УБТЗ ДАХЬ ОРОСУУДЫН “ШАХАА”-Г ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ


 

УБТЗ ДАХЬ ОРОСУУДЫН “ШАХАА”-Г ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эрх бүхий албан тушаалтнуудын албан өрөөнд нэгжлэг хийж, зарим хүнийг цагдан хорьж шалгах саналаа шүүхэд гаргасан нь олны анхаарал татаад байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр "Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа болон түүний нэг орлогч Ганболд нарын албан өрөөнд цагдаагийнхан нэгжлэг хийхийн зэрэгцээ Зүтгүүрийн албаны даргаар ажиллаж байсан Николай Гукийг саатуулах саналаа прокурор, шүүхийнхэнд хүргүүлсэн аж. Шийдвэр гаргах эрх бүхий байгууллагынхан "Цагдан хорьж шалгах хангалттай үндэслэл тогтоогдоогүй” гээд мөрдөгчдийн саналыг хэрэгсэхгүй болгожээ. Н.Гукийн хувьд дээрх албаны даргаар ажиллаж байгаад саяхан ажлаа өгсөн бөгөөд түүнийг буруутгаж буй шалтгаан нь ОХУ-ын "Трансмашхолдинг сервис”-ийн охин компани болох "Трансмашхолдинг сервис Монгол” (ТМХС Монгол) гэх компанийг төлөөлж, УБТЗ-тай гэрээ байгуулж, гарын үсэг зуран, мөнгө завшдаг байж болзошгүй хэмээн сэжиглэгдсэн юм билээ.

Тэрбээр Зүтгүүрийн албаны дарга хэрнээ зүтгүүрийн засвар үйлчилгээ хийхэд "ТМХС Монгол”-ыг төлөөлж УБТЗ-ын удирдлагатай гэрээ байгуулж, гарын үсэг зурж байсан хэрэгт сэрдэгдээд буй аж. Энэ компанийн манайд байгуулагдсан түүх нь хоёр улс хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн 2011 оноос эхлэлтэй. Мянганы сорилтын сангаас 2010 оны үед Төмөр замын дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулах саналаа илэрхийлсэн. Гэвч Оросын тал "Хоёр улсын хамтарсан компани. Гуравдагч улсаас, тэр дундаа АНУ-аас мөнгө авахгүй” хэмээн татгалзжээ.

Ингээд хоёр улсын Засгийн газраас тус бүр 125 сая ам. доллароор дүрмийн сангаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм байна. Улмаар хойд хөршөөс уг мөнгөндөө олон (албан бус мэдээллээр 30 орчим) зүтгүүр нийлүүлсэн юм. Тухайн үед УБТЗ-ын зүтгүүрүүд хуучирч, шинэчлэх шаардлагатай байсан учраас тэдгээрийг нь авсан гэнэ. Шинэ, хуучин, элэгдэж муудсан, капитал засвар хийх шаардлагатай зүтгүүрүүдээ дагалдуулаад "засвар үйлчилгээг нь хариуцна” хэмээн "ТМХС Монгол”-ыг оросууд оруулсан аж. Оросын тал 125 сая ам.долларын хөрөнгө оруулалт болгож зүтгүүрүүд нийлүүлэхдээ улсдаа үйл ажиллагаа явуулдаг ВТБ банкнаас зээл авсан гэдэг бөгөөд түүнийхээ хүүг УБТЗ-аар төлүүлдэг гэх мэдээлэл ч бий.

УБТЗ-ын даргаар ажиллаж буй Д.Жигжиднямаа 2010 онд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа "ТМХС Монгол” компанитай анх гэрээ байгуулсан аж. Эх сурвалжуудын мэдээлснээр "ТМХС Монгол” ХХК-д УБТЗ-аас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар хийх, сэлбэг худалдан авах зэрэг ажил гүйцэтгэсэн хэмээн 2010-2016 онд нийт 78 тэрбум төгрөг шилжүүлсэн нь сэжигтэй гүйлгээ байсан учраас ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхний анхаарлыг татаж, шалгах болсон гэдгийг хууль сахиулагчид хэлэв.

Өөр нэг эх сурвалжийн өгүүлснээр "ТМХС Монгол” нэг цагт 60.000 төгрөг авахын зэрэгцээ зүтгүүр эвдэрсэн тохиолдолд бүх л зардлыг УБТЗ-аас гаргуулдаг нь хууль зөрчсөн үйлдэл хэмээсэн юм. 2016 онд УБТЗ-ынхан энэ асуудлыг дотооддоо хэлэлцэж, "ТМХС Монгол” юу ч хийхгүй атлаа мөнгө авч байна. Монголын инженер, техникийн ажилтнууд одоо ашиглаж буй "2Д116” загварын зүтгүүрийг өөрсдөө засаж, угсарч чадна” хэмээн УБТЗ-ын даргаар ажиллаж байхдаа Л.Пүрэвбаатар гэрээг нь цуцалж байсан гэх. Гэвч Д.Жигжиднямаа 2016 онд УБТЗ-ын дарга болоод сэргээсэн тухай зарим хүн өгүүлж байна. Үүнийг нь эд хөрөнгө завшсан үйлдэл байж болзошгүй гэж хууль хяналтынхан шалгаж эхэлсэн нь энэ.

Үүнээс гадна УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хоёр ч үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм билээ. Д.Жигжиднямааг хаацайлдаг гэх улстөрчид, хууль сахиулах байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд дээрх асуудлыг шалгах явцад нөлөөлөхгүй бол эдгээр хэргийг нэгтгэн шалгаж болзошгүйг ч прокурорын эх сурвалж хэллээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.