Бид үйлдвэрлэгч биш орон гээд гадны чанаргүй, ялангуяа хүнсний янз бүрийн л бүтээгдэхүүнийг оруулж ирж нэг үгээр хэлбэл "туршилтын туулай” болсоор багагүй хугацааг үдэж байна. Уг нь хүнсний зүйлийг бид өөрсдөө үйлдвэрлэчих бүрэн нөөц бололцоо бий. Цаашилбал гутал, хувцас, хэрэглээний ойр зуурын зүйлээ ч чанартай хийчхэж чадна. Гэв төр засгаас дэмжлэг үзүүлдэггүйн дээр импортын бүтээгдэхүүнд ямарч хяналт тавьдаггүйн хар гайгаар дотоодын, үндэсний үйлдвэрлэгчид бараг байгуулагдаад л сар ч хүрэхгүй хугацаанд дампуурчихдаг. Мэдээж бас иргэн болгон үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэл дутмаг байдаг. Гэвч энэ асуудалд төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай.
Манай улсад үндэсний үйлдвэрлэгч биш атлаа монополь болчихсон олон байгууллага, аж ахуйн нэгжүүд бий. Тэднээс цөөнгүй хэд нь хэл ам таталж, асуудал гаргадаг ч ямарч хариуцлага үүрэхгүй тэгсхийгээд л өнгөрдөг. Үйл ажиллагаа нь хэвийн л явж байдаг. Тухайлбал саяхан алдарт "KFC"-ийгийн нэгэн салбарын ажилтан хөгжлийн бэрхшээлтэй хүүд үйлчлэхгүй хэмээн "ад” үзсэн асуудал гаргасан. Гэвч хэсэгтээ л сошиалаар шуугьснаас биш ямар нэг хариуцлага хүлээлгүй чимээ нь намдаж байх жишээтэй.
Дэлхийн 120 гаруй оронд салбартай шарсан тахианы сүлжээ ресторан болох алдарт "KFC"-гийн салбар Монголд нээгдээд таван жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тус салбарыг "Таван Богд" группийн охин компани "Таван Богд Фүүдс" ХХК оруулж ирсэн юм. Манайхан гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн тохиромжтой олон улсын түргэн үйлчилгээтэй сүлжээ ресторан болох "KFC”-гээр ихээхэн үйлчлүүлж байгаа харагддаг. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг аль ч салбар нь хүн бужигнаж, түм түжгэнэж байдаг гээд хэлэхэд хилсдэхгүй болов уу. Гэвч тус газрыг чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээр үйлчилсэн, хоносон хоолоо халааж өгсөн, өттэй тахиагаар үйлчилсэн, тахиа нь түүхий байсан гэх таагүйхэн асуудлууд манайд төдийгүй хэд хэдэн оронд гарч байсан удаатай.
Монголд үйл ажиллагаа явуулдаг салбаруудад л гэхэд 2014 онд буюу одоогоос 4 жилийн өмнө "КFC" ресторанаас захиалсан тахианы шарсан мөчнөөс шавьжны төрлийн нэгэн амьтан гарч ирсэн талаар үйлчлүүлэгч нь өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байдаг. Тэгвэл энэ сарын 4-нд "KFC”-ийн үйлчилгээний ажилтантай холбоотой нэгэн гомдлын талаар үйлчлүүлэгч нүүр номын хуудаснаа нийтэлсэн нь хүмүүсийн дургүйцлийг ихээхэн хүргээд буй.
Тодруулбал энэ ёс зүйгүй үйлдэл Төв номын сангийн эсрэг талд "Бизнес Плаза” төвийн урд талд байрлах "КFC"-гийн салбарт болжээ. Энэ талаар үйлчлүүлэгч нүүр номын хуудаснаа ийнхүү бичжээ. "Хүүтэйгээ хамт үйлчлүүлэгчээ нилээн татчихсан нэр хүндтэй хоолны газар орсон чинь ийм муухай хүнд үйлчлэхгүй гээд хүүг минь хөөгөөд бүр чирээд гаргах гэлээ. Миний хүү жаахан биe муутай болохоор туранхай тэгээд тэр зөөгчийн нүдэнд яаж харагдсан юм бол доо" хэмээн нийтэлсэн байжээ. Түүнчлэн хүүгийн ээж "Миний хүү "КFC"-ээр үйлчлүүлэх ихэд дуртай. Гэтэл"КFC" маш соёлгүй үйлдэл хүүд маань гаргалаа. Хүүгээ үлдээгээд намайг түр босох хойгуур үйлчлэгч нь очиж миний хүүг хөөсөн. Би сандраад гүйгээд очтол "тантай хамт явж байгаа гэдгийг мэдсэнгүй. Гудамжны хүүхэд байна гээд л хөөсөн хэмээн хээв нэг хэлсэн” хэмээн ярьсан юм. Мөн хүү одоогийн байдлаар сэтгэлзүйн хүнд цочролд орсон тул унтаж чадахгүй байгаа гэдэг. Хүү "КFC" яагаад намайг хөөж байгаа юм бэ, би тийм муухай харагдсан юм уу ээж ээ, гэж асуух хүү "КFC"-ээс айж байна” гэж дахин дахин ээждээ хэлж байгаа аж. Тун хачирхалтай нь тус газрын зөөгч болон удирдлагууд бусдын нэр хүндэд халдсан энэхүү ёс зүйгүй үйлдэлдээ уучлал гуйгаагүй гэнэ. Уг нь "Хоолны газрын нийтлэг журам”-ын 7.8.2-т "Зөөгч нь хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж, тэдэнтэй эелдэг, боловсон харилцах үүрэгтэй бөгөөд тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлэх аливаа үйлдэл үзүүлэхгүй байх” хуулийн заалт бий. Ямар ч үйлчилгээний газрын ажилтан энэхүү хуулийн заалтыг мөрдөх ёстой байдаг. Одоог хүртэл ийм ёс бус үйлдэл гаргасандаа уучлалт гуйгаагүй байгааг бодоход " KFC”-д энэхүү хуулийн заалт үйлчилдэггүй бололтой. Манайхан энэ мэтийн харилцааны доголдолтой идсэн хоол нь ходоодонд ороод хоол болдоггүй, иргэдийн халаасан дахь мөнгийг шулдаг иймэрхүү газруудаар үйлчлүүлэхгүй байхад л хангалттай шүү дээ.
Монголчууд рекламанд хууртаж нэг зүйл рүү бөөнөөрөө хошуурдаг нь гэм биш зан. Эрүүл нийгэмд үйлчлүүлэгчдийг рекламаар биш удаан хугацааны шалгарсан чанараар төдийгүй найрсаг амьд үйлчилгээгээр татдаг байх учиртай. Өнөөдрийн нийгэмд бүх зүйл амьд бус реклам зар сурталчилгаа болчихсон нь харамсалтай. Энэ асуудалд хамгийн гол нь иргэд бид л өөрсдөө цэг тавьж чадна. Бид алийн болгон Бид импортын компаниудад дарлуулах юм бэ...
Сэтгэгдэл