УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, УИХ хүлээж авахаар боллоо.
Уг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2018 оны нэгдүгээр сарын 31-нд хэлэлцсэн юм. Тодруулбал, Батлан хамгаалах тухай хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна зарим тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Тэдгээрийн дотор "дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан байдаг. Энэ нь "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн юм. Тэгвэл өнөөдөр /2018.02.08/ цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлалаа гэдэг байдлаар мэдээлэл цацагдаж байна. Аливаа асуудал бодитой хандмаар байна. Хэлбэр талдаа болгоомжилж, агуулга талдаа анхаарах ёстой. Олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхгүй болохоор хагалах бутрах асуудал үүсдэг. Батлан хамгаалах тухай хуулийн 12.1 дэх заалт нь дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь хуулиар өөрөө өртөө бүрэн эрх олгодог заалт юм. Энэ алдааг засахын тулд иргэд цэцэд гомдол гаргасан. Гэтэл ташаа мэдээлэл түгээдэг байж болмооргүй байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР:
-Цэцийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй. Энэ бол цэц дээр маргаан үүсгэх хэмжээний асуудал биш. Хууль зүйн техникийн алдаа юм. Батлан хамгаалах хуулиар Ерөнхийлөгчид хууль тогтоох эрхийг тусгайлан олгож өгсөн зүйл байхгүй. Гагцхүү дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох эрх нь УИХ-ын бүрэн эрх буюу 11 дүгээр зүйлд багтах ёстой атал техникийн алдаа гаргасан. Үүнийг цэцэд хандаад байх шаардлагагүйгээр УИХ өөрөө засах боломжтой байсан.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаар асуух асуулттай гишүүн байсангүй. Ингээд санал хурааж цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар болов.
Сэтгэгдэл