Хэдийгээр фермерүүд хатуу эсэргүүцэж байгаа ч Франц улсын засгийн газар чонон сүргийнхээ тоо толгойг 40 хувиар нэмэгдүүлэх шийдвэрээ зарлажээ.
Ерөнхийлөгч Эммануэл Макроны засгийн газар өнөөдөр тус улсын байгальд амьдарч байгаа 360 орчим чоныг 2023 он хүртэл 500 болгон өсгөх стратеги боловсруулсан байна.
Францын саарал чоныг анчид 1930-аад оны үед хядаж дуусгасан юм. 1992 онд нийтдээ 2,000 орчим чонотой гэгддэг Италиас анхны чоно эргэн ирснээр чонын сүрэг дахин бий болжээ.
Гэвч чонон сүрэг дахин бий болсноор Альп, Пиренейн уулсаар хонь үржүүлдэг фермерүүд болон засгийн газрын хооронд зөрчил үүссэн юм. Фермерүүд хонь малаа чононд бариулах болсноор санхүүгийн хохирол амсаж байгааг эрх баригчдад гомдоллох болжээ.
Ингээд засгийн газар фермерүүдтэй тохиролцож, жилдээ чонын тоо толгойг 10 хувиар агнаж бууруулж байх квот тогтоосон байна. Чонын халдлага онцгой нэмэгдсэн жил энэ хувь 12 байж болох гэнэ.
Чонын тоо толгойг нэмэгдүүлэх 100 хуудас стратегийг боловсруулсан Францын байгаль орчны сайд Николас Юлот нь алдартай байгаль хамгаалагч юм.
Түүний санаачилгыг эсэргүүцэж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард фермерүүд Лион хотын гудамжинд олон зуун хонь туун оруулж байв. Гэвч засгийн газар тэдэнд төсвөөс зарим санхүүгийн дэмжлэг үзүүлэх тохиролцоо хийснээр асуудал намжсан юм. Дэмжлэгт хашаа хороо байгуулах зэрэг хамгаалалтын арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгаж өгчээ.
Чоно дунджаар өдөрт 2-4 кг мах иддэг. 2016 онд Альпийн уулсын бүсэд нийтдээ 10,000 хонь чононд бариулсан гэсэн тоо бий. Гэхдээ чононууд зөвхөн хонь гоочилдоггүй, буга, гахай зэрэг зэрлэг амьтдыг ч агнадаг гэнэ.
Эх сурвалж: The Guardian
Р.ТӨМӨР, IKON.MN
Сэтгэгдэл