Сэтгүүлч Ц.Оюундарьтай ярилцлаа. Тэрээр МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байхдаа олон кино төслийг удирдаж байсныг уншигчид санаж байгаа. Энэ удаа Монголын цагдаагийн байгууллагын шилдэг удирдагчдын нэг Б.Пүрэв генералын намтар дээр тулгаарлаж баримтат кино бүтээж байгаа юм байна.
-Манай цагдаагийн алба хаагчдын хувьд хошууч генерал Б.Пүрэв гуайг "Эцэг Пүрэв” гэж хүндэлдэг. Энэ эрхэм хүндтэй генералын тухай баримтат кино хийх болсон талаар тань яриагаа эхлэе?
-"Генерал Пүрэв” хэмээх хоёр бүлэг баримтат кино маань манай багийн хувьд цагдаагийн байгууллагатай хамтарч хийж байгаа дөрөв дэх кино юм. Цагдаагийн анхны дарга М.Гүрсэд, удаах дарга Магсар хурц Дугаржав нарын тухай болон 2018 оны долдугаар сарын 01-ний үйл явдалтай холбоотой "Өчигдөр, өнөөдөр, маргааш” номноос сэдэвлэсэн баримтат киног урьд нь хийж байсан. Мөн МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байхдаа цагдаагийн алба хаагчдын ажил амьдралын талаар "Амьдрал чиний төлөө” гэсэн телевизийн олон ангит уран сайхны киног бүтээхэд удирдлагаар ханган ажиллаж байлаа. Эдгээр бүтээлүүдийг хийж байх явцад цагдаагийнхнаас болон 1990-ээд оны шилжилтийн үеийн гэрчүүдээс Б.Пүрэв генералын талаар олон сонирхолтой дурсамж түүх сонсож, энэ хүнийг цааш судалж сураглах сонирхол төрсөн юм.
Ялангуяа баримтат кино хийхэд маш олон түүхэн гэрчүүдтэй уулзаж ярилцлага авах шаардлага тулгардаг. Тэр бүхэнд нэг хүний нэр ёс шиг гарч ирдэг байлаа. Б.Пүрэв генерал ингэдэг байсан, тэгдэг байсан, тийм шинэчлэл хийсэн, ийм бодлого барьж ингэж үндэс суурийг нь зөв тавьсан гээд л хөвөрч өгнө. Сонирхолтой баримт, хууч яриа, үлгэр домог шиг зүйл ч олныг сонсож, цуглуулсан. Тэдгээрээс хамгийн их сонирхол татсан зүйл нь Цагдан сэргийлэх байгууллага нь социализмын үед удирдагч намын шууд заавраар ажилладаг, НАХЯ-ны харьяат байгууллага байж байтал гэнэт нэг л өдөр МАХНамын төв хорооны улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, шууд зааварлах газаргүй болчихсон явдал. Дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиггүй, шууд харьяалж байсан НАХЯ нь бас татан буугдаад удирдлагагүй шахам болчихсон цагдаагийн байгууллага ардчилсан хувьсгалын үеийн бараг 7 хоног бүр болж байсан жагсаал цуглааныг хэрхэн нэг ч хүний хамраас цус гаргалгүйгээр зохицуулж чадав? Энэ эгзэгтэй цаг үеийн тухай өгүүлэхэд Б.Пүрэв генералын гүйцэтгэсэн үүрэг эрхгүй тодорч гарч ирдэг.
Ингээд Магсар хурц Дугаржавын тухай киноныхоо нээлттэй давхцуулан хийсэн эрдэм шинжилгээний бага хурал дээр тэрхүү хурлыг хамтран зохион байгуулсан Хууль сахиулахын их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэд Б.Пүрэв генералын тухай баримтат кино хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Б.Пүрэв генералын хувьд тэр үеийн МАХН, одоогийн МАН-ын том боловсон хүчин байсан хүн. Би чинь бас хэсэг хугацаанд Ардчилсан намын том алба хашиж байсан хүн учраас намайг өөрийнх нь тухай кино хийнэ гэхээр хүлээж авах болов уу? гэсэн эргэлзээ ний нуугүй хэлэхэд надад бол байсан. Харин Б.Пүрэв гуай бидний саналыг маш сайхнаар хүлээж авсанд би уран бүтээлчийнхээ хувьд их баярласан. Б.Пүрэв гуай "Би төрийн ажил хийхдээ намын гишүүнээ мартчихдаг зантай” гэж кинон дээр маань хэлдэгчлэн би ч бас уран бүтээлээ хийхдээ намчирхдаггүйг Б.Пүрэв генерал олж харсанд баярласан. Бидний бас өмнө нь хийсэн бүтээлүүдийг харсан байх л даа. Тэгээд би амьдралдаа анх удаа нэрийг нь маш олон удаа сонсож байсан генерал Б.Пүрэвтэй биечлэн уулзаж, зөвшөөрлийг нь аван киноны ажилдаа орсон доо.
-Б.Пүрэв генералын хувьд үнэхээр их зүйл бүтээсэн, цагдаагийн байгууллагад түүхэн үүрэг гүйцэтгэсэн эрхэм хүн. Энэ их зүйлийг багтааж кино хийнэ гэдэг амаргүй байв уу?
-Тэгэлгүй яахав. Ийм том хүний тухай баримтат кино бүтээнэ гэдэг тэр хэмжээний судалгаа, мэдлэг мэдээлэл цуглуулахыг шаардана. Нэг жижигхэн алдаанаас цуст мөргөлдөөн ч үүсч мэдэх Монгол Улсын түүхийн маш эгзэгтэй эмзэг цаг үед тэр хүн яагаад голчийг барьж, намдаа олон жил үнэнч явсан үзэл бодлоосоо өөрийгөө чөлөөлж, ард түмнийхээ төлөө шийдвэр гаргаж чадав гэдэг асуултын хариуг хөөхөд л түүнийг Монголын төр хэрхэн төрийн хар хүн болгон төлөвшүүлэн бэлдсэн нь тодорч харагдсан. Дээрээс нь мэдээж хувь хүний өөрийнх нь удирдах авъяас, ур ухаан, оюун билэг, орчиндоо нөлөөлөх чадвар нэмэгдэнэ. Монголд өрнөсөн ардчилсан хувьсгал өөрөө дэлхий дахиныг он удаан жил хуваасан хүйтэн дайныг төгсгөсөн асар том хувьсгалт давалгааны нэгээхэн хэсэг байсан. Тиймээс зөвхөн Б.Пүрэв генералын амьдралаас гадна олон эх сурвалжаас судалгаа хийсэн.
Кинонд Б.Пүрэв генералын намтартай зэрэгцээд тухайн үеийн дэлхийн болоод Монголын нөхцөл байдал ямар байсан талаар хүүрнэдэг. Энэ хүний түүхээр дамжуулж, социалист Монголын 1942 оноос хойш 2000 он хүртэл түүхийг давхар өгүүлдэг. Монголын түүх, дэлхийн түүх, монгол төрийн институци энэ хүний төрийн хар хүн болох төлөвшилтэй хэрхэн холбогдсон талаар өгүүлдэг. Товчхондоо, Генерал ПҮРЭВ хэмээх нэг хүний түүхээр нэгэн цаг үеийн Монголын төр, цагдаагийн байгууллага, Монгол Улсын болон дэлхийн түүхийн нэгээхэн хэсгийг өгүүлэхийг зорьсон.
Кино ямар бүтэцтэй вэ?
-Бид анхандаа нэг ангит кино хийнэ гэж төлөвлөсөн байсан ч, судалгаа болон зураг авалтын явцад маш их материал цугласан учраас нэг ангид яагаад ч багтахааргүй болсон. Ганц хүний намтар биш, дэлхийн болон Монголын түүхэн үйл явдлуудыг зэрэгцээ маягаар өгүүлж байгаа учраас продакшны явцад бид киногоо хоёр бүлэгт хуваахаар шийдсэн. Б.Пүрэв генералын амьдралын намтар ч бас үүнийг шаардсан. Учир нь түүний амьдралын нэг хэсэг нь социализмын үед, нөгөө хэсэг нь ардчиллын үед өнгөрсөн. Иймээс киногоо Ардчилсан хувьсгалын өмнөх ба дараах үе гэж хуваасан. Б.Пүрэв бол социалист нийгмийн үед бэлтгэгдсэн, тэр үеийн цор ганц удирдан чиглүүлэгч болох МАХНамын томоохон боловсон хүчин байсан хүн хэрнээ социализмын үед хаалттай хориотой байсан Их Монгол улсын их сүлд Цагаан Шонхорын түүхийг мэдээд, түүнийг цагдаад залсан нь түүний намтарын бас нэг сонирхолтой хэсэг. Цагаан шонхорын түүх чинь социализмын үед бол тас хаалттай сэдэв байсан шүү дээ. Иймд киноныхоо эхний бүлгийг "Цагаа хүлээсэн Цагаан шонхор” гэж нэрлэсэн.
"Цагаан шонхорыг цагдаад залсан нь” хэмээх хоёрдугаар бүлэгт генерал Б.Пүрэв хэрхэн Ардчилсан хувьсгал дөнгөж ялсны дараах амаргүй он жилүүдэд ард иргэдийн амар тайвныг сахиулах, нийгмийн хэв журмыг зохицуулан зохион байгуулах үүргийг төрийн хар хүний ноён нурууг барин амжилттай зохион байгуулж байсныг, мөн түүний амьдралд тохиосон аюулт өвчин, түүнийг хэрхэн тэвчээр хатуужлаараа даван гарсан түүхийг өгүүлдэг. Тэрээр ажиллаж амьдарч байсан цаг үеийнхээ нөхцөл байдлыг өнөөгийнхөн шиг намчирхсан, өнгөөр ялгасан хандлагаар биш, цагаан шонхор шиг бүхнийг дээрээс томоор харж, Монголын төрийг цаашдаа ч бас ийм цараатай, тогтвортой байгаасай гэсэндээ Их Монгол улсын их сүлд Цагаан шонхорыг цагдаагийн байгууллагад залсан гавъяатай хүн. Төрийн эрх барих дээд байгууллага нь байнга үзэл бодол, зорилго чиглэлээрээ уралдаж, өрсөлдөж, мөчөөрхөж байдаг улс төрийн намуудаас бүрдэж байх юм байна. Гүйцэтгэх засаглал болох Засгийн газар нь ч бас ийм л хуваагдмал орчинд оршин байх юм байна. Харин Монголын төр, түүний томоохон бүрэлдэхүүн хэсэг болох ЦАГДАА бол энэхүү хуваагдлаас ангид байж, гагцхүү хууль дүрэм хэмээх ганцхан зүйлийг удирдлагаа болгосон тогтвортой, цараатай, үл хуваагдах, үл урваж хөрвөх байгууллага байх ёстойг Цагаан шонхорыг билэгдэл болгохдоо Б.Пүрэв тунхаглан захисан юм байна гэж киног хийх явцдаа би ойлгосон.
-Генерал гэдэг ойлголтоос түр амсхийгээд хувь хүн талаас нь хэрхэн дүгнэсэн бэ?
-Миний хувьд Б.Пүрэв бол үнэхээр хүндэтгэмээр сайхан хүн байсан. Манай уран бүтээлийн багийнхан Б.Пүрэв гуайтай илүү их ойр дотно хамтарч ажилласан л даа. Би зохиол бичсэн хүн учраас бусад судалгаандаа цагаа илүү их зарцуулсан. Манайхан генералыг их энгийн, загнаад байдаггүй атал бүх хүн түүнээс эмээдэг, за эмээх гэхээсээ хүндэтгэдэг гэвэл илүү зохистой хүн гэж хэлж байсан. Зүгээр явж байхад нь л хүмүүс өөрийн эрхгүй хүндэлдэг, орчин тойрондоо их сайхан нөлөөлөл үзүүлж чаддаг хүн юм байна гэж хөдөө явсан сониноо хуучлахдаа бахархан ярьж байсан. Генерал хүн болохоор их тушаамтгай, ингэ тэг гээд зааварчлаад байх болов уу гэсэн чинь харин ч бусдын үгийг их сонсдог, хүний ажлыг их ойлгож хүндэтгэдэг, хөндлөнгөөс нь огт оролцдоггүй занг нь биширсэн. Өөрөө бусдыг их хүндэлдэг учраас бусдын хүндлэлийг тэгж их авдаг юм байна гэж ойлгосон.
-Энэ бүтээлдээ та хэр их сэтгэл хангалуун байгаа вэ?
-Энэ бол маш олон хүмүүсийн хамтын бүтээл. Найруулагч маань зохиолын утга санааг маш сайхан гаргаж өгсөн. Ялангуяа зохиолд өгүүлэгдэж байгаа өнгөрсөн цаг хугацааны үйл явдлуудыг жүжигчилсэн хэлбэрээр дахин тоглуулж, үзэгчдэд бодит төсөөлөл бий болгоход найруулагчийн тавилт маш чухал байдаг. Энэ тал дээр манай найруулагч Б.Ариунжаргал үнэхээр мэргэжлийн ажилласан. Миний хувьд баримтат киноны яриа хэт сунжруу их байх юм бол хүмүүс уйдна гэсэн зарчмаар зохиолоо маш их детальчилж бичсэн. Ариунаа маань үүнийг маш сайн мэдэрч, сонирхолтой шийдлүүдийг гаргаж, ихээхэн сэтгэл гаргаж ажилласан нь нээлтийн үеэр хоёр ангийг дараалан гаргаж, бүхэл бүтэн 90 минут суулгахад, хүмүүс нүд салгахгүй, уйдахгүй үзсэнээс тод харагдаж байна лээ. Мэргэжлийн туршлагатай баг ажилласан болохоор миний хувьд зохиолынхоо амилалтанд сэтгэл хангалуун байгаа.
