Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүлэгч, Монгол Улсын гавьяат багш, судлаач Я.Дүгэрийг "Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.
-Та ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анх хэрхэн татагдаж орсон бэ?
-Би 1964 онд УБДС-ийн Орос хэлний ангийг төгсч Ховдын ХАА-н техникумд хуваарилагдан хоёр жил ажиллаад Зэрэг сум руу шилжсэн. Дараа нь Баян-Өлгийд хэдэн жил багшлаад хот бараадаж, 1976 онд Төв аймгийн Угтаалцайдамд суурьшсан. Хөдөө сумын багш хичээлийн эрхлэгч, захирал, саальчин, ногоочин гээд бүх ажлыг хийсээр 1990 онтой золгосон. 1989 оны сүүлчээр ТМС-ийн захирлуудын сургалтад Ленинградад очоод байсан юм.
Орост өөрчлөн байгуулалт эхэлж, жагсаал цуглаан гээд хөл толгойгүй бужигнаантай. Тэрийг би Монголд байхдаа сонирхож, сонин, телевиз харж байсан учраас мэдээлэл сайтай байлаа. Гэхдээ биеэр очиж харахад нийгэм орвонгоороо өөрчлөгдөнө гэдэг сүртэй юм билээ. Тэр үед Берлиний хана нурж, тэрийг дэлхий дахин харж байлаа. Румынд коммунист намын дарга нь эхнэрийн хамт зугтаж яваад буудуулж байлаа. Коммунист дэглэмийг нурааж, социализмыг халах үйл ажиллагаа баруун тийш явж байсныг зүүн тийш нь явуулсан. Социалист систем сүйрч Орос орон тэр чигээрээ ядуурч, хүмүүс нь маш их эвдэрч "яаж сэхнэ дээ” гэдэг асуудал тавигдаж байв. Социализм дээвэргүй шорон гэж үг үнэн болохыг би тэр үеэс мэдэрсэн. Тиймээс зүгээр байж болоогүй. Монголдоо ирэнгүүт Угтаалцайдам сумандаа ардчилсан холбоо байгуулан зүтгэсэн. Өөрөөр хэлбэл, би ардчиллын "Түмний нэг”, гэхдээ түүнд ухамсартайгаар, бас хэрэндээ "хошуугаа хөлдөөхөөр” гүйсэн хүн. Муугаар хэлбэл, ардчиллын "хэнээтэн”. Түүнээс хойш манай Угтаалцайдам аймагтаа хамгийн ардчилсан сум болж төлөвшсөн. 2008 он хүртэл 2000 оныхоос бусад бүх шатны сонгуульд ардчиллынхан ялалт байгуулсан.
-Хөдөөгийн суманд ардчиллын үрийг тарьсан гэлээ. Хаалттай, хатуу цагт ямар ажил сэдэж, хийж байв?
