Манай эриний 330 оны тавдугаар сарын 11-нд Ромын эзэн хаан Их Константин нийслэлээ Шинэ Ром гэж нэрлэсэн хот руу албан ёсоор нүүлгэжээ. Төдөлгүй Шинэ Ром нэр хэрэглээнээс гарч тус хотыг Костантинополь буюу Константины хот гэх болсон байна. Үүнээс мянган жилийн өмнө өрнө, дорныг заагласан Босфорын хоолойд Эртний Грекийн Византи гэдэг хот-улс оршин тогтнож байсан түүхтэй аж. Их Константин христийн шашныг ивээлдээ авч шинэ нийслэлдээ маш олон сүрлэг сүм дуганыг барьж байгуулжээ. Константинополийг үүсгэн байгуулахад асар их хөрөнгө буюу 60 мянган паунд алт зарцуулсан гэдэг. 1453 оны тавдугаар сард тус хотыг туркууд эзлэн авч Османы эзэнт гүрнийхээ нийслэл болгон Стамбул нэр өгсөн билээ.
868 оны тавдугаар сарын 11-нд Хятадын лам Ван Це гэгч буддын шашны "Эрдэнийн судар” нэртэй өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн анхны хэвлэмэл номыг бичиж дуусгажээ. "Эрдэнийн судар”-ыг 1900 онд Хятадын Дуньхуан хотод олсон бөгөөд тус ном өдгөө Лондон дахь Британийн музейд хадгалагдаж байгаа юм.
1720 оны энэ өдөр Германы Боденвердер хотод цэргийн офицер, элдэв зугаатай адал явдал ярьж нэрд гарсан Карл Иероним фон Мюнхгаузен төржээ. 1781 онд тэрээр "Хөгжилтэй хүмүүст зориулсан гарын авлага” номондоо дайн тулаан, ан ав зэргийн үеэр тохиолдсон гэх хүн итгэхийн аргагүй хачирхалтай адал явдлуудыг эмхтгэн хэвлэсэн байдаг.
1939 оны тавдугаар сарын 11-нд Японы арми газар нутгийн маргаан үүсгэн Халхын голын ойр орчмоор Монголын хилийн заставуудыг довтолж эхэлжээ. Японы тал тавдугаар сарын 14 гэхэд өөрийн тоглоомын Манж-Го улсад хамаарах ёстой гэж үзсэн бүх маргаантай газар нутгийг эзлэн өөрийн хяналтдаа авсан юм. ЗХУ манай улстай хийсэн харилцан туслалцах гэрээний дагуу Улаан армийн 57 дугаар онцгой корпусыг Халхын голын сав газар руу илгээжээ. Дайны эхний саруудад Монгол, Зөвлөлтийн цэргүүд хориглолт хийн илүү бэлтгэгдсэн давуу хүчтэй дайсны давшилтыг тогтоон барихад хүрсэн юм.
Харин мөн оны долдугаар сард ЗХУ-ын гарамгай жанжин Г.Жуков хамтарсан цэргийн командлагчаар томилогдож, 1939 оны наймдугаар сарын 31-нд Японы цэрэг бүрэн бут цохигдож, манай улсын газар нутаг харийн түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгдсөн түүхтэй.
Б.БАРС/ЗУУНЫ МЭДЭЭ/
Сэтгэгдэл