Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар яриад жилийн хугацаа өнгөрч байна. УИХ-д МАН-ын бүлэг 65 суудалтай энэ үед өөрчлөлт хийгдэнэ гэсэн хүлээлт бий. Гэвч өнөөг хүртэл Үндсэн хуулийг өөрчлөх ёстой талаар итгэл төгс ярих УИХ-ын гишүүн хуруу дарам цөөн байгаа. Тэгвэл эрх барих хэмжээнд энэ нэмэлт, өөрчлөлт яагаад болгоомжлол дагуулж байна вэ гэсэн асуулт гарна.
Хууль батлагдсан тохиолдолд 2021 оноос хэрэгжиж эхлэхээр заасан. Хэдий тийм боловч УИХ-д сонгогдож төр барих хүмүүс 100 хувь өөрчлөгдөнө гэсэн үг бас биш. Тиймээс магадгүй үүнийг УИХ-ын гишүүдийн эрх ашигтай холбон тайлбарлаж болох юм.
"ДАВХАР ДЭЭЛ”-ИЙГ ТАЙЛУУЛАХ НЬ...
1996 онд Ардчилсан холбоо эвсэл УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн Цэцэд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн өргөдөл гарган ялалт байгуулсан байдаг. Гэвч 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тус хуулийн 29.1 дэх заалтад "УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг "УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” хэмээн өөрчлөн найруулсан юм.
Ингэснээр гүйцэтгэх, хяналт тавих хоёр албан тушаалыг парламентын "ангийнх нь нөхөр” давхар хашиж эхэлсэн гэсэн үг. Үр дүнд нь Засгийн газрын гишүүдэд тавих хяналт суларч, нөгөө талаас давхар дээлтэй сайдууд хувийн ашиг сонирхолдоо албан тушаалаа ашиглаж байна гэсэн хардлага явагдсаар ирлээ. Харин одоо яригдаж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 29.1 дэх заалтыг "УИХ-ын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” хэмээн санал оруулжээ.
Хэрэв энэ батлагдвал ирээдүйд төрийг албыг хавсран түших сонирхолтой хүмүүст тун ашиггүй тусах юм. Хууль санаачлагчдын зүгээс энэ саналдаа "дордуулсан долоон өөрчлөлтийг засав” гэсэн шошго зүүгээд байгаа. Гэхдээ хуулийн төслийн 39.1 дэх заалтад "Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно” гэж бий. Ямартай ч хязгаарлалт оруулж өгчээ.
Зарим мэргэжлийн хүмүүс "УИХ-ын гишүүний хавтастай, нөгөө сугандаа Засгийн газрын гишүүний хавтастай. Өөрөө өөртөө тааруулж хууль батална, тэр хуулиа өөрөө өөртөө зориулж хэрэгжүүлнэ. Шаардлагатай бол өөрөө өөрийнхөө хэрэгжилтэд "хөндлөнгийн хяналт” тавина гэдэг гажиг тогтолцоо” хэмээх нь бий.
УИХ-ЫН ГИШҮҮД ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮН "ШАХАХ”-ЫГ ХААХ НЬ...
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд бас нэг сонирхол татаж буй зүйл нь УИХ сайд нарыг томилдог томилгооны эрхийг нь Ерөнхий сайдад шилжүүлж байгаа нь юм. Тодруулбал, 39.3 дугаар заалтад "Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийг дотор уг шийдвэрийг батламжилна” гэж өөрчлөлт оруулахаар санал гаргажээ.
Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг УИХ Ерөнхийлөгчийн барьцаанд орсон байдлаас чөлөөлөн бие даасан байдлаар ажиллуулах сайн талтай. Гэхдээ УИХ-ын гишүүн байхын нэг давуу тал нь сайд нарын томилгоонд оролцдог нь юм. Засгийн газар хараат бус ажиллах ёстой гэж ярьдаг боловч яг хэрэг дээрээ Засгийн газрыг УИХ дахь эрх баригчдын дундах фракц, бүлэглэлүүд хувааж авсаар ирсэн.
Тэд хүнээ хуваагаад эрх ашиг нь тохирвол сайд нарыг томилдог. "Ерөнхий сайд цагдаа нараа татахгүй бол бид Засгийн газраас фракцынхаа сайдуудыг татаж, Засгийн газрыг огцруулах чиглэлд явахаас өөр арга алга” гэсэн ярилцлага ч хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн өгөөд сууж байлаа шүү дээ. Салбаруудаа бүлэглэлүүд хувааж авсны дараа сонгуульд нь ажилласан, олон жил дагаж үнэнчээ баталсан, мөнгө төлсөн гээд зүйл бүрийн шалтгаантай хүмүүсээр төрийн албанд "шахаа” хийдэг.
