БСШУСЯ: Турк сургуулиудын асуудал нууцын зэрэглэлд хамаарч байна


 БСШУСЯ: Турк сургуулиудын асуудал нууцын зэрэглэлд хамаарч байна

С.УЯНГА

Монголд үйл ажиллагаа явуулж буй Турк  сургуулиудыг тойрсон маргаан хоёр жил үргэлжилж байна. Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас сургуулийн удирдлагуудыг 2016 онд Туркт болсон төрийн эргэлт, хууль бус ажиллагаанд оролцсон бүлэглэлтэй санхүүгийн болон удирдлагын холбоотой.Тиймээс тус улсын Засгийн газраас Монгол дахь Турк, Монголын хамтарсан сургуулиудын 2017 оны төгсөгчдийн дипломыг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэр гаргасан  гэдгийг удаа дараа мэдэгдээд байгаа юм. Турк сургуулиудын удирдлага болон төгсөгчидтэй холбоотой энэ асуудал 2-3 жил яригдаж байгаа ч өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа учраас олон нийт ч  нэгдсэн мэдээлэлгүй байна. Нэгэнт төлбөрөө төлөөд суралцсан хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл бий болж болзошгүй эргэлзээ үүсч байгаа юм.


Манай улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол, Туркийн хамтарсан "Эмпати”  сургууль таван салбартай.  Улаанбаатар-Эмпати, Мон-Турк,  Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий аймагт Турк, Монголын хамтарсан сургууль бий. Энэ таван сургуульд ойролцоогоор 2000-гаад хүүхэд суралцдаг. Харин 2017 онд 270 хүүхэд төгсчээ.


Өөрөөр хэлбэл, Туркийн Элчин сайдын яамнаас мэдэгдсэнээр Турк сургуулийг 2017 онд төгссөн 270 хүүхдийн диплом хүчингүй болох асуудал үүсээд байгаа юм. Харин нөгөө талаас хувь хүмүүсийн хөрөнгөөр байгуулж, Монгол Улсын стандартын дагуу хэвийн үйл ажиллага явуулж буй сургуулиудыг гадаадын аль нэг Элчин сайдын яамнаас хаах, төгсөгчдийн гэрчилгээг хүчингүй болгох асуудал тавих эрхтэй юү гэх асуудал урган гарч байна.  Үүнтэй зэрэгцэн Туркийн Засгийн газраас ямар ч хөрөнгө оруулаагүй мөртлөө Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сургуулийг дур мэдэн хаах, боох, цаашлаад суралцагсдын эрх ашгийг хөндсөн мэдэгдэл хийх ёсгүй хэмээх шүүмжлэл ч өрнөж байгаа юм.

Турк сургуулиудтай холбоотой асуудлаар талуудын байр суурийг хүргэе.

 

М.Ахмет Язал: ТӨГСӨГЧДИЙН ДИПЛОМ, ГЭРЧИЛГЭЭГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРГАСАН

/Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд/

 

-Монголд байгаа сургуулиуд Туркийн Засгийн газар болон боловсролын байгууллагатай хамааралгүй. Сургуулийн удирдлагууд 2016 онд Туркт болсон төрийн эргэлт, томоохон хууль бус үйл ажиллагаанд оролцсон террорист бүлэглэлтэй санхүүгийн болон удирдлагын холбоотой болохыг тогтоосон. Нөгөө талаас тэнд суралцагсад болон эцэг эхчүүдтэй асуудал байхгүй. Тэдэнд итгэдэг. Харамсалтай нь сургууль аж ахуйн нэгжийн олж байгаа орлогоос хууль бус үйлдлийг санхүүжүүлнэ гэдгийг бид огт хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэр бүхий таван сургуулийн төгсөгчдийн диплом, гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэрийг гаргасан. Тогтоол 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Сурагчдын эрх ашгийг хөндөхгүйгээр шийдэлд хүрэх талаар Монголын талын хүмүүстэй яриа хэлэлцээ хийж байна. Салбарын яам болон сургуулиудад албан бичиг хүргүүлсэн.

 

БСШУСЯ-ны холбогдох хүн: ТУРК СУРГУУЛИУДЫН АСУУДАЛ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ

-Турк сургуулиудын асуудал нууцын зэрэглэлтэй. Тиймээс ямар нэгэн мэдээлэл өгөхгүй. Лхагва гаригт /өнөөдөр/ яамны эрх бүхий хүмүүс боловсролын асуудлаар Туркт айлчлал хийхээр болсон. Бямба гаригт ирнэ. Энэ айлчлалаар Турк сургуулиудтай холбоотой асуудал ярих байх. Ирсний дараа тодорхой мэдээлэл өгнө.

 

Д.Ганбаатар: СУРГУУЛИУДАД ТУРК УЛСЫН ХӨРӨНГӨ БАЙХГҮЙ

/ Улаанбаатар Эмпати сургуулийн захирал/

 

-1994 онд Турк, Монгол хувь хүмүүс  хөрөнгө нийлүүлж энэ сургуулийг байгуулснаас хойш бие даан Монгол, Туркийн  хамтарсан сургууль болж 24 дэх   жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Таван салбар сургуультай. Сурагчид нийгмийн ухааны болон байгалийн ухаан, англи хэл, мэдээлэл зүйн хичээлийг өндөр хэмжээнд эзэмшин Монгол Улсын бүрэн дунл боловсролын үнэмлэх, Турк лицей сургууль төгссөн гэрчилгээ авдаг. Зарим нэг асуудалтай холбогдуулан Туркийн Элчин сайдын яамнаас 2017 онд төгссөн төгсөгчдийн боловсролын үнэмлэхийг хүлээж авахгүй гэж мэдэгдлээ. 1997 оноос хойш өнөөг хүртэл 1229 төгсөгч төгсгөж байна. Үүний 60 хувь нь гадаад руу тэтгэлгээр суралцсан байдаг. Үлдсэн хувь нь дотоодын сургуульд суралцсан.  Үүнээс Улаанбаатар Эмпати сургуулийг 107 хүүхэд төгссөнөөс  25 хүүхэд гадаадын  12 оронд тэтгэлгээр суралцахаар явсан. Бусад нь дотоодын их сургуульд суралцаж байгаа.   Өнгөрсөн жил Турк, Монголын хамтарсан таван сургуулийг 275 хүүхэд төгссөн. Одоогийн байдлаар таван сургуульд 1100 гаруй хүүхэд суралцаж байна. Энэ жил 300 гаруй хүүхэд төгсөнө.


Туркт цэргийн эргэлт гарснаас хойш тус улсаас төлөөлөгчид ирж Монгол дахь Турк сургуулиудыг хаана, буцааж татна гэсэн шаардлага тавьсан байсан.  Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яамнаас өнгөрсөн жил таван салбар сургуульд шалгалт хийхэд сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа төдийгүй  зөрчил илрээгүй. Энэ тайланг Туркийн талд хариу болгож явуулсан байх гэж бодож байна. Турк сургуулийн удирдлагуудын зүгээс төгсөгчдийн дипломтой холбоотой гарсан бүх мэдээллийг БСШУСЯ-нд хүргүүлсэн. Хэрэв Туркийн Засгийн газраас хөрөнгө оруулж сургууль байгуулаад  дараа нь түүнийгээ хаана, татан буулгана гэсэн бол өөр асуудал. Тэгж болно. Гэвч одоогийн Турк сургуулиудын хувьд Турк улсаас нэг ч төгрөг орж ирээгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн Турк, Монгол хувь хүмүүсийн хөрөнгөөр бүтсэн хамтын сургууль. Хэвийн үйл ажиллагаа явуулж буй сургууль татан буугдана гэдэг өрөөсгөл. Харин  санхүүгийн бололцоо муудах,  хүүхэд суралцах орчин муу, байр байхгүйгээс болж татан буугдах байдал байж болно. Сүүлийн 4-5 жилд төгсөгчдөөс Турк улсад суралцаагүй.


Монголд үйл ажиллагаа явуулж буй Турк сургуулиудтай холбоотой асуудлаар Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, мөн Турк сургуулийн захирал ийм тайлбар өглөө. Салбарын яамны эрх бүхий албан тушаалтнуудын айлчлал, хоёр талын яриа хэлэлцээгээр бүх зүйл тодорхой болох бололтой.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.