«Хятад дахь монгол судлалын шилдэг бүтээлүүд» цувралын энэ удаагийн дугаарт БНХАУ-ын ӨМӨЗО-ны нэрт эрдэмтэн Э.Хурц, Чан Мин нарын «ХОРЧИН ТОВЧООН» ном хэвлэгдэн гарлаа. Улаанбаатарын их сургууль ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны академиас хамтран гаргаж байгаа энэхүү бүтээлийг Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), профессор Х.Сүглэгмаа кирилл үсэгт хөрвүүлж, профессор Э.Хурц, профессор Чан Мин, БНХАУ-ын Өвөр монголын их сургуулийн Монгол судлалын төвийн доктор Юй Хай тулган харгуулж, Ерөнхий редактораар профессор С.Байгалсайхан, Ботийн редактораар профессор Д.Цэдэв нар ажиллажээ.
Хорчин аймгийн язгуурын тулгуур өвөг бол Хавт Хасар юм. Хавт Хасар 1164 онд Есүхэй баатрын хоёрдугаар хүү болон мэндэлж, эрдэм чадал, хав мэргэн, эр баатраараа олноос хэтийдэж байсан бөгөөд түүний хойчис мэргэн харваач байснаар хор сумны хорчин хэмээх цэргийн зохион байгуулалтын нэрийдэл яваандаа Хасарын ахласан Хорчин хийгээд өмч иргэн, харьяат аймгийн нэрийдэл болжээ. Хасарын өмч иргэний уугуул нутаг нь Монголын өндөрлөгийн зүүн хойт дах Эргүнэ гол, Хөлөн нуур, Хайлаар гол дагуу орон болно. Хавт Хасарын ноёллоор төв болгон бүрэлдсэн хүн ам олонтой томоохон аймаг, XY зууны түрүү хагаст (1432-1433) Адай хааны дагуулгаар Хөлөнбуйрын нутгаас Нон мөрний урсгал дагуу оронд нүүдэллэн суурьших болсноор эдүгээгийн "Нон хорчин” гэх нэрийдэл буй болжээ.
«Хорчин товчоон» бол Хавт Хасарын ургийнхны ноёлолд байсан Хошууд ба Хорчин түмнээс салбарласан Ар хорчин, Дөрвөн хүүхэд, Урад, Муумянган зэрэг аймгуудын түүхэн цаг хугацааны туршид нүүдэллэн хөгжиж ирсэн түүхийг Монголын эзэнт гүрний үе, Монголын бага хаадын үе, Чин улсын эхний хошуу чуулган байгуулагдсан үе хүртэл хамруулан, монгол, хятад, манж түүхэн сурвалжуудад тулгуурлан бичсэн сонирхолтой судалгааны бүтээл юм. Номын төгсгөлд Хавт Хасарын удмынхны угийн бичгийг дагалдуулсан нь уншигч судлагчдын сонирхлыг ихэд татаж байна.
Сэтгэгдэл