Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын зөвлөх Russia Today агентлагт яриа өгсөн байна. "Хэрвээ Турк, Саудын Араб улсууд Исламын улс бүлэглэлийг дэмжихээ больчихвол энэ террорист бүлэглэлийг дарахад амархан” хэмээн тэрээр хэлсэн байна.
Турк, Саудын Араб гэгдэх бүсийн тоглогчдоос Исламын улс бүлэглэл рүү урсаж буй мөнгө, байгалийн хий зэрэг нь терроризмтэй тэмцэхэд улам ярвигтай болгож байна гэдгийг Сирийн ерөнхийлөгчийн зөвлөх хэллээ. "Бид хууль журмын дагуу террорист бүлэглэлүүдтэй тэмцэж, улс төрийн шийдэл олохыг хичээж байна. Сири болон Иракийн арми Исламын улс бүлэглэлийг дарахын төлөө бүхий л чадал, хүчээ дайчилж байна. Гэсэн ч бүсийн зарим тоглогчдын хөндлөнгийн оролцоо энэ үйл ажиллагаанд саад учруулж байна хэмээн Ассадын зөвлөх Шаабан хэлсэн байна.
Турк улс Оросын онгоцыг буудан унагасны дараа Орос Туркийн харилцаа ихээхэн хурцдаад байгаа. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Турк улсыг Исламын улс бүлэглэлийн хамсаатан бөгөөд тус террорист байгууллагад газрын тос нийлүүлдэг хэмээн зарласан. Гэсэн ч Турк улс үүнийг няцааж байсан. Тэгвэл Ассадын зөвлөх ч бас Туркийг Исламын улс бүлэглэлийг дэмждэг хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл