Үнэмлэхүй лидерийн сүүдэр буюу үл харагдах амьдрал
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн 18-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан билээ. Тэрээр ийнхүү дахин зургаан жил улс орноо удирдан залах эрхтэй болов.
"Үндэстний ТОЙМ” өмнөх дугаартаа БНХАУ-ыг сэлгээгүй удирдах эрхтэй болсон Ши Жиньпиний тухай өгүүлсэн бол энэ удаа Хойд хөршийн үнэмлэхгүй лидер В.Путиныг онцоллоо. Ингэхдээ уншигчиддаа сонирхолтой болгох үүднээс олон нийтэд танигдаагүй байх үеийн, хувь хүний зан чанартай нь холбоотой сөрөг чигийн мэдээллүүдийг түүж бэлдлээ.
Сонгуулиар 80 хувийн санал авч байгаа хүний талаар сонирхолтой, сөрөг баримт олно гэдэг мэдээж амаргүй. Сүүлийн зургаан жилд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнд бараг хир халдаагаагүй. Сөрөг хүчний А.Навальный зэрэг улстөрчдийн шүүмжлэлийг эс тооцвол чих амар байсаар сонгуультай золгосныг хэлэх нь зүйтэй. Гэсэн ч бага сага зүйлс олсноо уншигчидтай хуваалцаж байна.
ОХУ-ын хэвлэлүүд 2000-аад оны эхээр Владимир Владимировичийг улс орныг аврагч мэтээр бичдэг байв. Гэхдээ аажмаар ингэж бичих нь илүү албадсан шинжтэй болж ирсэн нь үнэн юм.
Урьд нь чекист байсан хүнд ээдрээтэй, нууцлагдмал амьдрал байх нь мэдээж хэрэг. Нууцлаг зүйлд уншигчид илүү татагддагийг хэлэх үү, В.Путины амьдралын талаар албан ёсны намтарт бичсэнээс "Өөр” мэдээлэл авахыг оросууд байнга хүсч байсан юм. Тэдгээр уншигчдын хүсэл 2008-2012 онд биелсэн билээ. Тэр нь цаг хугацааны хувьд "Нэгдүгээр хүн”-ий албан тушаалаасаа түр холдсон зурвас үед буюу Д.Медведевийг Ерөнхийлөгч байх үед тохиосон нь сонирхол татдаг.
Үүнийг зарим улстөрчид Д.Медведев В.Путиныг замаасаа зайлуулж, 2012 онд дахин нэр дэвших санаатай байсантай нь холбож тайлбарлах нь бий. Үүнийг одоо нотлох боломжгүй ч В.Путин сая ялалт байгуулаад хамгийн түрүүнд хийсэн мэдэгдэлдээ Д.Медведевийг өөрчлөх талаар дурссан нь бас л сонин юм. Тухайн үед хойд хөршийн нэгэн сайтад гарсан мэдээллээс үзвэл В.Путин ухамсраараа ч, үйл хэргээрээ ч удирдагч байж таарахгүй нэгэн юм байна. Мэдээллийг товчлон хүргэе.
В.Путин Коммунизмыг түгээн дэлгэрүүлэгч биш байсан
В.Путины хохирогч байж мэдэх бяцхан жаалхүүгийн эмгэнэлт хувь заяа
2010 оны наймдугаар сарын 10. ОХУ-ыг нэрвэсэн их түймрийн үеэр В.Путин самолета-амфибии Бе-200 онгоцны жолооны ард өөрөө сууж, Ока голоос ус зөөн Рязанийн хязгаарын түймэр дээр асгасан. Хуульч А.Навальный Ерөнхийлөгчид арга хэмжээ авч өгөхийг хүсээд одоо болтол санасандаа хүрээгүй.
2010 оны долдугаар сарын 24. Мотоциклчдын XIV олон улсын шоунд оролцож байкеруудын тэргүүнд давхив. Дуулгагүйгээр хоёр дугуйт хөлөглөсөн бол 51-85 гривенээр торгох Украины хууль В.Путинд мэдээж үйлчлээгүй.
В.Путин гэмээ булзааруулагч байсан
Наталья Геворкян, Наталья Тимакова, Андрей Колесников нарын бичсэн "Нэгдүгээр хүнээс. В.Путинтай ярилцсан нь” хэмээх номыг Ерөнхий сайдын хувийн амьдралын талаар өгүүлсэн бараг цорын ганц баримт бичиг гэж хэлж болно
(Сая сонгуулийг угтаж хоёр цуврал баримтат кино бүтээлгэснийг эс тооцвол). Энэхүү номд В.Путин анхны машиныхаа талаар дурсдаг хэсэг байдаг. Ээжийнхээ бэлэглэсэн сугалааны тасалбараар хожсон тэрхүү "Запорожец” машин Володяг золтой л шоронд суулгачихаагүй аж.
"МАШИНААРАА ХҮН МӨРГӨСӨН ЮМ БАЙНА” гэж бодуузай. Түүнийг машинтайгаа явж байхад нэг нөхөр зам дээр гэнэт гарч ирсэн ч В.Путин самбаачлан жолоогоо өөр тийш мушгиж чаджээ. Харин дараа нь гарч ирээд, нөгөө нөхөр уучлалт гуйн баярласнаа илэрхийлтэл мөргүүлснээс эс болтол нь балбасан аж. Сүүлд нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ зодсон хэсгээ орхиж мэдүүлжээ.
Тухайлбал, "Тэр гэнэт л үсрээд гараад ирсэн… Амьдрал нүдний өмнүүр жирэлзээд л… Тэгээд тэр нэг тийшээ гүйгээд явчихсан” гэсэн байна. Мөрдөн байцаагч хохирогч өөр зүйл ярьж байгааг хэлэхэд "Яалаа гэж дээ, би араатан биш шүү дээ. Тэр үед зүгээр л машинаасаа гарсан юм” гэж хариулсан гэдэг. Их удирдагч буруугаа зөв болгож хувиргах гайхалтай авьяастай эсвэл буруугаа хүлээх дургүй төрөлхийн гөжүүд нэгэн болох нь энэ баримтаас харагдана.
Хууль зөрчигч
В.Путин 1970-аад онд найзуудтайгаа Гагра хотод амарсан тухайгаа ингэж өгүүлжээ. "Санхүүгийн хүндрэлд орсон тул бид Одесс хүрэх хамгийн хямд тээврийн хэрэгсэл болох усан онгоцны тасалбар худалдаж авцгаасан юм. Тэгээд бид шууд л онгоцны бөөрөнд дүүжлээтэй байсан аврах завин дээр суучихсан. Яг л онгоцоор нисч байгаа юм шиг мэдрэмж төрөөд аятайхан байсан гээч. Би тэнд хоёр хоног од харж хэвтсэн” гэжээ. Харин усан тээврийн тухай хуульд аврах завийг зөвхөн онцгой байдлын үед, хөлгийн ахмадын зөвшөөрлөөр хэрэглэнэ гэж заасан байдаг.
В.Путины оюутан ахуйн найз Сергей Ролдугин "Бид нэг удаа буудал дээр тамхи татаад зогсож байтал хэдэн хүн бид хоёр руу дөхөж ирлээ. Харваас дээрэмчид яавч биш, оюутнууд л болов уу гэж харсан. Тэд хүрч ирээд "Тамхи татах өөр газар олдохгүй байна уу” гэж асуудаг юм. Би дуугарсангүй. Вовка "Олдохгүй байна” гэж хариулав. Тэднийг "Яагаад ингэж хариулж байна” гэхэд Вовка ”Яадаг юм” гэмэгцээ болгож тавьсан. Тэд ийш тийшээ өнхөрч унаад л, Вовкагийн хөл толгой дээгүүр гялалзаж байсан. Би В.Путиныг ямархуу зан авиртай болохыг мэдэж авсан ч яаж цохиж байсныг нь санаад бахархах сэтгэл төрж билээ” хэмээн дурсчээ.
2007 оны аравдугаар сарын 09. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Николя Саркозитой хамт шөнийн Москвагаар зугаалж байна. Хоёр удирдагч аюулгүйн бүсээ хийгээгүй байгааг харж байгаа биз ээ. Жирийн иргэн ийм зөрчил гаргасан бол 100 рублиэр найдвартай "шатна”.
Алина хэмээх аксиом
Батлагдаагүй үнэн зүйлийг аксиом гэж нэрлэдэг. Тэгвэл хойд хөршид "Уран сайхны гимнастикийн олимп, дэлхийн аварга Алина Кабаева В.Путины нууц эхнэр, хүүг нь төрүүлсэн” гэсэн аксиом гарч ирээд байгаа. Хоёр эхнэртэй болж, хууль зөрчсөн гэхээр баталгаа байдаггүй. Дараа нь мань хүн эхнэрээсээ салснаар зам нь шуударсан.
А.Кабаева В.Путин нар хуримлахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл анх "Московский корреспондент” сонины 2008 оны дөрөвдүгээр сарын 12-ны дугаарт гарсан байдаг. Улмаар "Spiegel”, "Stern”, "Die Welt”, "Die Presse” зэрэг хэвлэлүүдээр дамжин олон нийтэд түгсэн юм. В.Путин дөрөвдүгээр сарын 18-нд нь Сардинид байхдаа мэдээлэл хийж, "Хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд үнэн үг нэг ч байхгүй” хэмээн эрс үгүйсгэж байв. Гэвч бизнесмэн Г.Тимченкогийн хувийн онгоц 2008 оны тавдугаар сарын 19-нд В.Путиныг найзуудтай нь Сочид аваачсан баримт илэрч, улмаар А.Кабаева В.Путины нэг, хоёр хүүхдийг төрүүлсэн гэсэн мэдээллээр баяжаад явж байна. А.Кабаева улс төрд орж, хамгийн нөлөөтэй, баян хатагтай нарын нэг болсон ч олон нийтэд хувийн амьдралынхаа талаар нэг ч үг унагалгүй явж иржээ.
Түүнийг Санкт Петерургийн орлогч дарга байхдаа газрын ховор металлыг гадаад руу зах зээлийн үнээс 100-2000 дахин хямд үнээр зарж байсан гэсэн баримт гарч ирсэн ч газар авч чадаагүй юм.
Хойд хөршийн хэвлэлд хааяахан гарч харагдах удирдагчийг шүүмжилсэн нийтлэлүүдэд авагдсан баримтаар бол их удирдагч авто тээврийн тухай хуулийг огт ойшоодоггүй, алхам тутамдаа зөрчдөг бөгөөд өөрийнхөө төдийгүй бусад улс орны төрийн тэргүүний амь насыг эрсдэлд оруулахаа ч юман чинээ тоодоггүй ажээ.
Сэтгэгдэл