Төрийн хулгай хийгээд зодоон


 

Төрийн хулгай хийгээд зодоон

 

Транспэрэнси интернэшнл байгууллагаас 2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дэлхий даяар зарласан. Энэ судалгаагаар Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо 2-оор буурч, байр 16-аар ухарлаа. Энэ тухай Монголын авлигын эсрэг байгууллага "АТГ-ын зүгээс Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна гэж дүгнэн, Засгийн газарт болон яамдын сайд нарт зөвлөмж хүргүүлсэн. АТГ-ын энэхүү дүгнэлтийг Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индекс баталж өглөө” гэсэн дүгнэлт хийжээ. Товчхондоо Монголын төр авлигажсан гэдгийг АТГ-аас хэлж, олон улсын байгууллага баталсаар л.

 

Тогоо том бол хусам нь том 
 


Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж ойлголт бий. Энэ нь тухайн улс жилд бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнийн нийлбэрийг тооцдог хэмжүүр. Тооцох хамгийн түгээмэл бөгөөд хялбар аргачлал нь зардлын арга (ДНБ=Хувийн хэрэглээний зардал+Хөрөнгө оруулалтын зардал+Засгийн газрын зардал+Цэвэр экспорт). Улсаараа бүтээсэн баялгийн тодорхой хувийг төр элдэв татвар, хураамж, шимтгэл хэлбэрээр өөртөө төвлөрүүлж, төрийн үйлчилгээ, халамж, татаас нэрээр дахин зарцуулдаг. ДНБ-д эзлэх төрийн зардал нь хэдий чинээ бага байна, эдийн засаг дахь төрийн оролцоо төдий чинээ бага гэсэн үг. ДНБ өсөхийн хэрээр төсвийн зардал нэмэгдэх нь хэвийн зүй тогтол. Харин ДНБ өсөхийн хэрээр түүнд эзлэх төсвийн зардлын хувь хэмжээ ихсэх хандлагатай байгаа нь л эвгүй зүй тогтол. (Графикт төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувийн шугаман тренд өсөлттэй байгааг анзаарна уу )  Айлаар жишээлэхэд нэг айл 2016 онд 100 төгрөгийн баялаг бүтээхэд түүнээс нь 40 төгрөгийг төр аваад буцаагаад тэр дүндээ үйлчилгээ үзүүлжээ. Тогоо томорсоор л…



Тогоо томорход хусам томордог зүй тогтлыг мөн графикаас ажиглаж болно. Төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувь нэмэгдэнгүүт авлигын индексээр ухраад байгаа нь гайхах юм биш. Хулгайгаа багасгахын тулд хулгайлах юмгүй л болгох хэрэгтэй гэж юутай үнэн.

 

Зурган дээр дарж, томруулж харна уу.

/Зурган дээр дарж, томруулж харна уу. /

 

Хусам их бол зодоон их

 

Бид үе үеийн Засгийн газрын нас багассаныг ДНБ, төсвийн зардал, авлигын индекстэй харьцуулан харуулав. Үүнийг тун энгийнээр тайлбарлавал төрийн хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл ихсэж, төр данхайх тусам түүнээс хулгайлахыг хүсэгчид эрээ цээргүй улайрна.Хариуцлага нэхэж буй нэрээр эрх мэдэлтнүүд баахан зодоон үүсгэж, Засгийн газраа огцруулдаг. Гэвч Засгийн газар солигдоод, Монголын нөхцөл байдал сайжирч байсан жишээ үгүй. Харин ч "хоёрдугаар ээлж хоолондоо орж байна, адилхан л хулгайч шүү дээ” хэмээн хээв нэг хөөрөлдөнө. Эдийн засаг дахь төрийн оролцоо, төрийн захиран зарцуулах эрх мэдэл ихсэх тусам авлига хээл хахуул, хүнд суртал, хулгай дээрэм гаарч, цаашилбал талцал тэмцэл ширүүссэнээр дарангуйлалд хүргэдэг нь ерөөс хүний нийгмийн аксиом болжээ.    

 

Тэгэхээр ДНБ-ний 50 хувьд хүрэхдээ тулаад буй төрийн зарлагыг бууруулж, үр ашиггүй  өмчүүдийг хувьчилснаар дагаад сөрөг үр дагаварууд багасна. Хумслах хөрөнгө багасах учраас ядаж л "хулгайчид” цөөрнө. Үүнийг дагаад эрх мэдлийн төлөө улайрагчид ч багасч, төр, Засгийн газар илүү тогтвортой  ажиллах нөхцөл бүрдэнэ.  

 

М.Болд

Shuud.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.