-Намайг Ленинградаас ирэхэд Улаанбаатарт эхний жагсаал болсон тухай сонинд бичсэн байсан. Анхны тэр жагсаалд оролцсон хүмүүсийн хувь нэмэр асар их. Ойлгоно гэдэг дэвшил хэдий ч ардчилал ойлгосноор бас болдоггүй. Хүний төрөлх чанар гэж бий. Нэг хэсэг нь өөрт нь болж байвал бусад хамаагүй, нөгөө хэсэг нь өөрийгөө бодохоос илүү олон түмнийг боддог. Төрөлх чанарын түүхэн том жишээ бол өөрийн гавьяа зүтгэлийг гаргуунд гаргаж, бусдын төлөө зүтгэсэн Чингис хаан шүү дээ. Ардчиллын төлөө явсан хүмүүс бусдын төлөө шаналагчид, олны төлөө зүтгэгчид. Ийм хүмүүс ардчилалд оройлж оролцсон. Өөрөө зориггүй байлаа ч бусдын бадрангуй сэтгэл, зоригийг бид ойлгох ёстой юм. Монголд эхэлсэн анхны тэр жагсаалын тухай Оросын сонинд бичсэнийг үзээд оросууд "овоо шүү дээ” гэцгээж байсан. 1990 оны нэгдүгээр сарын сүүлээр намайг сумандаа иртэл байдал их эвгүйдсэн. Гэсэн ч өдөр бүхэн хурал, цуглаан зохиож, үг хэлж, яриа таниулга хийж эхэлсэн. Ярьснаа баталгаажуулж цаасан дээр бичиж тавьдаг байлаа. Аймгаас "Хэт даврагчдыг даран сөнөөх” ажлын заавар, С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын "танилцуулга” зэрэгцэж ирнэ. Хяналт ч чанга байсан. Хүмүүс нэрээ нууцлан ухуулга бичиж наадаг. Би харин өөрийн нэрээр бичдэг байлаа. Сүүлд сумын клубын үүдэнд манай ТМС-ийн багш Н.Баттогтох маань ланжгар, чухам трактороор татаад ч дийлэмгүй, бас уншиж болох ч, шилийг нь хагалж, бичгийг авахын аргагүй, цоожтой самбар хийж өгч би ч бичгээ чөлөөтэй тавьдаг болж билээ.
-Шахалт, дарамт байв уу?
-Эхэндээ хүмүүс ойлгохгүй, цонх хагална, хүүхэд шуухад шоглож л байсан. Санаанаас гардаггүй нь ганц юм олдвол хуваагаад цохьчихдог үй зайгүй найз минь "Ардчиллын бужигнаан, ажилгүй болох аюулыг авчирсан” гэж намайг зүхэх болсон. Авгай, хүүхдүүд нь ч ил харааж, доромжилж, буудвал таарна ч гэж байсан. Одоо тэр хүний хүүхдүүд хувийн компанитай, жийп унаад явж байна. Энэ чинь ардчиллын буян шүү дээ. Одоо ч надад тэр үед самбарт тавьж байсан мэдээллийн 100-аад хуудас үлдсэн нь эргээд үзэхэд сонин байдаг юм. Сүүлдээ бид олуулаа болсон. Аймгийн захиргаа, Намын хороо ч манай сумыг зөнд нь тавьсан. Хааж, боогоод нэмэргүйг ойлгосон байх.
-Тэгэхээр та сумандаа Шинэ дэвшилт холбоо, МоАХ-г анх байгуулсан байх нь ээ?
-"Би МоАХ-д элслээ, салбар байгуулъя, битгий ай” гэсээр 1990 оны хавар монгол уламжлалыг сэргээх, зах зээлийн эдийн засагт шилжих зорилготой Шинэ дэвшилт холбоог байгуулахаар болж зарлал, мөрийн хөтөлбөрийн тунхаглалаа гаргасан юм. Тунхаглал, Мөрийн хөтөлбөр, ажлын төлөвлөгөө хэлэлцэж батлах, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх, гишүүд, дэмжигч элсүүлэхээ ч бичиж тавьсан. Товлосон өдөр ТМС-ийн клубт цугласан. Тэр үеийн МАХН-ын дарга, 6-7 идэвхтэнтэйгээ ирэхэд нь бид 23-уул суудлаа эзлээд "Та нөхөд хурлын ажиллагааг сонирхох гэж байгаа бол урагшаа суугаач” гэхэд "Үгүй, бид эндээс харъя” гээд үүдэнд элгэндээ гараа зөрүүлээд гурван цаг биднийг харж зогссон. Маргааш нь сумын даргад танилцуулах бичиг өгч, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсч байлаа. МоАХ гэхээр хүмүүс айдаг байсан. Тэгээд шөнө дөлөөр ирж зовлонгоо ярьж уулзана. Харин Шинэ дэвшилт холбоо гээд уламжлал, ёс заншлаа сэргээх тухай ярихаар арай зөөлөн тусдаг, хүмүүс ч дуртай нааштай ханддаг байлаа. Тэр үед үг хэлж, самбарт бичиг бичиж нааж байсан минь их учиртай. Нэгдүгээрт, соён гэгээрүүлэх ажил. Хоёрдугаарт, би айхгүй босч үг хэлээд, нэр усаа тавьж бичиг бичиж байхад та нар ч гэсэн битгий айгаарай гэсэн санаа юм. Ардчилал хэнийг ч айлгадаггүй, "атгадаггүй”. Энэ гашуун зүйл гагцхүү социализмд л байсан, түүний үлдэгдэл одоо ч нийгэмд байна.
-Эрх баригчид хүмүүсийг айлгаж, дарамталдаг байж дээ?
-Барьж аваачаад хорих бүх эрх нь Намын Төв Хороо, тэр үеийн Улс төрийн товчоонд байсан. Ажил, сургуульгүй болгохоос өгсүүлээд эрсдэлтэй. Ямар сайндаа 1990 оны наадмаар суманд МоАХ гэж шинэ холбоо төрснийг олонд дуулгах гэж ажил зохиоход Ж.Батсайхан маань өөр нэг эмэгтэй гишүүний хамт хадгаа барьж, би үг хэлнэ гэж байтал хадаг барих эмэгтэй маань "Би чадахгүй нь. Уучлаарай, багшаа” гэдэг юм. Хэд хэдэн залуу бүсгүйд хэлж, гуйсан ч хөдөлдөггүй. Ядаад гэр рүүгээ давхиж наймдугаар ангид сурдаг охиноо дээлийг нь өмсүүлэн авчирч хадаг бариулж байлаа. Бид сумандаа ингэж л зүтгэж ирсэн.
-Өөр ямар бэрхшээл байв?
-Картын барааны үе, юм ховор. Бичээч нар бидний юмыг бичиж өгөх хориотой. Би "Ө”, "Ү” үсэггүй орос бичгийн машинаар юмаа бичнэ. Унаа гэвэл миний "ИЖ планета” мотоцикль. Аккумляторыг нь хоёр ч удаа хулгайд алдсан. Алдах ч юу байхав, зориуд хулгайлж аваад байгаа юм. Нэгэнд нь "Ингээд их яваарай чи” гэсэн бичиг үлдээсэн байж билээ. Ардчилалд хувь нэмэр оруулсан унаагаа 2002 онд гурван тугалтай үнээгээр худалдаж гэр хороололд шилжсэн дээ. Мал ч овоо өссөн. 2004 оны сүүлээр хотод орж ирж Чингэлтэй дүүргийн Ардчилсан намд бүртгүүлсэн. Ардчиллын төлөө сэтгэлтэй хүн хаана ч өөрийн мэдэлгүй гүйдэг юм.
-Ардчиллын үйл хэргийн төлөө зүтгээд өдгөө үр дүнг нь дүгнэхэд юу бодогддог вэ?
-Монголчууд эрх чөлөөтэй, зорилготой болжээ. Миний хувьд хувьчлалаар хоёр хамуутай хурга л авсан, өөр юу ч аваагүй. Ардчиллаас эд материалын ямар нэгэн хишиг хүртсэнгүй. Харин хэр чадлаараа уншсан мэдсэн зүйлээ, залуу насаа зориулсан. Гэхдээ энэ л миний жаргал. "Гэрт инээхэд гадаа маасайна” гэгчээр малтай, машинтай, хаустай, зуслантай, ер нь юм юмтай яваа нэгийг нь хараад би дотроо баярладаг. Нэг нь ч болтугай овоо доо гэж. "Маргааш Лондон явна. Тэнд охиныдоо сар болоод Японд хэдэн сар болно” гэж гар утсаар танихгүй хүний ярихыг хүртэл сонсоод баярладаг. Гол нь хэдэн ном бичсэн минь ардчиллын буян. Миний ард түмэндээ оруулсан хөрөнгө оруулалт, бас үлдээх өв минь тэр юм даа.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл