл бий. Тэр хэсгээс манжуудыг ямар аймаар хүмүүс байсныг харж болно. Энэ мэт тойруу замаар ямар нэг санаа илэрхийлж буй үзэгдлүүд байгаа. Харин үүнийг хэр ухаж ойлгох вэ гэдгийг мэдэхгүй байна.
–Б.Тамир кинондоо дандаа найзуудаа тоглуулдаг гэсэн яриа бий. Киноныхоо дүр сонголтыг хэрхэн хийсэн бэ?
-Бидний хувьд анхны түүхэн кино байсан учраас хичээж ажилласан. Жүжигчдийн хувьд алтан үеийн жүжигчдийг тоглуулахыг эрмэлзсэн. Киноны нэг шигтгээ нь дүүгүүр Лодойн дүрийг бүтээсэн, гавьяат жүжигчин Г.Золбоот ах байсан. Мөн манай "Фантастик” продакшны залуус бүгд өөр, өөрийн дүрийг сайн гаргахыг хичээсэн.
–Та дөнгөж оюутны ширээнээс босоод "Амингоо” богино хэмжээний түүхэн кино хийж байсан санагдах юм. Тэгэхээр энэ бүтээл таны хоёр дахь энэ сэдвээр хийсэн бүтээл гэж хэлж болох уу?
-Тухайн үед дөнгөж сургуулиа төгсч байсан учир бүрэн хэмжээний кино хийхээс өмнө өөрийгөө туршиж үзсэн. Тэр бүтээлд ажиллаж байхдаа анх түүхэн кино хийж болох юм байна гэсэн санаа төрсөн. Цаг нь болохоор заавал түүхэн кино хийнэ гэж өөртөө хэлсэн. "Амингоо” киноны зохиолыг өөрөө бичиж, жүжигчин Ц.Цэрэнболд, Д.Ганцэцэг, С.Дамдин, Н.Ялалт нар тоглож байсан.
–Найруулагчийн хувьд та ямар зарчим баримталдаг вэ. Таныг зарим нь их хатуу гэх юм билээ?
-Уран бүтээлийн төлөвлөгөөгөө нарийн гаргаж байж зургийн талбай дээр гардаг. Зарим хүн намайг ууртай найруулагч гэх нь бий. Гэхдээ энэ бүхэн ажлын шаардлага гэдгийг ойлгох хэрэгтэй. Зураг авалт эхлэхийн өмнө кино багаараа ярилцаж, зохиолын задаргаа хийдэг. Зураг авалтын үед хэн ямар үүрэгтэй болоод хэрхэн хариуцлага тооцох гээд бүгдийг нарийн ярилцаж, төлөвлөх нь чухал шүү дээ. Ингэж байж л ажил урагшилдаг.
–Нэг хэсэг инээдмийн олон кино нээлтээ хийсэн. Харин үзэгчид илүү үнэтэй, агуулга хөөсөн өөр зүйлийг уран бүтээлчдээс хүсдэг болж ээ?
-Хүмүүс инээдмийн кино хийх их амархан гэж боддог. Харин ч эсрэгээрээ шүү дээ. Хүнийг уйлуулахаас илүү инээлгэх хэцүү. Муу кино хийлээ гээд үзэгчдийн халааснаас мөнгө нь урсахгүй. Манайхан хийж байна. Хийх тусмаа туршлагажиж байна гэж боддог. Өнөөдөр энэ салбарынханд нэгэн дээвэр дор багтах хууль ч алга. Бор зүрхээрээ л явж байна. Хамаг хүч хөдөлмөрөө шингээж хийсэн бүтээлийг нь хулгайлаад цахим ертөнцөөр цацчихдаг. Энэ чинь бидний оюуны өмч шүү дээ. Үүнийг хамгаалах хэрэгтэй байна.
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл