Цүнх баригчаас хөрөнгөний эзэн болсон Н.Мөнхбатын хэцүү нэртийнд очсон түүх


Цүнх баригчаас хөрөнгөний эзэн болсон Н.Мөнхбатын хэцүү нэртийнд очсон түүхХөгжлийн банкийг хөгжлийн бэрхшээлтэй болгож, хөрөнгийг нь хүүлсэн этгээдүүдийн хэрэг юу болов. 16 жилийн дараа Засгийн эрхэнд гарсан Ардчилсан намынхан өсөлттэй байсан эдийн засгийг хэвтэрт ортол нь нүдэж, балбасан гэм нүгэл үйлдсэнийг сөрөг хүчнийхэн тодотгодог.

Эзэн Чингисийнхээ нэрийг, Японы Самурайтай нь худалдсан ч гэлцдэг л юм.  Ямартай ч Хөгжлийн банк хөрөнгөгүй болж, хэсэг хүн хөлжсөн нь үнэн.

Эхний хүн нь Н.Мөнхбат. Фортуна Батбаярын цүнх баригчаас Хөгжлийн банкны захирал болтлоо дэвшсэн нэгэн. Гэхдээ тэр дангаараа залгисан уу, барах уу.  Хэдийгээр зах замбараагүй урсгалын эхэнд нь суучихаад мутарлаж байсан хүн нь гарцаагүй ч Хөгжлийн банкны ТУЗ-ийнхнийг энэ хэргийн гадна үлдээх боломжгүй. Хөшгөө хаасан Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага мэргэжлийн бус, салбарын хэмжээнд удирдах албан тушаал хашиж байгаагүй, туршлага дутуугаас үйл ажиллагаанд нь доголдол үүссэн тухай Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материалд бий. Гэхдээ удирдлагын багийн гишүүдийн ажиллах журам болон гүйцэтгэх захирлыг томилох журмыг Төлөөлөн Удирдах зөвлөл батална гэх журам түүний үед мөрдөгдөж байсангүй.

Мань эр 2013 оны наймдугаар сарын 21-нд хөрөнгөний эх үүсвэрийн тамгаа гардан авсан байдаг. Үүнээс хойш Хөгжлийн банкинд халаа сэлгээ хийгдэж, олон хүн өөрчлөгдөв. Тухайлбал, Г.Одонтуулыг зээлийн газрын захирлаар мөн оны аравдугаар сарын 21-нд авсан байдаг. Гэхдээ асуудал үүсч түүнийг түр хугацаагаар чөлөөлж 2014 оны гуравдугаар сарын 31-нд дахин авсан тушаал бий. Хачирхалтай нь, энэ хүний нийгмийн даатгалын дэвтрийг санхүүгийн албанд огт өгдөггүй гэж байгаа. Мөн Хөрөнгө оруулалтын газрын захирлаар 2014 оны гуравдугаар сарын 31-нд Б.Буянмөнхийг, эл өдөр Хяналт, захиргааны газрын захирлаар Б.Батбилэгийг, Актив, пассивын удирдлагын газрын захирлаар М.Бат-Өлзийг 2014 оны долдугаар сарын 23-нд тус тус томилсон байдаг. Гол нь дээрх нэр бүхий эрхмүүд Н.Мөнхбаттай адил банк санхүүгийн салбарт 10-аас доошгүй жил, үүний дотор 5-аас доошгүй жил удирдах албан тушаал хашсан байх шаардлагыг ганц нь ч хангадаггүй.

Энэ мэтчилэн томилгоо, халаа сэлгээ хийгдэж, тэр ч бүү хэл, 2014 оны хоёрдугаар сарын 26-н гэхэд орон тоог 168 болгон нэмэгдүүлсэн тоон мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, жил бүр бүтэц, орон тоог өргөжүүлсэн. Жишээ нь,  ТУЗ-ийн  2012 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн  "Хөгжлийн банкны бүтцийн нэгжүүдийг батлах тухай” 54 дүгээр тогтоолоор дэд нэгжүүдийн тоог нэмэгдүүлэн нийт 15 дэд нэгжтэй болгожээ. Дараагийн жил нь  ТУЗ дахин хуралдаж, "Барилга захиалагчийн алба”-ыг шинээр үүсгэн байгуулсан байх жишээтэй. Мэдээж тэр хэрээр цалингийн зардал өсөв. 2011 онд 373.8 сая төгрөгт хэмжигдэж байсан цалингийн сан даруй 12.4 дахин нэмэгдэж 2015 оны жилийн эцэс гэхэд 4 тэрбум 700 сая төгрөгт хүрэв.

