Хүн төрөлхтөнд хамгийн их түгсэн, нөлөө бүхий хоёр шашины нэг нь Христийн шашин юм (нөгөө нь Исламын шашин). Христийн шашин МЭ I зуунд өнөөгийн Израйлын нутагт үүсчээ. Түүхчид энэ шашныг үндэслэгч Есүс нь МЭ I зууны эхээр амьдарч байсан түүхэн бодит хүн гэж үздэг бөгөөд уг шашны номлол нь Есүсийн өмнө, хойно бичигдсэн Библи сударт үндэслэсэн байна.
Гэвч, энэ сарын 1-нд Их Британийн "Dailymail” сонинд Христийн шашныг үндэслэгч Есүс нь түүхэнд огт байгаагүй гэдгийг баталсан нэгэн шинэ номын талаар мэдээлэв. Саяхан хэвлэгдсэн "Дөлгөөн мессиа үгүй: Христийн шашны худал хуурмаг, хууль, өв” (No meek messiah: Christianity’s lies, laws and legacy) хэмээх номонд МЭ I зууны эхээр Есүс гэдэг хүн амьдарч байгаагүй гэдгийг баталжээ. Номын зохиогч Михайл Полкович эртний 126 түүхэн эх сурвалжыг судалж үзээд, тэдгээрт Есүс Христийн тухай дурдсан мэдээ байхгүй байгааг олж мэдсэн бөгөөд Есүс бол хожуу үед зохиогдсон цэвэр домгийн дүр гэж үзсэн байна. Полковичийн үзэж буйгаар, хэрэв Есүс бодитоор оршиж байсан бол тэдгээр сурвалжид түүнийг дурдах ёстой юм.
Бидний мэдэхээр, Есүс нь Ромын эзэнт гүрний үед МЭӨ 7-оос МЭ 30 оны орчим амьдарч байсан еврей хүн билээ. Харин, Полкович энэ үед Есүс амьдарч байсан гэх түүхэн баримт олоогүй гэдгээ хэлсэн байна. Тэрээр Есүс амьдарч байсан гэж үздэг үеийн болон түүнээс хойшхи 300 жилийн хугацаанд бичигдсэн 126 эх бичвэрийг судалж үзээд, Есүс амьдарч байсан гэх бодит баримт олоогүй ажээ. Тэрээр Ромын эзэн гүрний үеийн түүхч Иосиф Флавийн бичсэн нэг номонд Есүсийн тухай ганц удаа дурдсаныг олсон боловч, үүнийг хожим нэмж бичсэн зүйл гэж өгүүлсэн юм.
Михайл Полкович өөрийн түүхэн судалгаанд үндэслэн Есүс бол хожуу үеийн Христийн шашин дэлгэрүүлэгчдийн түгээсэн домгийн цэвэр зохиомол дүр, "тэр хэзээ ч байгаагүй” гэж баталсан нь ихээхэн шуугиан дэгдээгээд байна. Мэдээж, түүний судалгаа Христийн шашинтнуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарчээ.
Эх сурвалж: www.gashuun.mn
Сэтгэгдэл