"Бүх зам Ромыг чиглэдэг” гэдэгтэй адилхан бүх бизнес. ашиг орлого, ажлын байр саарал ордноор дамжих нь холгүй боллоо. Худаг гаргах ажил хийхээр биш хууль тогтоох дээд байгууллагад сонгогдож байгаагаа . нууж сонгогчдын өмнө лусын хааны дүрд тоглосоор ирсэн учраас энэ эрх мэдлээсээ УИХ-ын гишүүд салах дуртай байхгүй нь ойлгомжтой юм. Мөнхүү "гар харж” ажилладаг тойрон хүрээлэгчид, сонгогчид нь хумигдана гэдэг айдас дагалдаж таарна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ТОГТООХ ЭРХИЙГ ХАСАХ НЬ...
Манай практикаас харахад сөрөг хүчнээс Ерөнхийлөгч сонгогддог тохиолдол дийлэнх. Тиймээс Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх нь эрх баригчдын бодлоготой зөрчилдсөөр иржээ. Ерөнхийдөө манай улсын хувьд парламент эсвэл хагас Ерөнхийлөгчийн засаглалын аль хэлбэрээр явж байгаа нь ойлгомжгүй. УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нам өөрийн мөрийн хөтөлбөр, бодлогоо явуулахад нь Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх сөргөлдөөд байдаг талтай.
Өнөөгийн байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулга гурван удаа хориг тавьж, нэг удаа хуулийн төсөл санаачилсан боловч УИХ хүлээж авсангүй. Нэг нам хэт олонх байгаа болохоор хуулийн төслийг нь буцааж байна. Тэгвэл өмнөх Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд 63 хууль санаачлан 29-ийг нь батлуулсан байдаг.
Тэдэн дунд оюутнуудад cap бүр далан мянган төгрөг өгөх, олимп, дэлхийн медальтнуудад насан туршид нь цалин өгөх гэх мэт илт популизм хийсэн хуулиуд ч бий. Эдгээр нь улсын төсөв, Засгийн газрын үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг. Харин одоо яригдаж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах санал явж байгаа.
Нэг үгээр Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг хангагч, үндэсний соёл, зан заншлыг сахин хамгаалагч, төрийн бэлгэдэл, ноён нуруу байх үндсэн үүргээ л гүйцэтгэнэ гэсэн үг. Тэгвэл сүүлийн үед AH, МАН-ын аль алиных нь нөлөө бүхий гишүүд Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярих боллоо. Ийм үед Ерөнхийлөгчийн эрхийг хумих заалтууд дэмжигдэнэ гэдэг хүнд юм.
СӨРӨГ ХҮЧИН ХИЙГЭЭД ПАРЛАМЕНТАД СУУДАЛГҮЙ НАМУУД
Дээр дурдсан шалтгаанууд УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй эрх баригч намын гишүүд яагаад хойрго оролцох вэ гэдэгт гаргасан тайлбарууд. Тэгвэл сөрөг хүчний зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд мөн таатай хандахгүй байгаа. Тэд "Үндсэн хууль өөрчлүүлэхгүй, эрх баригчид олонхоороо түрэн Үндсэн хууль өөрчилж, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэх гэж байна" гэх утгатай үг унагах болсон.
Уг нь өнөөдөр яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтүүд 2015 онд АН төрийн эрх барьж байх үеийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй утга нэг юм. Хаврын чуулганы хугацаа богино. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл намрын чуулганд шилжлээ гэхэд батлагдах эсэх нь улам бүрхэг болох талтай. Сонгуулийн өмнөх жил өөрөө сөрөг хүчин хийгээд парламентад суудалгүй улс төрийн аль ч намыг эрх баригчдыг харлуулах ганцхан зорилготой болгодог.
Түүний дээр хууль санаачлах эрхгүй буюу парламентад суудалгүй намууд ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн эсрэг нэгдлээ. Тодруулбал, МАХН-аас боловсруулаад буй Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг парламентад суудалгүй бусад намууд дэмжихээ илэрхийлж санамж бичиг байгуулаад байна. Үүнийг илт улстөржилт гэж дүгнэж болох ч УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн төслийг батлах сонирхол багатай байгаа үед олон нийтээс дэмжихгүй байна гэдэг шалтаг болно. Ү
ндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл засаглалын гажуудлыг оношилсон боловч эрх ашгийн хэрээсэнд орж батлагдахгүй өнгөрөх байдал харагдаж байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт "тэг” зогсолт хийх нь ээ хэмээн дүгнэж болохоор байна.
Ж.БАЯР, ҮНДЭСНИЙ ШУУДАН
Сэтгэгдэл