Хөгжлийн банкны ТУЗ-ийнхний хийх ажил, хариуцах зүйлийг нь хуульчилчихсан. Тэд үүнээс нэг ч алхам давж гишгэх эрхгүй. Харамсалтай нь, тэд нэг битгий хэл нижгээд хуулийн заалтыг дэвсэлжээ. Тухайлбал, "Хөгжлийн банкны зээлийн бодлого”-ыг шинэчлэн батлаагүй. Мөн ТУЗ-ийн 2012 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор дотоод аудитороор нэг хүн томилон ажиллуулах шийдвэр гаргасан боловч 2014 оны зургадугаар сарын 23-н хүртэл дотоод аудитын ажил хийгдээгүй. Уг нь ТУЗ-ийн удирдлага дор гүйцэтгэх удирдлагаас хараат бус ажиллах дотоод хяналтын нэгж байх ёстой ч огт ажиллуулаагүй. Тус банкны бизнес төлөвлөгөө оны дунд үед батлагдан гардаг, 2014 оны бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлаагүй гэхчлэн дурьдаж болно. Ийнхүү өөрсдөө дураараа авирлахын хажуугаар бусдад замбараагүйтэх боломжийг ч олгосон байна. Үнэндээ ч Хөгжлийн банкны Хяналт захиргааны газрын захирал Ш.Батбилэг л гэхэд ТУЗ-ын дарга асан Б.Шинэбаатарын зөвлөхөөр нь ажиллаж байсан нөхөр. Тиймээс нэгэндээ хяналт тавьж ажиллах, хараат бус байх зарчим шаардлага хэрэгжих боломжгүй, сонирхлын зөрчилтэй гэж ч болох талтай. Ёстой л Хөгжлийн бэрхшээлтэй баг Хөгжлийн банкийг удирдаж байсан гэлтэй.

ТУЗ-ийн шийдвэрээр гадаад явсан томилолтын зардлын дүн ч нэлээд өндөр хэмтэй. Тухайлбал, 2013 онд зургаан хүн гадаад томилолтоор явахад 47.1 сая төгрөгийг төсөвлөсөн байдаг. Мөн 2014 онд 87.4 сая, 2015 онд 170 сая, 2016 онд 43.8 сая төгрөгийг зөвхөн гадаад томилолтод зарцуулжээ. Мөн 2015 онд гадаад сургалтад гэх тайлбартайгаар 148.6 сая төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн шийдвэрээр гаргасан. Дээрх үнийн дүн дээр гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын гарын үсэгтэй гадаад томилолт, сургалт, урамшуулал, тэмцээн уралдааны өртөг нэмэгдэнэ. Өөрийнх нь тансаглал хэрхэн хэрээс хэтэрснийг хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байсан билээ. Харин энэ удаад өөрийнх нь гарын үсэгтэй шийдвэрээр гадаад томилолтод 2012 онд 18.3 сая, 2013 онд 75.6 сая, 2014 онд 133.6 сая, 2015 онд 97.7 сая, 2016 онд 19.1 сая төгрөгийг зарлагадсан байна. Үүний хажуугаар гадаад сургалтад 2012 онд 7.8 сая, 2013 онд 50.1 сая, 2014 онд 16.6 сая төгрөгийг гаргажээ.

Сайхан дээл өмссөнийх нь төлөө хэдэн арваар нь цацаж байсан мань дарга урамшуулалд 2012 онд 81.6 сая, 2013 онд 371.1 сая, 2014 онд 594 сая, 2015 онд 923.2 сая, 2016 онд 716.7 сая төгрөгийг зарцуулсан байх жишээтэй. Мөн тэмцээн уралдаанд хөрөнгө мөнгө хайрлалгүй цацдаг нэгэн аж. Ямартаа л зөвхөн тэмцээн уралдаанд 2012 онд 1.3 сая, 2013 онд 9.5 сая, 2014 онд 136.5 сая, 2015 онд 13.5 сая, 2016 онд 3.1 сая төгрөгийг үрсэн байна. Ийнхүү хараа хяналтаа алдаж, нэгнийхээ толгойг илж, тосонд шумбаж, торгонд хөлбөрч байсан нөхөд өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж эхлээд байгаа нь энэ юм.

 
Dorgio.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.