Монголчуудын хайр талархлыг хүлээсэн М.Халиун, Б.Тэмүүлэн нар олны анхаарлын төвд дахин орох нь ээ. Авьяслаг хос бүжигчид "UB Squad” хэмээх бүжгийн болон инээдмийн төрлийн киноны гол дүрд тоглосон нь олны анхаарлыг маш ихээр татаж байна. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, элэглэгч Ш.Батсуурийн зохиож, найруулсан тус бүтээлийн хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийж, бүх кинотеатрын дэлгэцэнд гарч эхлэх юм. Бүжгийн болон инээдмийн төрлийн тус киноны багийнхантай нээлтийн өмнөхөн уулзсанаа хүргэе.
Жүжигчин Ш.Батсуурийн хувьд хүүхэд залууст зориулсан, гэгээлэг сайхан уран бүтээл туурвихыг олон жил бодож явжээ. Тэрээр жилийн өмнө "Тэслэгчийн аялал” хэмээх мюзикл найруулж, Б.Тэмүүлэн тэргүүтэй авьяаслаг хүүхдүүдтэй анх хамтран ажилласан нь олон зүйлийн эхлэл байв. Нийслэлийн Улаанбаатар чуулга, Монголын хүүхдийн ордон зэрэг олон газар цугларсан үзэгчид тус мюзиклийг халуун дотноор хүлээн авсан нь их урам хайрлаж, бодож явсан киноны уран бүтээлдээ ханцуй шамлан орох ташуур болжээ. Ийнхүү зөвхөн хүүхэд гэлтгүй бүх насныханд зориулсан "UB Squad” киноны зохиол 2017 оны хавар бэлэн болж, бэлтгэл ажил зургадугаар сарын 2-нд эхэлсэн байна. Уран бүтээлчид зуны гурван сарын турш байрлаж, бэлтгэлээ өдөр, шөнөгүй хийсний дүнд үндэсний бүжгийн элементүүдийг орчин үеийн бүжгийн урбан, электро, хип хоп, хаус, попинг, локинг, паркур төрөлтэй хольсон 15 бүжиг бэлтгэснийг киноноос үзээрэй.
М.Халиун киноны гол баатар Солонгоогийн дүрийг бүтээсэн байна. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын энд тэнд гудамжны бүжгийн цусгүй тулаан байнга болж байдаг. Солонгоо өөрийн бүжгийн хамтлагтайгаа маш чухал тэмцээнд оролцохоор уйгагүй бэлтгэж байсан ч хүссэн үр дүндээ хүрч үл чадна. Хамтлагийнхан нь түүнийг хамгийн чухал үед хаяж явдаг байна. Бие жижигтэй ч бэлчээр томтой Солонгоо хүнд хэцүү үед хэрхэн хөдөлмөрлөж, шантралгүй тэмцэхийг тус кинонд маш сонирхолтойгоор харуулжээ. М.Халиун тайзан дээр гарахаараа галзуу мэт харагддаг ч амьдрал дээр даруухан. Тиймээс Солонгоогийн эрч хүчтэй, уйгагүй тэмцэгч дүрийг гаргахын тулд өөрийгөө нэлээн эвдсэнээ онцолж, багаар ажиллах, цаг баримтлах, өөрийгөө илэрхийлэх олон зүйлд суралцсанаа өгүүлж байлаа.
Мэдээж хүүхдүүд мэргэжлийн жүжигчин биш. Тиймээс Ш.Батсуурь зарим дүрийг хүүхдүүдийн характерт тохируулан бичжээ. Үүний нэг жишээ нь Б.Тэмүүлэнгийн бүтээсэн Төгөлдөр буюу Төөкийн дүр. Тэрээр "Би өмнө нь кинонд тоглож үзээгүй болохоор камертай харьцахаас эхлүүлээд алхам тутамдаа шинэ зүйлтэй тулгарч байлаа. Хэдхэн секундын дүрс авах гэж хэдэн цаг ч болох үе байсан. Харин найруулагч маань надад урам зориг өгч, нэг их хичээлгүйгээр өөрөөрөө байхыг зөвлөсөн нь их хэрэг болсон. Хэрвээ ууртай, загнадаг найруулагчтай байсан бол дүр бүтээж чадахгүй байсан болов уу. Би кинонд тоглосноороо бусадтай илүү нээлттэй, чөлөөтэй харилцаж чаддаг болсон. Найдвартай баг, хамт олны хүчээр том ажлын ард гарсандаа маш их баяртай байна” хэмээн ярьсан юм.
"Хөх туг” энтертаймент, "Suuri Producing”, "Public Artist” хамтран бүтээсэн тус кинонд дандаа хүүхдүүд тоглоогүй. Монгол Улсын Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар, соёлын тэргүүний ажилтан Х.Ихбаяр буюу "Чапи”, "Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Д.Дэлгэрсайхан, А.Гэрэлцэцэг, "Шинэ үе” продакшны жүжигчин А.Энхжин, "Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Даваазул, дэлхийн лэди мисс Б.Одмаа, "Бөртэ чонын үрс”, "Улаан туг” хамтлагийнхан оролцсон, жинтэй бүтээл болжээ. Гудамжны бүжгийн гайхамшиг, үерхэл нөхөрлөл, залуу насны эрч хүчийг харуулах тус кино гэмт хэрэг, садар самуун, хүчирхийлэл, ёс бус хэллэг агуулаагүйгээрээ онцлогтой. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт үзэхэд маш тохиромжтой кино болсныг уран бүтээлчид өгүүлж байлаа. Тус киноны нээлт өнгөрсөн намар болох тухай дуулдаж байсан ч багагүй хугацаагаар хойшилж, тэр хэрээр хүлээлт үүсгээд байгаа нь сошиал ертөнц дэх хандалтуудаас харагдаж байна. Сонирхуулахад "UB Squad” киноны үзэгч бүр сугалаанд оролцох бөгөөд долоо хоног бүр таван азтан ивээн тэтэгэгч "Remax” брэндийн чихэвч, гар утасны цэнэг хадгалагч, дуу өсгөгчийн эзэн болох юм.
Сэтгэгдэл