Өмнөговь аймгийн төв Даланзадгадад суманд Монголчуудын өөрсдөө үйлдвэрлэсэн эко автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болжээ. Монгол инженерүүдийн зохион бүтээсэн байгаль орчинд ээлтэй эко автобуснуудыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, "Эколог бус” ХХК-ийн хамт олон үйлдвэрлэсэн найман эко автобусаа "Говийн Оюу- Хөгжлийн дэмжих сан"-гийн санхүүжилтээр Өмнөговь аймагт хүлээлгэн өглөө.
Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн, будаг нь ханхалсан шинэхэн автобуснуудыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга, УИХ-ийн гишүүн Н.Амарзаяа, УИХ-ын гишүүн Л.Энхболд тэргүүтэй зочид оролцон, үг хэлж, тууз хайчиллаа.
Өмнөговь аймаг нь дотооддоо угсарч, үйлдвэрлэсэн байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй Эко автобусыг "Говийн Оюу- Хөгжлийн дэмжих сан"-гийн санхүүжилгээр худалдан авч, шугамын автобусны тоог нэмэгдүүлэх, хөгжингүй орны жишгээр стандартын дагуу автобус суудлынхаа тоогоор зорчигчдоо тээврлэх, автобусны тасалбарыг цахим системд шилжүүлэх, шугамын автобус хугацаандаа иргэдэд үйлчлэх зэргээр шинэчлэлт хийж буй эхний аймаг боллоо.
Дээрх эко автобуснууд үйлчилгээнд нэвтэрснээр иргэд картаар зорчих боломжтойгоос гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан үнэ төлбөргүй зорчих юм байна.
Агаарын бохирдол ихэсч байгаа энэ үед цахилгаанаар ажилладаг эко автобусыг оруулж ирж байгаад нутгийн иргэд ихэд сайшааж байгааг Даланзадгад сумын Засаг дарга Т. Алтансүх онцолж байв. Түүнчлэн хувийн таксинаас өөр нийтийн тээвэр үйлчилгээ байдаггүй учраас алслагдсан гэр хорооллоос иргэд, хүүхдүүд ажил, сургуульдаа явах нь хүндрэлтэй байдаг асуудал ийн шийдэгдэж байгааг хэллээ.
Тэгвэл Үндэсний Аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан хэлэхдээ: "Бид нийтийн тээврийн шинэчлэлтэд онцгой анхаарч ажиллаж байгаа. Хамгийн гол нь байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, Монголдоо угсарч, үйлдвэрлэсэн автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилт тавьсан. Өнөөдөр эх орондоо автобус угсарч, эхний найман автобусаа Өмнөговь аймагт хүлээлгэн өглөө. Цаашдаа дотооддоо угсарч,үйлдвэрлэх нь эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна олон монгол хүн ажилтай болох нь сайхан байна.
Говь-Алтай, Архангай зэрэг зарим аймгуудад таксины оронд 500 төгрөгний төлбөртэй задгай мотоцикл иргэдэд үйлчилдэг гэсэн. Хэрэв орон нутагт иймэрхүү жижиг оврын экоавтобуснуудыг үйлчилгээнд гаргавал иргэд автобус хүлээж зогсохгүйгээр тогтсон цагт, суудал дээр сууж үйлчлүүлэх боломжтой болно. Мөн эдгээр автобусыг олон тоогоор үйлчилгээнд гаргахад агаарын бохирдол тодорхой хувиар багасах ч тооцоо бий” гэдгийг онцлон дурдлаа.
Сэтгэгдэл