-Цагдаагийн байгууллага, алба хаагчийн ажил үйлсийг уран бүтээлд мөнхлөх талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Цагдаагийн алба бол маш хүнд хэцүү алба. Өдөр бүр дандаа хууль дүрэм зөрчсөн, элдэв хэрэгт орооцолдсон, амь нас үрэгдсэн, аюултай үйл явдалтай хутгалдаж байдаг, амаргүй аймшигтай хэргийн газар дээр хамгийн түрүүнд очдог маш хүнд алба. Аливаа уран зохиол, кино, бүтээлд хүний зан чанарын өөрчлөлт, амьдралын эргэлтийг харуулахдаа гэмт хэргийг хамгийн хүнд зангилаа зөрчил болгон харуулах нь нийтлэг үзэгдэл байдаг. Тийм ч учраас бусад улс орнуудад гэмт хэргийн мэдээ үргэлж эхний нүүрэнд, эхний мэдээ болон гардаг. Харин манайд яагаад ч юм улс төрийн мэдээ л хамгийн эхэнд яваад байдаг. Гарч буй ганц хэргээс үүдээд эрүүл мэндийн тогтолцоо, гэр бүлийн харьцаа, хүмүүжил, ёс зүй, хууль эрх зүйн тогтолцоо, шударга байдал гээд нийгмийн амьдралын маш олон салбаруудын асуудал хөндөгддөг болохоор уг нь гэмт хэргийн мэдээ мэдээллийг илүү нээлттэй болговол нийгмийн асуудлууд илүү бодитой, хүнд хүртээмжтэй, ойр болох болов уу гэж боддог. Юм л бол улс төр хэмээх хийсвэр зүйлийг тэргүүнд тавьж байхаа хэвлэлүүд ч гэсэн эргэж нэг хармаар л байгаа юм...
Ерөөс сэтгүүл зүйн нийтлэг зарчмаар бол иргэн Таны амьдарч байгаа орчинд юу болов гэдэг л хамгийн чухал, хамгийн нэгдүгээр асуудал байдаг. Шинэ хүн төрөв үү? Шинэ гэмт хэрэг гарсан уу? Түүнийг яаж шийдэв гэх зэрэг мэдээлэл нь үзэгчдэд ийм явдал надад тохиолдвол би яахав гэсэн эргэцүүлэллийг төрүүлж, амьдралдаа, хандлагадаа өөрчлөлт хийх сэдэл нь болж байдаг учраас ингэж нэгдүгээрт гаргадаг юм байна л даа. Холливудын киноны баатруудыг хар л даа. Гэмт хэргээр дамжуулж нийгэмд үүсээд буй асуудлуудыг хэрхэн яаж шийдэхэв гэсэн л мэссэж байдаг. Ерөөс амьдралд тулгарсан аливаа хүнд асуудлыг хэрхэн даван туулах чинь л өөрөө хамгийн сонирхолтой түүх шүү дээ. Харин тэр тулж ирсэн хамгийн хүнд нөхцөл нь болох гэмт хэргийн газар дээр цагдаа л нэгдүгээрт очиж, цагдаа л учгийг нь тайлдаг.
Иймд цагдаа-иргэн, цагдаа-уран бүтээлчдийн харилцаа ойр байвал олон сайхан бүтээл гарна. Тэдгээрээр дамжуулж олон бодол эргэцүүллийг үзэгчдэд өгч, тэр хэрээр хүмүүс ч амьдралд хандах хандлагаа өөрчилнө. Эрхзүйт нийгэмд бид яагаад нэгэнт шийдсэн хэргүүдийн талаарх мэдээллийг аваад сонирхолтой бүтээлүүд хийж болохгүй гэж... гээд яриад байвал их зүйл байна л даа. Аливаа үймээн шуугиан болоход бухимдсан иргэд зохион байгуулж байгаа цагдаа нарт л уураа гаргадаг. 2008 оны долдугаар сарын 01-нээс болж хичнээн олон эгэл жирийн цагдаа эрүүл мэндээрээ хохиров. Энэ бүхэн асуудал. Энийг хэрхэн шийдэв гэдэг чухал. Цагдаагийн алба хаагчдын баатарлаг гавьяа олон бүтээлд үлдээсэй гэж боддог уран бүтээлчдийн нэг дээ би.
-Танд баярлалаа.
Ярилцсан Б.Төгсжаргал
Сэтгэгдэл